Хашаандаа чанартай зам тавих стандарт…

  • 2022-06-20 16:02:49

Амины орон сууцанд амьдархаар шийдсэн бол зөвхөн байшин бариад л боллоо гэсэн хандлагаасаа татгалзах хэрэгтэй. Амины орон сууцыг сонгох шалтгаан нь хувийн орон зай буюу эзэмшил газараа хүссэнээрээ тохижуулж, эрүүл амьдарлын хэв маягийг бүрдүүлэх нь цогц бүтээн байгуулалт болно. Энэ удаагийн зөвлөгөө мэдээллийн сэдэв: Гадна тохижилт тэр дундаа зам талбай сэдвийг онцолж байна. Хашаан дахь саарал шорооноосоо салж, эдлэн газартаа эзэн шиг амьдараарай.

Тохижилтын ажлыг зам талбай тавихаас эхэлнэ. Зам хийх газрын доогуур инженерийн шугам сүлжээ хийх зорилгоор ухаад буцааж булсан газар бол уг газрыг дахин ухаж хөрсийг нь 30 см тутамт нягтруулан булах хэрэгтэй. Зам тавих газрын ургамлын үетэй өнгөн хөрсийг авч оронд нь хайрга дэвсэж өгвөл илүү бөх бат болдог. Хашаандаа зам тавих материал сүүлийн үед манайд харьцангуй сонголт ихтэй болсон. Үүнд: Бетоноор цутгах, асфальт, бетон цутгамал хавтан, бетон шахмал хавтан, байгалийн чулуун зам мөн бетоныг газар дээр нь хээ гаргаж хэвлэж, байгалийн чулуу мэт харагдуулдаг технологи ч нэвтрээд байна.

Эдгээр материал нь бүгд өөрийн давуу болон сул талуудтай байдаг. Жишээ нь: Чулуугаар зам хийхэд бат бөх, удаан эдэлгээтэй боловч бусад материалыг ашигласнаас харьцангуй үнэтэй болно. Бетоноор зам талбай хийхээр шийдсэн бол дулааны улиралд сайн чанарын буталж угаасан хайргаар цутгаж хийх хэрэгтэй. Бяцхан сануулга өгөхөд хаа сайгүй зардаг голын шавартай хайргаар бетон цутгавал нэгээс хоёр жилийн дараа хагарч бутраад, нөр их хөдөлмөр үгүй болж мэднэ. Үүний нэгэн адил гадуур элбэг зарагддаг явган замын бетон хавтан мөн адил хямд угаагаагүй хайргаар хийсэн бол хагарч бутардаг. Замыг эвддэг хамгийн гол зүйл бол ус байдаг. Иймд зам тавихдаа бороо, цасны усыг хэрхэн зайлуулах талаар сайтар бодож тооцоолох хэрэгтэй.

Төлөвлөлт: Төлөвлөж бодож хийсэн зүйл огт төлөвлөгөөгүй хийсэн зүйлээс ямагт илүү байдаг төдийгүй эдийн засгийн хувьд хэмнэлттэй байдаг. Ийм учраас юуны өмнө өөрийн байшингийн гадна тохижилтыг ямар байх талаар байшингаа барихаас ч өмнө цаасан дээр буулгаж, төлөвлөх хэрэгтэй. Төлөвлөхдөө газраа нарийн хэмжиж, зай талбайгаа тооцоолох нь зүйтэй. Ингэснээр таны хийх зүйлийн хэмжээ гарах төдийгүй үнэ өртгийн багцаа бий болох юм. Бүх зүйлийг өөрөө тооцоолоод хийж болох ч энэ чиглэлийн мэргэжлийн зураг төслийн компанид хандаж хийлгэвэл илүү тодорхой ойлгомжтой болно.

Зургийн дагуу байшингаа барьж дуусаад газар доогуурх инженерийн байгууламж шугам сүлжээгээ хийж дууссаны дараа гадна тохижилтын ажлаа эхлэх хэрэгтэй. Үүнд: Цэвэр бохир усны шугам, цахилгааны шугам, худаг, ус зайлуулах хоолой гэх мэт орох бөгөөд ингэх нь хийсэн зүйлээ эвдэж сүйтгэхгүй байх сайн талтай.

Гэрэлтүүлэг: Зам талбайгаа хийж дууссаны дараа гэрэлтүүлгээ суурилуулах хэрэгтэй. Гэрэлтүүлэг нь зам талбайд зориулагдахаас гадна байшин болон бусад тохижилтыг гэрэлтүүлэхэд ашиглавал үдэш орой илүү гоёмсог
харагдуулж тав тух, сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг. Харин гэрлээ сонгохдоо сүүлийн үеийн лед гэрэлтүүлгийг сонговол эдийн засгийн хувьд ашигтай төдийгүй удаан эдэлгээтэй байдаг.

Ногоон байгууламж: Дараагийн чухал ажил бол орчноо зүлэгжүүлэх, мод тарих. Зүлэг тарихаас өмнө модоо суулгах хэрэгтэй. Модыг үржүүлгийн газраас аваарай. Манайд гадуур худалдаалагдаж байгаа зарим суулгац зориулалтын бус аргаар уулнаас шууд авчиран, үндсийг нь гэмтээж, хатаачихаад зарж байгаа харагддаг.

Ийм мод ургах магадлал бараг үгүй юм. Учир нь модны үндэс доторх нарийн хялгасан үндсүүд нь хатсан тохиолдолд хөрснөөс шим тэжээлээ авч чадахаа больдог. Байшин барилга барихад орчны зүлэг талхлагдаж алга болдог. Хэрвээ сайн хөрстэй газар арчлаад дээгүүр нь явахгүй байвал буцаад амархан төлжинө. Хөрс муутай газарт зүлэг шинээр суулгахаас өөр сонголтгүй юм. Зүлэг шинээр тарихдаа юуны өмнө газрын өө сэвийг сайтар янзалж тэгшлэх хэрэгтэй. Гольфийн талбай ямар байдаг билээ. Яг түүн шиг тэгш, өө сэвгүй байх тусам гоё сайхан харагдахаас гадна зүлэг ногоо ч сайн ургана. Мөн хөрсөнд байгаа хуучин ургамлын үндсийг авахад илүүдэхгүй.
Энэ нь зүлэг тарьсан газарт элдэв хогийн ургамал ургахаас сэргийлнэ. . Манай орны нөхцөлд хүйтэнд тэсвэртэй олон наст зүлгийн үрийг сонгож, зааврын дагуу тарих хэрэгтэй. Түүнчлэн суулгах үр шинэ байх хэрэгтэй. Ямар ч зүлгийн үр олон жил хадгалж, он дамжих тусам соёолох чадвараа алдаж, ургац нь 30-40 хувь буурдаг. Зүлгээ зааврын дагуу тарьсны дараа хөрсөө нягтруулж өгвөл хожим нь хүн явахад хонхойж эвдэрдэггүй сайн талтай.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: