Амины орон сууцныхаа төлөвлөлтийг зөв төлөвлөх нь

  • 2022-06-19 16:17:44

          Сүүлийн жилүүдэд иргэдийн хандлага орон сууцнаас илүү өөрийн газар дээрээ дэд бүтэц, халаалтаа шийдэж, цэвэр агаарт тав тухтай орчин бүрдүүлж, амины орон сууцтай болохыг илүүд үздэг болсон. Урин дулаан цаг ирж амины орон сууц барихаар төлөвлөж байвал одооноос бэлтгэл ажилдаа орох хэрэгтэй.
Иргэдийн зүгээс юун түрүүнд ямар хийцлэлтэй, ямар материалаар жилийн аль улиралд амьдрах хүсэлтэй байгаагаа тодорхойлох хэрэгтэй.

Төсөөллөө бодит болгох ажлаа цаасан дээр буулга.
Өөрийн хэрэгцээ шаардлага санхүүгийн боломжиндоо тохируулж, амины орон сууцны хийцлэлээ сонгох хэрэгтэй. Мэргэжлийн зураг төслийн компаниар өөрийн газрын онцлогт тохирсон зураг төслийн ажлаа хийлгүүлэхээс бэлтгэл ажил эхэлнэ. Амины орон сууцны төлөвлөлтийн чухал хэсэг бол өрөөний төлөвлөлт, талбайн хэмжээ, давхрын тоо, хана, шал, хучилтын бүтэц, ямар загвартай байх, гадна тохижилт зэрэг олон асуудлыг тодорхой болгох хэрэгтэй.

Хүмүүсийн нийтлэг гаргадаг алдаа бол зураг төсөл хийлгэхэд зардал өндөр учир түүнд зарцуулах мөнгийг барилга барихдаа нэмэрлэсэн нь дээр гэж бодон барилгын ажлыг шууд эхлүүлснээр дараах асуудлууд бий болдог.
Үүнд:
– Барилгын өртөг тодорхойгүй
– Барилгын загвар алдагдах
– Илүү зардал гаргах, цаг хугацаа алдах
– Чанар муутай барилга барих
– Төлөвлөлт оновчтой бус хэт жижиг, эсвэл том өрөөнүүд хийгдсэнээр тавилга байршуулахад төвөгтэй, стандарт бус болох
– Дулааны алдагдалтай барилга барих /халаалтын зардал өндөр гарах, тав тух алдах, өвөл амьдрах боломжгүй болох/
– Барилга суулт өгч, ан цав үүсэх
– Анх төсөөлснөөс өөр болох гэх мэт хүндрэлүүд бий болох бөгөөд зураг төсөл хийлгэснээр дээрх хүндрэлүүд үүсэх нөхцөлөөс урьдчилан сэргийлж чадна.

Барилга, архитектурын зурагт нь барилгын үндсэн хэмжээсүүд бүхий байгуулалт, огтлол, гадна нүүр талууд, хана суурь, хаалга цонхны хэсэглэлүүд, дээврийн байгуулалт огтлол, хаалга цонхны түүвэр зэргээс бүрдэнэ. Мөн гадна тохижилт, зам талбай, ногоон байгууламжийн зураг төсөл энэ хэсэгт хамаарна.
Барилга бүтээцийн зурагт хөрсний бүтэц нөхцөлөөс шалтгаалсан суурийн шийдэл, хана болон даацын бүтээцүүдийн зураг, давхар дундын хучилт, дээврийн байгуулалтын хийцлэл зэрэг нь байгуулалт, огтлолын зураг материалын түүвэртэйгээ багтана.


Халаалт, агаар сэлгэлтийн зурагт сонгосон халаалтын шийдлийн дагуу тооцсон халаах хэрэгслүүдийн байгуулалт, материалын түүвэр бүхий зураг байна. Агаар сэлгэлтийн хувьд амины орон сууцанд ариун цэврийн өрөө, гал тогооны өрөөнүүд л агааржуулалтын системийн схем бүхий түүвэр зураг байна.
Цахилгааны ажлын зурагт гадна, дотор холболтын байгуулалтууд, дотор гадна гэрэлтүүлэг, хүчит төхөөрөмжийн байгуулалт, дотор гадна шитний байрлал, материалын түүврүүд багтана.
Холбоо дохиололын зураг нь галын болон утаа мэдрэгч, хамгаалалтын дохиоллууд, дотор интернэт холбооны зураг төслөөс бүрдэнэ. Иймд насан туршийн үнэ цэнэтэй эд хөрөнгөө мэргэжлийн байгууллагт хандан төсөөллөө бодит болгож мөрөөдлийн амины орон сууцныхаа зургийг мэргэжлийн өндөр түвшинд хийлгээрэй.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: