Амины орон сууцны цахилгааныг хэрхэн аюулгүй, зөв төлөвлөх вэ?

  • 2022-06-19 17:09:34

        Амины орон сууцны цахилгааны зөвлөгөө: Байшин барихад нэн тэргүүнд дулаан бат бөх байх шаардлагатай бөгөөд удаах үндсэн шаардлага нь галын болон цахилгааны аюулгүй байдал юм. Ихэвчлэн ахуйн галын шалтгаан нь чанаргүй цахилгаан тоноглол болон утас, мэргэжлийн бус хүмүүсээр холбуулсан холболт, цахилгаан дамжуулах утасны даац хэтрүүлэлт, олон цахилгаан хэрэгслийг нэг утаснаас тэжээх, гал хамгаалагчийг буруу сонгох зэргээс үүдэлтэй байдаг.
Байшингийн цахилгаан хийхдээ нэн тэргүүнд унтраалга, розетка, гэрэлтүүлгийн тоог гаргах шаардлагатай. Гэрэлтүүлгийг ихэвчлэн таазанд байрлуулах ба ойролцоогоор 12м2 талбайд нэг ширхэг 100Вт гэрэлтүүлэгч байхаар тооцно. Жнь: 7:8м хэмжээтэй 56м2 байшинд 5 гэрэл байна гэж тооцно.

Өрөөний тоогоор унтраалга байх ба унтраалгыг хаалганы хажууд нугасны эсрэг талд шалнаас 1,2м-т хаалганы ирмэгнээс 10см-ээс багагүй зайд байрлуулна.
Розеткийг шалнаас 40см-т, гал тогооны розеткыг 1м-т байрлуулдаг бөгөөд нэг утаснаас 3 аас дээшгүй розеткыг зэрэгцээ холбож болно. Розеткыг ойролцоогоор 8м2 тутамд нэг байхаар тооцох бөгөөд цонхтой хананд розетка байрлуулдаггүй. Учир нь цахилгаан хэрэгсэлийн халалтаас үүдэж цонхны хөшигөнд гал авалцахаас сэргийлж байгаа хэрэг.
Эдгээрийг тооцож тоогоо гаргасны дараа цахилгаан дамжуулах утас болон гал хамгаалагчийг сонгох шаардлагатай. / Цахилгааны инженер, Техникийн ухааны магистр. А.Амарбаяр /

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: