Амины орон сууц худалдан авах болон бариулахдаа юуг анхаарах вэ?

  • 2022-06-19 16:15:16

        Иргэдийн зүгээс үл хөдлөх худалдан авах болон бариулахдаа газрын байршил, элит харагдах байдал, өрөөний зохион байгуулалт, хананы өнгө, цонх хаашаа харсан байх гэх мэтчилэн өнгөцхөн деталиуд дээр л сонголтоо хийдэг болохоор барилгын зарим нэг гүйцэтгэгч нар гоё хээнцэр нүдэнд тусах маркетинг хэрэгжүүлдэг.
Иргэд Барилгын аюулгүй байдал, материалын чанар, хийцлэл, газар хөдлөлтийн тэсвэрт байдал гэх мэт чухал зүйлүүдээ сонсох төдий л өнгөрөөдөг. Амины орон сууцыг их барилга шиг Онцгой болон Мэргэжлийн хяналт шалгаж хүлээж авдаггүй учраас хэн дуртай нь барилга барих нэрийн доор залилан луйвар хийх, чанаргүй хямдхан, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй материалаар байшин барьж иргэдийг хохироох үзэгдэл маш их гардаг. Тийм учраас иргэд маань барилгын суурь тавихаас эхлэн ажлын явц, чанарын хяналтыг хөндлөнгийн мэргэжлийн экспертүүдээр хянуулж, зөвлөгөө авах нь таныг болон таны үл хөдлөхийг эрсдэлээс хамгаална.

Хүний амьдралын хамгийн чухал хэрэгцээ бол орон байр гэдэгтэй хүн бүр санал нийлэх биз. Үл хөдлөх худалдан авахад тавигддаг олон арван шаардлага байдаг ч ихэвчлэн байршлаас нь шалтгаалж сонгодог. Мэдээж чанар болоод байршил аль аль нь чухал асуудал юм. Амины орон сууцны чанарыг барилгын гүйцэтгэгч компани, захиалагч талд даатгаад орхиж байгаа нь нууц биш. Үүнд төрийн төлөөллийн мэргэжлийн байгууллагаас гадна худалдан авч бариулж байгаа иргэн таны бидний оролцоо давхар хэрэгтэй байна.

Хүн бүрт барилгын талаарх энгийн ойлгоц, анхан шатны мэдэгдэхүүн зайлшгүй хэрэгтэй бөгөөд бид хувцас худалдаж авахдаа чанар чансааг нь харж авдгийн адил, насан туршдаа амьдрах орон байраа сонгохдоо зөвхөн гадна үзэмж байршил зэргийг онцлолгүйгээр чанарын асуудлыг нэн түрүүнд харах нь чухал юм. Иймд иргэд захиалагч, гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулахдаа барилгын материал, үндсэн хийц, өрөө тасалгаануудад нарны гэрэл тусах байдал, агаар сэлгэлт, гадна тохижилт, дотоод засалд юу ашигласан, наад зах нь засал чимэглэлийн материал нь ямар улсад үйлдвэрлэсэн, эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа эсэхийг шалгаж үзэх нь чухал.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: