Уламжлалт аргаар зураг төсөлгүй мэдрэмжээрээ байшин барьдаг үе хоцрогдсон

  • 2022-06-20 16:19:17

Монголын Амины орон сууцны инновац хөгжлийн төвийн зөвлөх, Монгол Улсын Зөвлөх Инженер Б. Баярхүүг танилцуулж байна.
Боловсрол: 1979-1985 онд Эрхүү хотын Политехникийн дээд сургуулийг “Үйлдвэр, иргэний барилгын инженер” мэргэжил эзэмшсэн.

 2001-2002 онд Удирдлагын Академыг “Бизнесийн удирдлагын менежер” мэргэжилээр тус тус төгссөн.
 Барилгын инженерийн мэргэжил дээшлүүлэх шалгалтын тест боловсруулж, шалгалт 5 удаа авч байсан.
 1998 онд “Монгол улсын зөвлөх инженер”-ийн зэрэг авсан.

Барилгын салбарт 35 жил тасралтгүй ажиллах хугацаандаа:
• Том, жижиг 50 гаруй барилга, объектыг удирдаж буюу хамтран бариулсан (4-р цахилгаан станцын 4 тээрэм, салхивчийн суурь шинэчлэл, “Сэлбэ хотхон”, ЕТГ-ын албан хаагчдын 75 айл
• “Embassy tower” хотхоны 96 айл
• Төмөрбетон хийцийн 2 технологи (урьдчилан хүчитгэсэн арматуртай хучилтын хавтан, угсармал гараж)-ийг шинээр нэвтрүүлсэн.
• Гадаадын байгууллагатай хамтарсан 4 төсөл (УБ-ын нисэх онгоцны буудлын шинэчлэлт, “Нарны зам”, “Бороо гоулд” уурхай)-д оролцсон.
• Гадаад, дотоодын 15 төсөл (“Оюу толгой”-н 4 нийтийн байр, Хийн цэнэглэх станцын барилга, “DBP tower”-ын шинэчлэл, “Санчун” ХХК-ийн хөнгөн блокийн үйлдврийн төсөл гэх мэтчилэн олон томоохон төсөл хөтөлбөрүүд дээр зөвлөхөөр ажилласан туршлагатай.

Амины орон сууцны барилгын ажлыг эхлэхийн хамгийн чухал нь өөрийн төсөөлж буй барилгын зураг төслийг мэргэжлийн байгууллагаар хийлгэхээс эхлэнэ. Зураг төсөл гарсны дараагаар таны хүсч буй байшингийн төсөөлөл бодит болж, өөрийн санхүүгийн боломж, хүсэл шаардлагадаа нийцүүлсэн төлөвлөлт гарна. Аливаа ажил эхлэхийн өмнө төлөвлөгөө байхгүй бол ажил урагшилахгүйтэй адил байшингаа барихаасаа өмнө зурган дээрээ байшингаа бүгдийн тооцоолж тусгах хэрэгтэй.

– Газарзүйн онцлог
– Хөрсний бүтэц
– Хүсэл шаардлагадаа, хэрэгцээндээ нийцсэн зөв төлөвлөлт
– Материалын сонголт-мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах гэх мэт иргэд өөрсдөө барилгын анхан шатны мэдэгдэхүүнтэй болох нь оновчтой шийдвэр гаргахад нөлөөлнө.

Мөн ногоон барилгын стандартыг мэдэж байх хэрэгтэй. Гадна дотроосоо сайхан байшин байлаа гээд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гаднаа гяланцаг дотроо паланцаг байшин босвол асуудал араасаа дагуулж үргүй зардал гарсаар байх болно. Эрүүл мэнд, байгаль орчинд ээлтэй, ашиглалтын зардал багатай байх, нөөцийг үр ашигтай ашигласан байх, барилгын ажлын төлөвлөлт, архитекторын шийдэл хийхээс эхлээд барилгыг барих үйл явц, ашиглаж буй барилгын материал, барилгын дотоод, гадаад орчин зэргийг бүхэлд нь цогцоор нь авч үздэг.

Барилгын материал дээр төгс материал гэж байхгүй бүгд л өөрийн давуу болон сул талтай. Хамгийн чухал нь тухайн нөхцөл байдалдаа тохирсон шийдлийг л хийх хэрэгтэй. Барилгын насжилт суурийн чанартай салшгүй холбоотой. Хөрсний онцлогтоо тохирсон суурийн хийцлэл сонгох нь барилгын чанарыг уртасгана.

Өөрөө байшин барьж буй хүмүүс болон бригадаар хувь хүмүүсээр барилгын гүйцэтгэлээ хийлгэж байгаа бол зайлшгүй мэргэжлийн хүнээр хяналт тавиулах шаардлагатай. Ялангуяа барилгын ажлын суурь, өрлөг, дээврийн нарийн мэргэжил шаардсан ажлууд дээр чанар стандартын дагуу хийгдэж байх мэргэжлийн ур чадвар шаардсан ажлуудаа сайтар хяналттай байх нь таны барилгын чанарын баталгаа болно. Уламжлалт аргаар зураг төсөлгүй мэдрэмжээрээ байшин барьдаг үе бараг л байхгүй болж байна.

Батлагдсан зураг төслийн дагуу мэргэжлийн инженерээр гүйцэтгэлийн ажил зургийн дагуу явж байна уу гэдгийг хянуулах зайлшгүй шаардлагатай.

Мөн захиалагчдын зүгээс буюу гүйцэтгэгч компаниуд гэрээгээ маш тодорхой бөгөөд нарийн хийх хэрэгтэй. Яг хийгдэх ажлын жагсаалтийг нэг бүрчлэн лист үүсгээд гаргаад ирэхээр захиалагч хийсэн ажлын дагуу санхүүгээ гаргах, гүйцэтгэгч хийх ажлууд нь тодорхой илүү хариуцлагатай болно. Манайхны дутагдал аман байдлаар гэрээндээ зарим нэг ажлаа тусгаагүй байж ярилцаад гэрээлчихдэг, дараа нь энийг хийнэ гэсэн хийхгүй гэсэн гээд эцэст нь маргаан болж, шүүх дээрээ тулдаг. Иймд бүх юм маш тодорхой байх хэрэгтэй.

Монгол Улсын Зөвлөх Инженер Б. Баярхүү

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: