Цэвдэгтэй, овойлт суулт өгдөг хөрсөнд ТИСЭ суурь хийх зөвлөгөөг хүргэж байна

  • 2022-06-20 17:15:29

Урин дулаан улирал эхлэхтэй зэрэгцэн бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөдөг. Ковидтой холбоотойгоор мэргэжлийн сургалт үйлчилгээг цахимаар авах шинэ горимд шилжээд байгаа билээ. Амины орон сууцны инновац хөгжлийн төвийн хамт олны санаачлагаар Монгол улсын зөвлөх инженерүүдийн туршлага ур чадварыг нэвтрүүлэх чиглэлээр дэргэдээ зөвлөх инженерүүдийн багтай хамтран ажиллаж байгаа билээ. Энэ удаагийн зөвлөгөө мэдээллээр барилгын чанарын гол үзүүлэлт болох ОХУ-д амины орон сууцанд өргөн хэрэглэдэг ТИСЭ суурийг хэрхэн хийх талаар Монгол улсын зөвлөх инженер Б.Баярхүүгийн бэлтгэсэн зөвлөгөөг хүргэж байна.

Монгол орны нөхцөлд АОС барих газар нь барилга барихад тэр бүр тохиромжтой бус намгархаг, овойлт, суулт өгдөг, цэвдэгтэй гэх мэт инженер-геологийн хүндрэлтэй нөхцөлд байх нь элбэгээс гадна эдийн засгийн хямралыг даган хүмүүс санхүүгийн боломж муудсанаас хэмнэлтийг алхам тутамдаа тууштай хэрэгжүүлэх шаардлага тулгарч байна.
Гэвч барилгын суурь нь хэр найдвартай хийгдсэнээс уг барилгын удаан эдэлгээ, бат бөх, тав тухтай байдал шууд хамаардаг хамгийн хариуцлагатай, чухал хийц тул хэмнэлт хийх, чанарыг хангах зорилтыг зэрэг шийдвэрлэх шаардлага тулгарч байгааг суурийн уламжлалт хийцүүд хангахгүй болж ирлээ.

Жишээ нь: Манай оронд өргөн тааралддаг овойлттой хөрсөн дээр барилга барихдаа суурийн улыг улирлын хөлдөлтийн гүнээс ( 2,5-3,5 метрээс) доош суулгах шаардлагатай. Баганан буюу шугаман суурийг ийм гүнд суулгахын тулд байгаль орчинд халтай, тусгай механизм, ажиллах хүч, цаг хугацаа ихээр шаардсан асар их газар шорооны ажлаас гадна материал зарцуулалт ихтэй нүсэр, үнэтэй суурь хийх болдог.
Тэгвэл эдгээр асуудлыг амжилттай шийдвэрлэсэн хийц бол “ТИСЭ” суурь бөгөөд 1997 онд Р.Н.Яковлев боловсруулж зохиогчийн гэрчилгээ авснаас хойш ОХУ-д АОС-ны барилгад маш өргөнөөр хэрэглэж байна.

ТИСЭ (Технология индивидуального строительства и экологии буюу Үл давтагдах барилга, экологийн технологи) суурь гэдэг нь дам нуруугаар холбогдсон өргөтгөсөн ултай цутгамал гадсан сууриуд юм. Гадсан суурийн ул хэсгийг өргөтгөж ухсанаар суурийн даацыг 3-6 дахин ихэсгэснээс гадна овойлттой хөрснөөс гадсан суурийг өргөгдөж сугарахаас сэргийлнэ. Энэ технологийн гол онцлог нь хөдөлмөр, материалын зардал бага, хэрэгжүүлэхэд энгийн, найдвартай байдал өндөр, намгархагаас бусад бүх төрлийн хөрсөнд, аль ч зориулалтын, ямар ч материалаар барьсан барилгад өргөн ашиглах боломжтойд оршино.

Цутгамал гадсан суурийн ул хэсгийг өргөсгөн хагас бөмбөрцөг хэлбэрийн таваг гарган хөлдөлтийн гүнээс доош суулгана. Холбоос дам нуруунуудыг газраас 10-20 см-ээс багагүй өндөрт хөндий цутгах буюу зөөлөн материалаар тэлэлтийн заадас хийнэ. Гадсан суурь болон холбоос дам нурууг заавал арматурлана. Гадсан суурийн багана хэсгийг цутгахаас өмнө хуйлсан хар цаасаар ус тусгаарлагч хийнэ

1.ТИСЭ (өргөсгөгч хутгыг авна) болон энгийн хийцийн гар өрмөөр, эсвэл цахилгаан, мото өрмийн аль нэгээр гадсан суурийн нүхийг улны түвшин хүртэл ухна.
Ухах явцад гарах гол хүндрэл нь том чулуу таарах бөгөөд түүнийг өөр багажаар авах буюу өөр газарт шинээр өрөмдөх аргаар шийдэнэ. Шавар ихтэй зууранги хөрсийг урьдчилж төмрийн өрмөөр хэд хэд өрөмдөж сийрэгжүүлээд дээр нь бага зэрэг ус нэмж зөөлрүүлнэ.

2. ТИСЭ өрөмд өргөгсөгч хутгыг угсарч, гадасны доод хэсгийг хагас бөмбөрцөг хэлбэртэй болгон өргөсгөж ухан таваг гаргаснаар гадсан суурийн газар бэлэн болно.
3. Гадсан суурийн тавгийг цутгасны дараа каркасан арматур, хуйлсан хар цаасан ус тусгаарлагч цамцыг нүхэнд байрлуулаад гадсыг тооцоот түвшинд хүртэл гүйцээж цутган, бетоныг гүний доргиураар нягтруулна.

Гадсан суурийг заавал арматурлаж, ус тусгаарлагч хийхийн зорилго нь гадсан суурийн даацыг нэмэгдүүлэхээс гадна хөрсний овойлтын үед үүсэх шүргэгч хүчийг багасгах, уг хүчний улмаас үүсэх суналтын хүчний үйлчлэлээр гадасны таваг тасрахаас сэргийлнэ. 10-12 мм голчтой 3-4 ширхэг арматурыг хөндлөн хомоор багцлан боож, суурийг голлуулан байрлуулна. Арматурын үзүүрүүдийг сууриас дээш 30 см гаргах бөгөөд дараа нь холбоос дам нуруунд оруулан цутгаснаар 2 элементийн холбоос найдвартай болно.

Хөрсний ус ойрхон, сул хөрстэй газарт нүх ухсаны дараа түүнийг нурахаас өмнө амжиж аль болох хурдан цутгах хэрэгтэй.

2. Холбогч дам нуруу (ХДН) цутгах

Технологи ажиллагаа нэг бүрийг тоочилгүйгээр анхаарах зарчмын гол асуудлыг дурдвал:
А. ХДН-г доорхи хөрс нь хөлдөж овойхдоо өргөхөөс сэргийлж тэдгээрийн хооронд 10 см-ээс багагүй зайг үлдээх буюу зөөлөн материал (ихэвчлэн бага нягттай полистирол хавтан)-аар тэлэлтийн заадас гаргана.

ХДН-г газраас 10 см-ээс багагүй хөндий цутгана.

ХДН, газрын хооронд полистирол хавтангаар тэлэлтийн заадас хийсэн нь

Б.Холбоосыг илүү найдвартай болгох зорилгоор гадсан суурийн оройг ХДН-руу 5-7 см оруулж цутгана.
В. ХДН-уудын уулзварыг аль болохоор гадсан суурийн дээр тааруулна.

Г. ХДН-г Ф10 мм – 8 ширхэг, Ф12 мм- 6 ширхэг, Ф14 мм- 4 ширхэг арматурын аль нэгийг дээд, доод ирмэгээс 2-3 см зайд байрлуулан, Ф8 мм хөндлөн хомыг 25-30 см зайтай уяж каркас болгон арматурлана. Каркас, хэвний хооронд 2-3 см зузаан чулуу, бетон ивж арматурын хамгаалалтын үеийг гаргаж өгнө.

ХДН-уудын уулзварт арматурыг 20-30 см зөрүүлж нугалах буюу 40-60 см арматурыг нугалж, давхарлаж боон хүчитгэнэ.

Д.ХДН-ын өндрийг модон ханатай барилгад 20 см, тоосго, блокон ханатайд 40-60 см хийнэ. Өргөнийг ханын зузаанаас хамааруулж сонгоно.
Г.ХДН-ыг М250-300 бетоноор сайтар нягтруулж, таслалгүй цутгана. Бетоны чийгийг хадгалах, хасах хэмтэй үед хөлдөлтөөс хамгаалах арга хэмжээг авна.

3. ТИСЭ суурийн давуу болон сул талууд
1. Давуу талууд:
• Материалын зардал уламжлалт хийцийнхээс 3-4 дахин бага,
• Технологи энгийн, хөдөлмөр зарцуулалт бага тул мэргэжилтэн шаардахгүй, хүнд машин механизм, нарийн багаж шаардахгүй тул богино хугацаанд, чанартай гүйцэтгэх боломжтой (нүх ухагч болон ул өргөсгөгч багажийг өөрсдөө хийж болно.

•Өргөсгөсөн улны талбай энгийн гадасныхаас 4-6 дахин их тул даац өндөр, илүү найдвартай.

• Намгархаг хөрснөөс бусад бүх төрлийн хөрсөнд, газар хөдлөлийн бүсэд, цэвдэгтэй, хөрсний устай газарт ашиглах боломжой,
• Хөрсийг буцааж булах, нягтруулах шаардлагагүй тул ашиглалтын явцад хүндрэл гардаггүй, (харин суурийг гадаргуугийн уснаас хамгаалж хаяавч заавал хийнэ),
• Газар шорооны ажил хийж хөрсний байгалийн бүтцийг эвддэггүй, өндөр ХДН хийсэн тохиолдолд ургамлын үеийг хуулах шаардлагагүй тул экологид ээлтэй,

2. Сул талууд:
• Ухалтын явцад нурж болох намгархаг, шинэхэн асгаас зэрэг сул хөрс, том чулуутай хөрсөнд ашиглах боломжгүй
• Хэт налуу газарт ашиглахад хүндрэлтэй,
• Зоорийн давхар хийхэд төвөгтэй (суурийг зоорийн ханын доор хийнэ)
• Өндөр ХДН-тай сууринд шороо дүүргэж, шал цутгах боломжгүй тул хучилт, дулаалга хийхэд нэмэлт зардал шаардагдана.

Дүгнэлт:

ТИСЭ суурь нь эдийн засгийн өндөр хэмнэлттэй, найдвартай байдал, хүнд механизм, мэргэжилтэй ажилтан шаарддаггүй энгийн технологитой, богино хугацаанд барих боломжтой, байгальд ээлтэй зэрэг олон давуу талаараа шалгарч ОХУ-д маш өргөнөөр ашиглагдаж байгаа бөгөөд энэхүү бэлэн технологийг амины орон сууцны барилгад нэвтрүүлэхэд ямар нэг саад тотгор байхгүй тул өргөнөөр сурталчлан таниулж, нэн яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Монгол улсын Зөвлөх инженер Б.Баярхүү

 
 

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: