Чанартай суурь хийхийн тулд хөрсний онцлогоо мэдэх аргачлал

  • 2022-06-20 17:34:17

Суурь нь барилгаас ирж буй ачааллыг буурь хөрсөнд дамжуулан хуваарьлаж барилгын тогтвортой байдлыг хангах, уг байдлаа цаг уур, ус чийг зэрэг гадны хүчин зүйлийн өөрчлөлтийн нөлөөнд урт хугацааны туршид хадгалах хоёр үндсэн үүрэгтэй. Эхний үүрэг нь буурь хөрсний эсэргүүцлийн хүч нь барилгаас үзүүлж буй ачааллаас их, өөрөөр хэлбэл хөрсний тооцооны эсэргүүцэл (R0) нь суурийн улнаас буурь хөрсөнд үзүүлж буй хүчдэлээс их байхад хангагддаг.
Суурийн хоёр дахь үүрэг буюу тогтвортой байдлыг байнга хадгалах нөхцөлийг бүрдүүлэх нь хамгийн чухал, мэдлэг, туршлага, анхаарал шаарддаг асуудал бөгөөд үүнийг бүрэн шийдээгүйгээс суурийн эвдрэл гардаг.

Барилгаас ирж буй ачааллыг сууриар дамжуулан хүлээн авч байгаа хөрсийг буурь гэнэ. Түүний бүтэц, шинж чанар нь тухайн газар, хэсэг тус бүрт өөр байхаас гадна улирал, цаг агаар, ус чийг, гадны үйлчилгээ зэргээс хамаарч өөрчлөгдөж байдаг бөгөөд тогтвортой, бат бэх суурь барихын тулд эдгээр өөрчлөлтийг урьдчилан мэдэж, зохих хариу арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай болдог.

Буурийг бүтцээр нь хадан, хайрган, сайрган, элсэн, шавранцар, шавар, химэрлэг гэсэн үндсэн ангилалд хуваахаас гадна мөнх цэвдэгтэй, лаг шавар, шим гарлын (хүлэржсэн), асгаас хөрс байдаг.
Барилгад эвдрэл, гэмтэл учруулдаг буурийн өөрчлөлт хөдөлгөөнийг дотор нь суулт (бүтцийн өөрчлөлт гарахгүйгээр шахагдаж нягтрах), нэмэлт суулт (бүтэц нь өөрчлөгдсөнөөс), өргөлт, агшилт (чийгийн хэмжээнээс хамаарч хөөх, агших буюу хөлдөлт, гэсэлтээс болж өргөгдөж, бууж эзлэхүүнээ өөрчлөх), гадаргуугын суулт, хэвтээ шилжилт зэргээр ангилна.

Амины орон сууцны инновац хөгжлийн төвийн зөвлөх, Монгол улсын зөвлөх инженер Б. Баярхүүгийн зөвлөгөөг хүргэлээ.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: