Гаднаа гяланцаг, Дотроо паланцаг…

  • 2022-06-19 16:13:22

Зарим нэг барилгын компаниуд ашигаа урьтал болгож, аль болох л хямд, хурдан баригдах матeриал сонгож, жилийн 4-н улиралд амьдрах битгий хэл зуны борооны улиралд ч хэцүү юм барьдаг. Иргэд гаднаас нь өнгөц дүгнэхээсээ илүү чанар хийцлэлд маш онцгой анхаар‼ Ийм нэг иргэний жишээ байна. Чанаргүй матeриал, гадны тeхнологи хэт даган дууриаснаас болж ямар их хохирол амсч болдогийн тод жишээ. Иргэн Б 2017 онд нэгэн компаниар зуслангийн байшин бариулжээ.

Байшингийн дотор ханыг OSB хавтангаар хийж, дотуур нь гипсэн хавтагаар давхар доторлон, замаск хийсэн байдлаар хүлээн авсан аж. Гэвч байшиндаа ормогц нүд, хамар нь хорсоод байсан тул барилгын компаниасаа ямар шалтгаанаар ингээд байгааг тодруулжээ. Компанийн зүгээс “OSB хавтангийн үнэр ийм байдаг. Хэд хоног цонх, хаалгаа нээлттэй байлгавал үнэр нь арилна” гэсэн хариулт өгсөн байна. Хэлсэн ёсоор нь хэд хоногийн турш цонх, хаалгаа нээлттэй байлгасан ч хурц үнэр нь арилаагүй аж.
Ингээд барилгын материалаас ялгарах тэр үнэр эрүүл мэндэд нөлөөтэй эсэхийг тогтоолгохоор мэргэжлийн хяналтын байгууллагад хандсан ч энэ төрлийн бодисыг шинжлэх лаборатори байхгүй гэсэн хариу авчээ. Тиймээс хувийн/Ногоон титэм/ лабораторид хандаж, байшингийнхаа дотор агаарын чанарыг шинжлүүлэхэд формальдегид гэх бодис зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 30 дахин их илэрсэн байна.
Тухайн үед манай улсад дотоод орчны агаарын хүчинтэй стандарт байгаагүй тул 2014 оноос өмнө мөрдөгдөж байсан стандартыг үндэслэн 30 дахин их хэмээн тооцоолжээ.
Иргэн Б уг шинжилгээний хариугаа мэргэжлийн хяналтын байгууллагад үзүүлэхэд “Формальдигед гэх бодис нь хүний эрүүл мэндэд хортой” гэсэн дүгнэлт гаргасан байна. Ингээд тухайн дүгнэлтээ үндэслэн барилгын компанийг шүүхэд өгч, шүүхээс тухайн компаниас иргэнд хохирлыг нь нөхөн төлүүлэх шийдвэр гаргажээ.

“Энэ хугацаанд байшингийнхаа дотор ханыг хуулж, OSB хавтанг гарган, өөр материалаар доторлоход хурц үнэр арилсан. Шүүхийн шийдвэр гарсан хэдий ч хохирол нөхөн төлөхгүй байсан тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 2018 онд хандсан. Одоог хүртэл хохирлыг маань барагдуулаагүй л байна” хэмээн иргэн Б ярьсан юм.
Дашрамд хэлэхэд Формальдегид нь Олон улсын хорт хавдрын судалгааны агентлаг (International Agency for Research on Cancer – IARC)-аас гаргасан хорт хавдар үүсгэгчдийн нэгдүгээр ангилалд ордог аюултай хорт бодис юм. Удаан хугацааны туршид уг бодисоор амьсгалах буюу өртсөнөөр цусны хорт хавдар, хамар залгиурын хавдраар өвчлөх эрсдэлтэй болохыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас (World Health Organization – WHO) гаргасан тайланд дурджээ.

Уг бодис нь хамгийн түгээмэл тархсан органик бодисуудын нэг бөгөөд аж үйлдвэрлэлийн зориулалттай олон төрлийн химийн бүтээгдэхүүний найрлагад ордог.
1970-1990 онуудад дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад формальдегидийн хүний эрүүл мэндэд үзүүлэх хор хөнөөлийн талаар олон төрлийн судалгаа хийж, уг бодисын хэрэглээ болон ялгаралтыг бууруулах чиглэлээр шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлсээр байна. Тухайлбал, АНУ-д барилгын материал болон гэр ахуйн модон эдлэл, тавилгаас дотоод орчны агаарт ялгаруулж болох хамгийн дээд хэмжээг 0.016 ppm буюу 19 мкг/м3 байна гэж зааж өгсөн. Европын холбоо зарим төрлийн барилгын материал, бүтээгдэхүүний үйлдвэрлэлд формальдегидийг хориглосон бол Канад улс уг бодисыг хортой аюултай бодисын жагсаалтад оруулж, ялгаралтад нь хатуу хяналт тавьж ажиллаж байна.
Эх сурвалж: https://ikon.mn/opinion/1jkq

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: