Таны амины орон сууцанд ямар суурь тохиромжтой вэ?

  • 2022-06-20 17:42:13

Монголын Амины орон сууцны инновац хөгжлийн төвийн зөвлөх, Монгол улсын зөвлөх инженер Б. Баярхүүгийн зөвлөгөөг хүргэж байна.

Амины орон сууцны хийцлэлийн хамгийн чухал хүчин зүйл бол суурь юм. Суурь нь барилгаас ирж буй ачааллыг буурь хөрсөнд дамжуулан хуваарьлаж барилгын тогтвортой байдлыг хангах, уг байдлаа цаг уур, ус чийг зэрэг гадны хүчин зүйлийн өөрчлөлтийн нөлөөнд урт хугацааны туршид хадгалах үндсэн үүрэгтэй. Амины орон сууц барихаар төлөвлөж байгаа бол газрынхаа хөрсний онцлогийг мэргэжлийн байгууллагаар нь дүгнэлт гаргуулж, тохирох суурийн хийцлэлээ сонгоорой. Барилгын насжилт сууриас шууд хамааралтай.

Суурийн төрөл, хэрэглэх хүрээ: Барилгын суурийг бүтээцээр нь шугаман, баганан, хавтан, гадсан (шон) хэмээх 4 гол төрөлд, суулгалтын гүнээр нь бага болон гүн суулттай гэж ангилна.

ГҮН СУУЛТТАЙ СУУРЬ

1. Шугаман суурь: улны талбай ихтэй тул даац сайтай, гүйцэтгэх технологи ажиллагаа энгийн тул хамгийн өргөн хэрэглэгддэг суурь юм. Бага эсвэл гүн суулттай байдаг.
Гүн суулттай шугаман суурийн улыг улирлын хөлдөлтийн гүнээс доош суулгадаг тул тогтвор, даац сайтай, сул хөрсөнд өргөтгөсөн ултай хийж болдог. Ямар ч хүнд барилгад хэрэглэж болдог, зоорийн давхар хийх, налуу газарт ашиглах боломжтой зэрэг давуу талтай боловч зардал болон ажиллагаа маш өндөр, хөрсний устай үед ус тусгаарлалт хийх шаардлагатай зэрэг сул талтай. Угсармал буюу цутгамал бетон эсвэл бутобетон материал ашиглана.

2. Баганан суурь: Багана хэлбэрийн тусдаа байрлах тулгуур хийцүүд бөгөөд шугаман суурийг материал хэмнэх үүднээс тасалж хийсэн хэлбэр ч гэж тооцох нь бий. Даац нэмэгдүүлэх зорилгоор ихэвчлэн өргөсгөсөн ултай байдаг бөгөөд гол хэсэг болох баганыг бетон, төмөрбетон, бутобетон, мод, тоосго, бетон дүүргэгчтэй хоолой зэргээр хийдэг.
Материал зарцуулалт шугаман сууриас 3-5 дахин бага, хялбар технологи, налуу газарт ашиглах боломжтой, газар шорооны ажил бага, хурдан хийгддэг зэрэг давуу талтай ч даац бага, жигд бус суулт өгөх магадлалтай тул ихэвчлэн хөнгөн, жигд бус суултад тэсвэртэй материалан ханатай буюу арагт бүтэцтэй барилгад ашигладаг, хэвтээ чиглэлийн үйлчлэлд тогтвор муутай учир хөшүүн холбоос дамнуруу шаарддаг, зоорийн давхар хийхэд хүндрэлтэй зэрэг сул талтай.

3. Гадсан суурь: Газарт цохиж зоох, эсвэл өрөмдөж цутгах замаар суулгасан гүн суулгалтын шон тулгуур хийцүүд бөгөөд хадан хөрснөөс бусад бүх төрлийн хөрсөнд, налуу газарт ашиглах боломжтой, хямд зардалтай, газар шорооны ажил бараг гардаггүй давуу талтай ч холбоос дамнуруу хийх, цоколь битүүлэх шаардлагатай болдог сул талтай. Шилжилтэд мэдрэмтгий материалаар хана өрөх бол жигд бус суултыг уусгаж тэгшитгэх зорилгоор холбоос дамнурууг илүү өндөр хөшүүн хийнэ.

Дотор нь зоомол болон цутгамал, шурагт суурь гэж ангилна.

Зоомол гадсан суурь нь үйлдвэрт бэлтгэгдсэн төмөрбетон гадсан шонгуудыг тусгай техник ашиглан хөрсөнд цохиж суулган, оройг нь холбоос дамнуруугаар холбосон хийц юм.
Энэхүү суурь нь усанд ханасан, намгархаг, суумтгай сул хөрстэй газарт ашиглахад хамгийн үр дүнтэй бөгөөд барилгын ачааллыг сул даацтай үеийг нэвтлэн илүү даацтай, суулт багатай нягт хөрсөнд дамжуулдаг. Ийм суурийг тулаас суурь гэнэ.
Даац нь хажуу ханын үрэлтийн болон улны тулаас хучнээс бүрддэг суурийг дүүжин суурь гэх бөгөөд үеүүд нь жигд даацтай хөрсөнд хэрэглэнэ.
Энэ суурь нь даац өндөртэй, материалын зардал, газар шорооны ажил бага, богино хугацаанд, аль ч улиралд, ямар ч хөрсөнд хийж болдог, давуу талтай ч цохиж зоох тусгай техник монголын зах зээлд ховор, гадсан шонг үйлдвэрт бэлтгэх шаардлагатай, өргөх тээвэрлэх механизм шаарддаг, өртөг өндөр байгаагаас өргөн хэрэглэгдэхгүй байна.

  • 4. Цутгамал гадсан суурь нь: өрөмдсөн нүхэнд арматур суулган, газраас дээш тооцоот өндөр хүртэл бетон цутгаж тэгшилсний дараа тогтвор болон хөшүүн байдлыг нэмэгдүүлэх зорилгоор холбоос дамнуруугаар холбосон хийц юм. Тулах талбай нь бага, жигд бус суулт өгөх магадлалтай тул хөнгөн буюу жигд бус суултад тэсвэртэй модон, арагт бүтээцэд голлон ашиглана. Материал, хөдөлмөр зарцуулалт бага, гүйцэтгэх технологи энгийн, налуу газарт ашиглах боломжтой, тусгай техник шаарддаггүй давуу талтай.
    Нүхийг ухахдаа овойлтоос үүсэх шүргэгч хүчний үйлчлэлийг багасгах зорилгоор ханыг аль болох өөгүй шулуун ухах шаардлагатай. Мөн суулт өгөхөөс сэргийлж улны сул шороог бетон цутгахаас өмнө сайтар цэвэрлэнэ.
    Овойлтоос сэргийлэх зорилгоор холбогч дамнурууг газраас 10 см хөндий цутгана.
    Энэхүү суурийн нэг төрөл нь “ТИСЭ” суурь бөгөөд түүний онцлог нь суурийн улны шороог тусгай өрмөөр өргөтгөн ухаж, хагас бөмбөрцөг хэлбэрийн таваг гаргаж цутгахад орших бөгөөд ингэснээр суурийн даац 3-6 дахин нэмэгдэхийн зэрэгцээ овойлтын улмаас суурь газраас өргөгдөж гарахаас сэргийлнэ.

     

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: