Амины орон сууцны чанарын гол үзүүлэлт нь хөрсний онцлогтоо тохирсон суурь юм

  • 2022-06-19 16:19:20

            Эрхэм та амины орон сууцтай болохоор төлөвлөж байгаа бол анхаарлаа нааш хандуулна уу. Амины орон сууц нь орон сууцыг бодвол арчилгаа тордлого ихтэй тул барилгын гүйцэтгэлийн чанарт онцгой анхаарах хэрэгтэй.
Хамгийн түрүүнд байшин барих газраа маш сайн судлах хэрэгтэй. Барилгын чанарын гол үзүүлэлт бол суурь юм. Суурийн ажил эхлэхээс өмнө газрын хөрсний онцлогоо мэргэжлийн хүмүүст нь хандаж хөрсний шинжилгээ хийлгэх хэрэгтэй. Барилгын суурь тавигдах хамгийн сайн хөрс бол хадан хөрс байдаг. Харин хамгийн эрсдэлтэй хөрс бол намагтай, цэвдэгтэй газар юм.

Намагтай, цэвдэгтэй хөрсөнд агуулагдах шаварлаг болон хөрсний усны улмаас өвөл хөлдөж эзлэхүүнээ тэлж хавар гэсэж буцаад багасдаг. Ингэснээр таны амины орон сууцанд цууралт, хагаралт үүсдэг. Иймд энэ төрлийн газарт хөрөнгө оруулалт хийхээс татгалзах хэрэгтэй.
Иймд барилгын суурийг сонгохын өмнө хөрсний шинж чанар ба хөлдөлтийн гүнээс хамааруулан суурийн гүний хэмжээг урьдчилан тодорхойлж болно. Үүний тулд барилга барих талбайд 2-2.5м гүн цооног ухаж хөрсний бүтцэд судалгаа хийдэг.

Хөрсний даах чадварыг сайжруулах шаардлагатай бол суурийн доорх буурийг элс, хайрга, сайрыг үелж асган нягтруулж болно. Хөрсний гадаргуугийн ус сууринд орсноос муу нөлөө үзүүлдэг хөрс гэж байдаг. Эдгээр хөрс нь ус орж норсноос нягтарч суулт үүсгэх, хөлдсөнөөс овойлт үүсгэдэг гэх мэт шинж чанартай байдаг. Ийм хөрс таарсан тохиолдолд суурь орчмын хөрсийг солих, улмаар ийм хөрсний үйлчлэлээс сууриа хамгаалах арга хэмжээг авах шаардлагатай. Ингэхдээ суурийн дээгүүр болон улаар төмөр бетон, бүс бетон хийх, суурийн хажуу гадаргуутай нийлэх хэсгийн хөрсийг солих, хажуу гадаргууг чийг уснаас хамгаалсан халуун хар тосоор тослох зэргээр хамгаалах боломжтой.

Барилгын суурийн чанараас тухайн барилгын насжилт хамаардаг.
Барилгын ачааг хүлээн авч буурьт дамжуулах үүрэгтэй барилгын бүтээцийг суурь гэж нэрлэдэг. Суурийн доор гадаргууг түүний ул гэж нэрлэх ба улнаас газрын гадаргуу хүртэлх эгц босоо зайг суурь суулгалтын гүн гэнэ. Суурь суулгалтын гүн нь буурь хөрсний төрөл, шинж чанар, хөлдөлтийн гүн, хөрсний усны түвшин, уг барилга зоорийн давхартай эсэх, зэргэлдээх барилгын суурь суулгах гүн, суурийн ажил гүйцэтгэх арга зэргээс хамаарна.

Суурийн улны өргөнийг барилгаас ирэх ачаалал болон буурь хөрсний даах чадвараас хамааруулан сонгоно. Суурь нь эвдрэхгүй, улаараа гулсахгүй, онхолдохгүй байх шаардлагатай.
Сууринд орох үндсэн материал нь шаардлага хангахуйц бат бөх, нягт, ус үл нэвтрүүлэх, хөлдөлт болон химийн урвалд өртөхгүй өндөр чанар бүхий бетон, төмөр бетон юм.

Суурь:
Суурь нь барилгын даацын бүтээцийн үндсэн элементийн нэг юм. Хүчний үйлчлэлийг хүлээн авч бууринд дамжуулах үүрэгтэй. Суурийг бетон, тоосго, чулуу зэрэг материалаар хийнэ. Суурь нь хангалттай бат бэх, улаараа гулсалт үүсэхгүй, тогтвортой байхаас гадна, хөрсний ус болон хүйтэнд тэсвэртэй удаан жил ашиглах боломжтой байх шаардлагатай. Суурийн бүтээц нь дараах хэлбэртэй байж болно.
Шугаман суурь
Баганан ба аяган суурь
Үргэлж хавтан буюу нил суурь
Гадсан суурь гэж ангилдаг.
Шугаман суурийг барилгын гадна дотор хана болон зэрэгцээ тулгууруудын дор хэрэглэнэ.
Баганан суурь нь суурийн багана, дам нуруунаас бүрдэнэ. Суурийн дам нуруу нь түүн дээр үйлчлэх бүх ачааг хүлээн авч багананд дамжуулна.
Нил суурь нь бүхэл бүтэн барилгын доор үргэлж хавтан болон хавиргатай хавтан маягаар хэрэглэгдэнэ.
Гадсан суурь нь барилга байгууламжийн дор бүтэц султай, даац муутай хөрстэй үед төсөллөдөг гүн суулттай суурь юм.

Хөрсний онцлогтоо тохирсон суурийн хийцлэлээс сонгоорой.

Бүх төрлийн суурийг цэвдэг хөрсөнд 1 метрээс багагүй гүнд, гадсан суурийг 2 метрээс багагүй гүнд суулгана.
Ус чийгэнд норохоороо нэмэлт суулт үүсгэдэг хөрсийг суумтгай хөрс гэнэ. Суумтгай хөрсөнд барилгын суурийг дараах аргуудаас сонгож төсөллөнө. Үүнд:

o Суумтгай хөрсний давхаргыг урьдчилан нягтруулах
o Суурийн уланд том элс ба хайргаар дэр бэлтгэх
o Суумтгай хөрсний давхаргыг гадсан сууриар нэвтлэх
o Суумтгай ул хөрсийг давтан хонхойлж гарсан нүхэнд суурь цутгах
o Барилга угсралтын явцад болон ашиглалтын үед буурь хөрснөөс ус нэвчихээс хамгаалах
o Барилгын бүтээцийг нэмэлт суултанд тэсвэртэй төлөвлөх зэрэг болно. Иймд таны амины орон сууцны гол тулгуур даац болох суурийн хийцлэл, хөрсний шинжилгээгээ зөв тодорхойлуулах нь хамгийн чухал алхам юм.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: