Гадна тохижилтгүй байшин хувцас өмсөөгүй хүнтэй адил…

  • 2022-06-19 16:39:48

           Сүүлийн жилүүдэд иргэдийн хандлага эзэмшил газар дээрээ дэд бүтэц, халаалтаа шийдэж, орон сууцанд байгаа мэт тав тухтай орчин бүрдүүлэн амины орон сууцанд амьдрахыг илүүд үздэг болсон. Амины орон сууц нь орон сууцыг бодвол ашигтай талбай их, дээр нь газараа хүссэнээрээ тохижуулж, эрүүл эко амьдрах давуу талтай. Бидний хүргэх энэ удаагийн зөвлөгөө нь “Гадна тохижилт” сэдвийг хөндлөө. Та хичнээн сайхан байшинтай, газартай байлаа гээд орчны тохижилт байхгүй бол хувцас өмсөөгүй хүнтэй адил юм. Хог шороо, зэрлэг ургамалдаа дарагдан суугаа бол эрүүл мэндэд чинь төдийгүй таны үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ, амьдралын бүтээмжинд сөргөөр нөлөөлнө. Иймд та том ч бай, жижиг ч бай эзэмшил газартаа зөв төлөвлөлт хийж, зүгээр суулгүй хөдөлмөрлөж чадвал мөрөөдлийн орчноо бүрдүүлэн хайртай дотны хүмүүстэйгээ аз жаргалтайгаар сэтгэл хангалуун амьдрах үндэс болно.

Газраа тохижуулахын тулд мэдээж хэрэг нэн түрүүнд газраа цэвэрлэж, цэгцлэх хэрэгтэй. Хуучин хог хаягдал болон зэрлэг ургамлын үндсийг авах ёстой. Харин газрын хотгор, гүдгэрийг заавал тэгшлэх гэсний шаардлагагүй. Таны төлөвлөсөн зүйлд саад болоогүй л бол хэвээр үлдээх нь илүү донжтой харагдаж болох талтай. Төлөвлөлтөө гаргасан бол талбайдаа эхлээд ландшафтын хатуу элементүүдийг байршуулах нь зүйтэй. Үүнд, явган зам, гэрэлтүүлэг, сандал ширээ, саравч зэрэг болно. Ингэхдээ явган зам болон машины зогсоолыг хамгийн түрүүнд гүйцэтгэнэ. Байгалийн чулуу, асфальт, модоор гээд аль нь ч байж болно. Зуслангийн газарт чулуу илүү тохиромжтой.

Тухлан суух саравч, сүүдрэвч хийх бол мөн хийж гүйцэтгэх ёстой. Дундаж хэмжээтэй 3*3 хэмжээтэй саравч ойролцоогоор 3-4 сая орчим төгрөгийн зардал гарна. Байнга байх саравчнаас илүүтэйгээр байгалийн чулуун талбай бэлдэж түүн дээрээ ил гал түлэх зориулалт бүхий байхаар төлөвлөх нь илүүтэй шийдэл юм. Ингэснээр сүүдрэвчид суухыг хүссэн үедээ дэлгэж, бусад үед талбайг ашиглахын тулд хураах нь илүү зай талбай хэмнэсэн төлөвлөлт болно. Сүүдрэвчийг байшинтайгаа залгаж хийвэл илүү бага зардалтай.

Том газарт тохижилт хийж байгаа бол хүүхдийн тоглоомын талбайг орхигдуулж яагаад ч болохгүй. Нарлан суух талбайн чанх урд төлөвлөж өгвөл сайн. Тогоомууд модон байх нь хүүхдэд ээлтэй. Эсвэл хөнгөн маягаар элс асгасан талбай ч байж болно.

 

Та яагаад мод тарих хэрэгтэй вэ?
Мод тарих нь байгаль орчинд болоод хүний сэтгэл санаа, дурсамжид асар их эерэг нөлөө үзүүлдэг бөгөөд ач холбогдол, ашиг тусыг нь дурдаад байвал дуусахгүй юм.
Америкийн экологич Арт Плотникийн “Хотын модны ном” номонд мод тарих найман шалтгааныг дурджээ. Мод нь дуу чимээг бууруулж, хүчилтөрөгч ялгаруулж, нүүрстөрөгчийг хуримтлуулж, агаарыг цэвэршүүлж, сүүдэрлэн сэрүүн орчин үүсгэж, салхи болон хөрсний элэгдэл, бохиродолыг бууруулж, өмчийн үнэ цэнийг нэмэгдүүлдэг байна.
Мод тарих хугацаа нь хаврын улиралд 04.25-наас 05.25, намрын улиралд 09.20-ноос 10.10-ны хооронд байдаг.
Мод тарих нүхыг ухах, бэлдэх: Модны нүхийг ухаж бэлтгэхдээ угаас ул хөрстэй байдгийг харгалзан нүхний хэмжээг 70см-90см голчтой, 50см-80см гүнтэй нүхийг ухаж бэлтгэнэ. Хуучин шороог болж өгвөл хэрэглэхгүй байх нь чухал. Учир нь хуучин бохир, үржил шимгүй, бүтцээ алдсан шороо, хөрсний үүрэг гүйцэтгэж шинэ суулгацыг цааш ургаж төлжихөд хангалттай шим тэжээл өгч чаддаггүй байна. Иймд мод тарихад хэрэглэгдэх хар шороо, элс, 2-3 жил өнжсөн хөх бууц зэргийг бэлтгэх, мод тарих хүрз, жоотуу, шуудай, хувин зэрэг багаж хэрэгсэл, мод услах ус зэргээ бэлдсэн байх шаардлагатай.
Мод тарих нүхэндээ 50 хувьд нь хар шороо, 30 хувьд нь элс, 20 хувьд нь хөх бууц сайтар хольж хөрсөө бэлдэнэ. Бэлдсэн хөрсний гол хэсэгт модныхоо үндсийг тараан байрлуулж, шороогоор хучиж, гишиглэн шороог нягтруулж, агаар орохгүйгээр чигжиж өгнө. Тарьсан модны үндэс нугалараагүй шулуун, үндэсний үзүүр доош чиглэсэн байх ёстой. Тарьц, суулгацыгнүхний ёроолд хэтэрхий гүн суулгаж болохгүй. Модны үндэсний хүзүү нүхний ирмэгийн төвшнөөс 10-15 см доор байрлах нь зөв.

Мод бутаа 1-2 настай суулгацыг сонгох нь зүйтэй. Үндсийг гэмтээгээгүй мөн үндэсний шороо болон үндэс өөрөө хатаагүй байгаа эсэхийг сайтар шалгах ёстой. Модны захад байдаг бол гоёл чимэглэлийн болон жимсний бут сөөг суулгавал тохиромжтой.

Амьд хашлагыг мөн төлөвлөж өгөх нь маш сайхан харагдуулдаг. Амьд хашлагад манайхан шар хуайс болон хайсыг өргөн ашиглаж байна. Шар хуайсны өнгөлөг ногоон өнгөтэй навч нь жижиг зууван хэлбэртэй мөн шар жижиг цэцэг гардаг гоёл чимэглэлийн өндөр ач холбогдолтой сөөг юм. Иймээс үнийн хувьд харьцангуй үнэтэй. Хямд төсөр байдлаар гүйцэтгэх гэж байгаа бол тэхийн шээг тун тохиромжтой. Учир нь үнийн хувьд ялгаагүй ч, уртааш метрт суулгах тоо нь 3 дахин бага байдаг.

Үүний дараа зүлэгжүүлэлтийн ажлын хийнэ. Тухайн шавар байгалиасаа ширэгтэй бол түүнийг хуулах шаардлагагүй. Манайхан үр суулгавал илүү сайхан зүлэг гарна гэж бодоод байгалийн зүлгээ шатаасан байдалтай олон таарч байсан. Хэрэв зүлэггүй нүцгэн газар бол олон нас зүлэг суулгахыг зөвлөж байна.

Мөн цэцгийн мандлыг гайхалтай зохиомжлон хийвэл газар маань өнгө ороод л явчихна. Манай оронд 10 шахам төрлийн мандлын цэцгийг тарьж ургуулж байгаагаас хамгийн их хэрэглэгдэж байгаа нь “Хун” цэцэг юм. Хун цэцэг нь модорхог иштэй байдаг тул манай орны эрс тэс уух амьсгалд гайхалтай сайн дасан зохицож, ургадаг.

 

 
 

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: