СИНГАПУР: Хүн бүрээ орон сууцтай болгосон түүх

  • 2022-06-17 19:24:16

Сингапур нь жараад жижиг арлаас бүтсэн нийт 720 км квадрат талбайтай, 5.6 сая хүнтэй, хот улс. Хүн амын нягтаршлаар дэлхийд 2-рт, нэг хүнд ногдох ДНБ нь 106 мянган ам.доллар, дэлхийд 3-рт (IMF) ордог. 1963 онд Английн колонийг халж, тусгаар тогтносон энэ улс нэг хүний амьдралын хугацаанд ядуу, ялаа шумуулдаа баригдсан тосгоноос яаж өндөр хөгжсөн аж үйлдвэр, үйлчилгээний салбартай, 160 мянган тив дамжсан компанийн төв байрласан, дэлхийн санхүүгийн том төв болж чадсаны нууцыг олон судлаачид хайдаг. Хүн бүр өөрийн, тохилог орон сууцтай, дунджаар 84 насалдаг, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын түвшнээрээ дэлхийд тэргүүлдэг улс.

Хөгжлийн Сингапур загвар            

Сингапурын улс төр, эдийн засаг, нийгмийн тогтолцоо их өвөрмөц. Гадна талаас нь харахад бусад ардчилсан орнууд шиг олон намтай, сонгууль тогтмол явагддаг боловч 1959 оноос хойш ганцхан нам л (PAP-Peoples Action Party) үнэмлэхүй ялалт дандаа байгуулж ирсэн. Тийм ч учраас энэ улсыг дефакто нэг намын, авторитар тогтолцоо гэж үздэг. Эдийн засгийн хувьд чөлөөт худалдаа ноёрхдог мэт боловч, нийт газрынх нь 80 гаруй хувийг төр (Сингапурын газрын алба) эзэмшиж, нийт орон сууцны 80 хувийг төрийн өмчийн компани барьж, ашиглуулж, шинэчлэлийг нь хариуцдаг.

Сингапур загварын нууц нь нийтийг хувь хүнээс дээгүүр үздэг Күнзийн сургаальд үндэслэсэн Хятад маягийн төрийн алба. Нийтэд үнэнч, шударгаар үйлчлэх гэх ойлголт нь энэ сургаалийн үндэс. Эдүгээ хүн амын 40 хувь нь байнгын оршин суугч гадаадын хүмүүс ба үндсэн иргэдийнх нь гуравны нэг нь Хятад гаралтай учраас энэ бодлого амжилттай хэрэгжсэн гэж үздэг.

Төрийн алба нь чадварлаг, ёс зүйтэй учраас (авлига багатайгаар дэлхийд 3-рт ордог) нийгэм, эдийн засгийн бодлого, шийдвэрүүдээ хурдан гаргаж, маш сайн хэрэгжүүлж чаддаг. Сингапурын эцэг гэгддэг, 1959 оноос хойш тасралтгүй 31 жил Ерөнхий сайдаар ажилласан, Ли Кван Ю энэ бодлогоо “Бид төрдөө хамгийн чадварлаг хүмүүсээ ажиллуулдаг” гэж маш энгийнээр томьёолжээ.

Чадварлаг, ёс зүйтэй төрийн алба бүрдүүлж чадсаныг Сингапурын эдийн засгийг удирддаг хоёр том хөрөнгө оруулалтын корпорациас харж болно. Темасек холдинг (2019 оны байдлаар 313 тэрбум ам.долларын хөрөнгөтэй) ба Сингапурын төрийн хөрөнгө оруулалтын корпораци (Дэлхийн 8 дахь том баялагийн сан. 390 тэрбум ам.долларын хөрөнгөтэй) сангууд зөвхөн улс дотроо биш гадаадын олон оронд амжилттай хөрөнгө оруулалт хийж иржээ. Сингапур бол хөгжлийн онцгой загвар юм.

Сингапурын орон сууцжуулах бодлого                

Сингапур иргэдээ орон сууцжуулж чадсанаараа дэлхийд тэргүүлж байна. 1959 онд иргэдийх нь 9 хувь нь орон сууцанд амьдарч байсан бол одоо 90 гаруй хувь болжээ. Сингапурт орон сууцны 80-аад хувийг Орон сууц хөгжлийн зөвлөл (ОСХЗ) барьж, олгож, авч явдаг. Тус зөвлөл өдгөө нэг сая орон сууц бариад байна. Иргэд орон сууцанд орох боломжийг төрийн “Хуримтлалын төв сан” (энэ тухай дараагийн нийтлэлд гарна) олгодог.

ОСХЗ нь орон сууцжуулахдаа дараах дөрвөн зарчмыг баримталж иржээ. Үүнд:

  1. Орлогод нийцсэн байх
  2. Бэлэн байх
  3. Хүртээмжтэй байх
  4. Олон төрөлтэй байх

ОСХЗ нь орон сууцны хэлбэр хэмжээ, гадаад орчин, нийтийн хэрэглээ, шаардлагыг маш сайн төлөвлөдгөөс гадна, иргэдийн худалдах авах нөхцөл, боломжийг бүх талаар нь хангадаг. Тэдний орон сууц хувийн хэвшлийнхээс бараг 30 хувиар хямд. Мөн тэтгэврийн нэрийн данстай л бол урьдчилгаа төлбөргүй, орон сууцны зээл авах зэрэг олон боломжтой. Хамгийн гол нь анхнаас нь тухайн хотхоны биет болон нийгмийн дэд бүтцийг бүх талаас нь тооцон байгуулдаг. Төлөвлөлт хийхдээ ялгаатай орлоготой хүмүүс зэрэгцэн амьдрах, нийтийн тээврийн үйлчилгээг хангах, чанартай боловсрол олгох, эрүүл мэндийн үйлчилгээг хүргэх зэрэг бүх асуудлуудыг цогцоор шийдэхэд анхаарчээ.

2017 онд л гэхэд ОСХЗ-өөс 1.2 тэрбум сингапур долларын (1 ам.дол=1.4 синг.дол) орон сууцны тэтгэмж иргэддээ олгожээ. Тэтгэмж нь гурван төрөл байдаг.

  1. Нэмэгдүүлсэн орон сууцны тэтгэмж (Enhanced CPF Housing grant)
  2. Гэр бүлийн тэтгэмж (Family Grant)
  3. Ойролцоо (эх эцэгтэйгээ ойрхон байх) орон сууцны тэтгэмж (Proximity Housing Grant).

Анх удаа шинэ орон сууц худалдан авах гэж байгаа бол сарын орлогоосоо хамаараад доорх схемийн дагуу 80 мянган доллар хүртэлх хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлнэ. Харин хуучин орон сууц бол 120 мянган доллар хүртэл байдаг.

Зураг 1: Анх удаа байр худалдан авагчдад зориулсан тэтгэмж

Багийн (community) соёлыг бүтээх нь 

Малай, хятад, тамил үндэстнүүд өмнө нь арлынхаа өөр өөрийн хэсэгт тусдаа амьдардаг байжээ. 1960 оноос энэ байдлыг төрийн бодлогоор өөрчилсөн. Орон сууцны шинэ хороолол барих, орон сууцны өрөө, нийтийн эзэмшлийн талбай, байгууламжийн загвар, дизайныг гаргахдаа үндэстэн бүрийн хэрэгцээ, онцлог шаардлагыг тооцох болжээ. Орон сууцны хотхонуудад кампонг буюу айл хөршөөрөө хамтдаа хөгжилдөх, биеийн тамирын дасгал хийх, усанд сэлэх, хүүхдээ тоглуулах орчныг бүрдүүлдэг. Хоёрт орон сууцыг хуваарилахдаа үндэстэн, ястан бүрт квот өгдөг. Тэгээд тэдний хооронд хөршийн холбоо, харилцаа тогтоох хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Сингапур бол шинээр бүрэлдэн тогтсон үндэстэн.

Сингапур загвар Монголд хэрэгжих үү? 

Америкийн улс төр судлаач Фарийд Закариас анх удаа Сингапурт очоод буцахад нь Сингапур хөгжлийн загварыг юу гэж бодож байгааг нь асуухад ”Сингапур загвар гэх юм алга, зүгээр Ли Кван Ю л гэж байна” гэж хариулжээ. Тэрээр нэмээд “хөгжиж буй оронд хэрэв Ли Кван Ю байгаа бол, бушуухан л Сингапурын замаар явах хэрэгтэй” гэжээ. Сингапурын хөгжлийн загвар бол лидерээс хамааралтай тогтолцоо.

Монгол улсын хувьд нэг биш олон хүн хэлэлцэж шийддэг ардчилсан тогтолцоог нэгэнт сонгосон учир манай “Ли Кван Ю” нь бол үзэл бодлоороо эвсэн нэгдсэн, хүчтэй улс төрийн нам ба түүний нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн удирдагч байх юм. Өнөөдөр улс төрийн тийм манлайлагч хүчин Монголд хараахан бүрдээгүй байна. Гэхдээ Монголчууд алдаж онож яваа ч, тийм улс төрийн хүчнийг бий болгож чадах юм. Тэр явцад ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хувь хүний хариуцлага улам хөгжин бэхжиж Монголын хөрсөнд эргэж буцалтгүй шигдэн ургах юмаа.

Орон сууцжуулах тогтолцооны хувьд Сингапурынх манайд тийм ч сайн тохирохгүй. Гол шалтгаан нь газрын асуудал юм. Сингапурт 1966 онд Газар эзэмших хууль (Land Acquisition Act) гэж гарснаар төр нь иргэдээсээ оршин суугаа газруудыг нь нийтийн зорилгоор буцааж авах эрхтэй болсон. Энэ хууль хэрэгжсэнээр, өнөөдөр газрынх нь 80 гаруй хувийг төр эзэмшдэг болсон. Тэр нь иргэдээ нийтээр орон сууцжуулах төвлөрсөн тогтолцоо бүрдүүлэх үндэс болсон юм.

Газраа хувьдаа өмчилсөн, өмчлөх эрхийг нь хуулиар хамгаалсан ардчилсан Монгол улсад энэ нь хэрэгжих боломжгүй юм. Газар нутгийн хувьд ч, хүн амын нягтрал, түүхэн нөхцөл, соёл, зан заншлын онцлог гэх мэтээр бид тэднээс олон талаар тэс өөр учир дээрх тогтолцоо Монголд шууд тохиромжтой биш. Гэхдээ Сингапурын хөгжлийн загвар, тэр дотроо хот төлөвлөлт, орон сууцжуулах бодлогоос санаа авах зүйл багагүй бий. Тэр дотроос хамгийн чухал нь иргэдэд тэгш боломж олгох, орлогод нь таарсан орон сууцаар хангах, ялангуяа түрээсийн байрыг хүртээмжтэй болгох талаар олон зүйлийг судлаж, хэрэгжүүлэх боломжтой.

Эцэст нь төрийн албаны чадахуйцын (merit) тогтолцоог бүрдүүлэхгүйгээр ардчилсан орон, авторитар дэглэм ч амжилтанд хүрдэггүй ажээ.

Д.ЖАРГАЛСАЙХАН / @JARGALDEFACTO /

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: