Барилгын чанар, насжилтанд нөлөөлөх гол хүчин зүйлс…

  • 2022-06-19 17:21:26

            Барилгыг төмөр бетон караказ цутган босгож, тоосгоор эсвэл блокоор дүүргэж, бас бүрэн цутгаж барьдаг. Барилгын өндөр, дизайн зэргээс шалтгаалаад хийцлэл нь янз бүр байна. Гэхдээ ямар ч барилгын хувьд, арматур болон цементийн чанар онц чухал нөлөөтэй. Цемент буюу зуурмагны чанарыг зуурмаг ирэх болгонд дээж аван лабораторид шинжлүүлж чанарыг баталгаажуулсан гэрчилгээ авах учиртай. Захиалагчийн зүгээс тухайн барилгыхаа далд ажлын актаас нарийн мэдээллүүдээ харах боломжтой. Арматур ч мөн адил ямар барилгад ашиглахаас шалтгаалаад чанар нь харилцан адилгүй бөгөөд чанарыг нь мөн адил лабораторид шалгадаг. Тиймээс, сонирхсон эсвэл захиалсан үл хөдлөх хөрөнгийхөө арматур ба бетон зуурмагны чанарын шинжилгээний гэрчилгээтэй нь танилцаарай.
Бас нэг сонирхох учиртай зүйл бол цутгалт хийхдээ хэв хашмал ба тулаас ашигладаг эсэхийг асуугаарай. Цутгалтыг чанартай хийж, барилгын ажлыг хургадсгахад мөн байгаль орчинг сүйтгэдэгггүй зэрэг олон сайн тал тулаас, хэв хашмалд бий. Цутгалт хийх явцад бетоныг чичиргээнд оруулж, нягтаршуулдаг бөгөөд энэ үед хэв хашмал задрахгүй бат бөх байж, гажилтгүй байх учиртай.

БАРИЛГЫН МАТЕРИАЛ: Барилгын чанар материалын чанараас гэдэг маргаангүй үнэн. Жишээ нь энгийн стандарт барилгын хувьд голдуу 250 маркын бетон, 400 маркын арматур ашигладаг. Гэтэл өндөр зэрэглэлийн орон сууцны бетоны марк нь өндөрсөж, усны хамгаалттай болдог жишээ бий. Үүний үр дүнд, үндсэн хийцийн шинж чанар бат бөх болно. Дагаад бусад материалын чанар ч сайжирдаг. Нөгөөтэйгүүр, барилгын зураг төсөлд тусгасан бараа материалын чанарыг өртөг бууруулах үүднээс бараа материалын сонголт хийх үед бууруулах тохиолдол байдаг. Тиймээс зурган дээр зааж өгсөн материалын чанарыг бодит материалын чанартай харьцуулж хараарай. Мөн барилгад ашиглагдсан материалуудын мэдээллийг нийлүүлэгч байгууллагуудаас нь авсан ч болно.

Мөн ногоон барилгын стандартыг мэдэж байх хэрэгтэй. Гадна дотроосоо сайхан байшин байлаа гээд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байвал асуудалтай. Эко барилга нь барилга барьж эхлэхээс ашиглалтад орсны дараах бүхий л хугацааг хамарсан ойлголт. Хүний эрүүл мэнд, байгаль орчинд ээлтэй байх, нөөцийг үр ашигтай ашигласан байх, барилгын ажлын төлөвлөлт, архитекторын шийдэл хийхээс эхлээд барилгыг барих үйл явц, ашиглаж буй барилгын материал, барилгын дотоод, гадаад орчин зэргийг бүхэлд нь цогцоор нь авч үздэг.

1. Эрчим хүчний хэмнэлттэй
Барилгын хийцлэлийн хувьд дулааны алдагдал хамгийн бага байх, гэрэлтүүлэг болон бусад инженерийн том шугамнууд нь автомат байдлаар ажиллахаас гадна эрчим хүчний хэмнэлттэй, хэрэглээндээ таарсан байх хэрэгтэй.
2. Усны хэмнэлттэй
Сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий ухаалаг суултуур, далд бочки, холигч, шүршүүр зэрэг сантехникийн тоноглолууд нь усны нөөцийг хэмнэх боломж олгож байна.
3. Дотор агаарын чанар
Барилга доторх агаар сэлгэлт, цэвэршүүлэлт, хөргөлтийг шийдвэрлэсэн буюу агааржуулалтын системтэй байх шалгуурыг хангасан байх учиртай.
4. Тохиромжтой эргономик шийдэлтэй байх

Барилгын зураг төсөл гаргахдаа хүний ажиллаж, амьдрах тав тухтай орчин нөхцөл, нөөц бололцоог тооцоолон өрөөний зохион байгуулалт, барилгын орц гарц, явган хүний зам, ерөнхий төлөвлөлтөд зөв тусгасан байх шаардлагатай.
5. Эко барилгын материал, технологи ашигласан байх
Барилгад ашигласан материалууд хорт бодис, хүнд металлын агууламжгүй, эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхээргүй байх.
6. Стандартаар тогтоосон “Ногоон байгууламж”-тай байх
Барилга нь өөрөө хүний эрүүл мэндээс гадна байгаль орчинд сөрөг нөлөөгүй байх ёстой.

Барилгын суурийн чанараас тухайн барилгын насжилт хамаардаг.

Барилгын ачааг хүлээн авч буурьт дамжуулах үүрэгтэй барилгын бүтээцийг суурь гэж нэрлэдэг. Суурийн доор гадаргууг түүний ул гэж нэрлэх ба улнаас газрын гадаргуу хүртэлх эгц босоо зайг суурь суулгалтын гүн гэнэ. Суурь суулгалтын гүн нь буурь хөрсний төрөл, шинж чанар, хөлдөлтийн гүн, хөрсний усны түвшин, уг барилга зоорийн давхартай эсэх, зэргэлдээх барилгын суурь суулгах гүн, суурийн ажил гүйцэтгэх арга зэргээс хамаарна.
Суурийн улны өргөнийг барилгаас ирэх ачаалал болон буурь хөрсний даах чадвараас хамааруулан сонгоно. Суурь нь эвдрэхгүй, улаараа гулсахгүй, онхолдохгүй байх шаардлагатай.
Сууринд орох үндсэн материал нь шаардлага хангахуйц бат бөх, нягт, ус үл нэвтрүүлэх, хөлдөлт болон химийн урвалд өртөхгүй өндөр чанар бүхий бетон, төмөр бетон юм.

Суурь: Суурь нь барилгын даацын бүтээцийн үндсэн элементийн нэг юм. Хүчний үйлчлэлийг хүлээн авч бууринд дамжуулах үүрэгтэй. Суурийг бетон, тоосго, чулуу зэрэг материалаар хийнэ. Суурь нь хангалттай бат бэх, улаараа гулсалт үүсэхгүй, тогтвортой байхаас гадна, хөрсний ус болон хүйтэнд тэсвэртэй удаан жил ашиглах боломжтой байх шаардлагатай. Суурийн бүтээц нь дараах хэлбэртэй байж болно.

Шугаман суурь
Баганан ба аяган суурь
Үргэлж хавтан буюу нил суурь
Гадсан суурь гэж ангилдаг.
Шугаман суурийг барилгын гадна дотор хана болон зэрэгцээ тулгууруудын дор хэрэглэнэ.
Баганан суурь нь суурийн багана, дам нуруунаас бүрдэнэ. Суурийн дам нуруу нь түүн дээр үйлчлэх бүх ачааг хүлээн авч багананд дамжуулна.
Нил суурь нь бүхэл бүтэн барилгын доор үргэлж хавтан болон хавиргатай хавтан маягаар хэрэглэгдэнэ.
Гадсан суурь нь барилга байгууламжийн дор бүтэц султай, даац муутай хөрстэй үед төсөллөдөг гүн суулттай суурь юм.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: