Амины орон сууцны суурийн ажилд дараах хүчин зүйлсийг анхаараарай…

  • 2022-06-20 16:53:59

Монголын Амины орон сууцны инновац хөгжлийн төвийн зөвлөх, Монгол улсын зөвлөх инженер Б. Баярхүүгийн зөвлөгөөг хүргэж байна.

Барилгын суурь нь дээрээс ирэх ачааг буурь хөрсөнд дамжуулан хуваарилж, барилгын тогтвортой байдлыг хангах үүрэгтэй хэсэг бөгөөд суурийг хэр найдвартай хийснээс уг барилгын бат бөх чанар, насжилт зэрэг шууд хамаардаг. Барилгын бусад хийц, хэсгүүд эвдэрч муудвал засахад харьцангуй бага зардал, ажиллагаа шаарддаг бол суурьт гарсан алдаа нь засахад үлэмж их зардал эрсдэл ихтэйгээс гадна бусад олон хэсгийн эвдрэлд хүргэх, тэр ч байтугай уг барилгыг ашиглах боломжгүй нөхцөлд хүргэх нь элбэг байдаг. Ийм учраас суурийг технологийн дагуу зөв, найдвартай, бат бөх хийхэд онцгой анхаарал хандуулах ёстой хамгийн чухал хэсэг юм!

Мэргэжлийн бус хүмүүс барилга барихдаа бусад хийцлэл, бүтээцлэлийн шийдэл, материал, загвар зэргийг өөрсдөө сонгож болдог шиг ямар суурь хийхээ сонгож болно гэж боддогт гол алдаа оршдог. Тэгвэл ямар суурь хийхийг сонгож авдаггүй, харин тухайн барилга барих талбайн хөрсний онцлог, газарзүйн байрлал, барилга архитектур-төлөвлөлт, бүтээц, санхүүгийн нөхцөл зэрэг олон хүчин зүйлд тохируулж хамгийн оновчтой хувилбарыг бодолцож суурийн ажлыг эхлүүлнэ.

Суурь хийхэд анхаарах хүчин зүйлсийг дурьдвал:

1. Инженер-геологийн судалгаа: Барилга барих талбайд мэргэжлийн байгууллагаар өрөмдлөг хийлгэж, хөрсний гүнээс дээж авхуулан, лабораторийн шинжилгээ хийлгэсний үр дүнд уг буурь хөрсний тухай цогц,тодорхой мэдээлэл авдаг. Үүнд:
• Хөрсний гүнд байрлах үе давхрагуудын тогтоц (үелсэн, цул, холимог, зузаан г.м)
• Бүтэц (ямар ангиллын хөрс болох)
• Физик механикийн үзүүлэлтүүд (үе тус бүрийн даац),
• Улирлын хөлдөлтийн гүн (суурийн ул суулгах гүн),
• Хөрсний дүгнэлт (овойлт, суулт, цэвдэгтэй, сул зэрэг),
• Хөрсний устай эсэх, түүний гүн, өндөрсөх магадлал, идэмхий чанар зэрэг болно.

Зайлшгүй шаардлагатай эдгээр мэдээлэлгүйгээр барилгын сууриа таамгаар хийх нь алдаа гаргах эрсдэлийг эрс өндөрсгөдөг тул инженер-геологийн судалгааг заавал хийлгэх шаардлагатай бөгөөд ингэснээр гарч болох асар их үргүй зардлаас урьдчилан сэргийлнэ.

2. Барилгын талбайн өндөржилтийн зураг: Талбайг нивелирдэж, дээр нь байгаа мод бут, судаг, шугам сүлжээ, барилга, зэргэлдээх хашаа, гудамж, зам зэргийн байрлалыг тогтоосны дүнд:
• Барилга баригдах хэсэг дэх өндрийн ялгаа (тэгш, налуу, хонхор, овгор эсэх),
• Барилга баригдах өндөржилтийн түвшин,
• Барилгын орц гарц,
• Орчны төлөвлөлт,
• Талбайгаас ус зайлуулах боломж, нөхцөл,
• Тухайн газрын усанд автах магадлал зэргийг тогтооно.
3. Архитектур төлөвлөлт, бүтээцлэлийн зураг: Барилгын зурагаа урьдчилан гаргаж, хана, хучилт, дээвэр зэрэг үндсэн хэсгүүдийн материал, бүтээцлэл шийдлийн сонголтод үндэслэн:
• Барилгад үйлчилж буй барилгын жин, тавилга, хүмүүс, цас, салхины зэрэг бүх ачааллыг цуглуулан суурь дээр үйлчлэх ачааны хэмжээг бодож гарган хамгийн их ачаалалтай бөгөөд барилгын нөхцөлийг төлөөлж чадах хэсгийг сонгоно.
• Барилгын газар дээрх хэсгийн хөшүүн чанарыг үнэлнэ,
• Цоколын өндрийг тогтооно.
4. Бусад хүчин зүйлс:
• Цаг уурын үзүүлэлтүүд,
• газар хөдлөлтийн балл,
• хөрш зэргэлдээ барилгын суурийн нөхцөлийг харгалзан үзэх шаардлагатай.
Дээрх бүх мэдээлэлд тулгуурлан суурийн бүтээцийн хоёроос дээш хувилбарыг сонгож дараахи схемээр харьцуулалт хийн эцсийн хувилбарыг сонгон авч тооцоо, зургийг гүйцээн хийнэ.

Зурагт суурийн хэмжээ, суулгах гүн зэргээс гадна ус болон дулаан тусгаарлалт, хаяавч, гадаргын уснаас хамгаалах арга хэмжээг нэмж тусгаснаар суурийн цогц шийдэл гардаг.
Ийнхүү мэргэжлийн байгууллагын оролцоотойгоор, батлагдсан нормын (БНбД-50-01-16: ”Барилга, байгууламжийн буурь, суурь”) дагуу суурийн шийдэл гаргах нь хамгийн эрсдэл багатай, найдвартай зам бөгөөд Таны байшин амжилттай баригдах эхлэл болж өгнө.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: