Хашаандаа явган зам хийх аргачлал

  • 2022-06-20 17:08:29

Гадна тохижилтын ажлыг зам талбай тавихаас эхэлнэ. Зам хийх газрын доогуур инженерийн шугам сүлжээ хийх зорилгоор ухаад буцааж булсан газар бол уг газрыг дахин ухаж хөрсийг нь 30 см тутамт нягтруулан булах хэрэгтэй. Зам тавих газрын ургамлын үетэй өнгөн хөрсийг авч оронд нь хайрга дэвсэж өгвөл илүү бөх бат болдог. Хашаандаа зам тавих материал сүүлийн үед манайд харьцангуй сонголт ихтэй болсон. Үүнд: Бетоноор цутгах, асфальт, бетон цутгамал хавтан, бетон шахмал хавтан, байгалийн чулуун зам мөн бетоныг газар дээр нь хээ гаргаж хэвлэж, байгалийн чулуу мэт харагдуулдаг технологи ч нэвтрээд байна.

Эдгээр материал нь бүгд өөрийн давуу болон сул талуудтай байдаг. Жишээ нь: Чулуугаар зам хийхэд бат бөх, удаан эдэлгээтэй боловч бусад материалыг ашигласнаас харьцангуй үнэтэй болно. Бетоноор зам талбай хийхээр шийдсэн бол дулааны улиралд сайн чанарын буталж угаасан хайргаар цутгаж хийх хэрэгтэй.

Бяцхан сануулга өгөхөд хаа сайгүй зардаг голын шавартай хайргаар бетон цутгавал нэгээс хоёр жилийн дараа хагарч бутраад, нөр их хөдөлмөр үгүй болж мэднэ. Үүний нэгэн адил гадуур элбэг зарагддаг явган замын бетон хавтан мөн адил хямд угаагаагүй хайргаар хийсэн бол хагарч бутардаг. Замыг эвддэг хамгийн гол зүйл бол ус байдаг. Иймд зам тавихдаа бороо, цасны усыг хэрхэн зайлуулах талаар сайтар бодож тооцоолох хэрэгтэй.

Төлөвлөж бодож хийсэн зүйл огт төлөвлөгөөгүй хийсэн зүйлээс ямагт илүү байдаг төдийгүй эдийн засгийн хувьд хэмнэлттэй байдаг. Ийм учраас юуны өмнө өөрийн байшингийн гадна тохижилтыг ямар байх талаар байшингаа барихаас ч өмнө цаасан дээр буулгаж, төлөвлөх хэрэгтэй. Төлөвлөхдөө газраа нарийн хэмжиж, зай талбайгаа тооцоолох нь зүйтэй.

Ингэснээр таны хийх зүйлийн хэмжээ гарах төдийгүй үнэ өртгийн багцаа бий болох юм. Бүх зүйлийг өөрөө тооцоолоод хийж болох ч энэ чиглэлийн мэргэжлийн зураг төслийн компанид хандаж хийлгэвэл илүү тодорхой ойлгомжтой болно. Зургийн дагуу байшингаа барьж дуусаад газар доогуурх инженерийн байгууламж шугам сүлжээгээ хийж дууссаны дараа гадна тохижилтын ажлаа эхлэх хэрэгтэй. Үүнд: Цэвэр бохир усны шугам, цахилгааны шугам, худаг, ус зайлуулах хоолой гэх мэт орох бөгөөд ингэх нь хийсэн зүйлээ эвдэж сүйтгэхгүй байх сайн талтай.

 
 

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: