Хадан болон хайрга, сайрган хөрсөнд тохирох суурийн шийдлүүд…

  • 2022-06-20 17:49:55

Манай орны эрс тэс уур амьсгалын нөлөөгөөр газрын хөрс хөлдөж, гэсэх үед түүний шинж чанар, хэлбэр хэмжээ даган өөрчлөгдөж байдаг бөгөөд суурийн үүрэг нь эдгээр өөрчлөлтийг тэсвэрлэж, барилгыг тогтвортой байлгахад оршдог. Хөрсний эдгээр өөрчлөлт дотроос хамгийн түгээмэл тохиолддог бөгөөд аюултай нь хөрсний овойлт буюу хөлдөхдөө тэлж дээш өргөгдөх үзэгдэл юм. Энэ үзэгдэл ихэнх хөрсөнд тохиолдох бөгөөд түүнийг нөхцөлдүүлж байдаг хоёр хүчин зүйл нь ус хүйтэн байдаг.

Хадан болон хайрга, сайрган хөрс нь ус татаж шингээх нь бага тул овойлт үүсгэдэггүй бол нарийн элс, шавранцар, шавар хөрс нь нарийн капилляр сүвээрээ усыг хүчтэй татаж шингээснээр хамгийн их овойлт өгдөг.
Овойлтын эсрэг хамгийн найдвартай арга бол суурийн улыг улирлын хөлдөлтийн гүнээс доош суулгах байдаг хэдий ч энэ нь асар их материал, техник, ажиллах хүчний зардал шаарддагаас өндөр үнэтэй, байгаль орчинд халтай арга юм. Зардал бууруулах зорилгоор суурийн улыг бага гүнд, хөлдөлтийн бүсэд суулгадаг бөгөөд ийм суурийг бага суулттай суурь гэнэ.

Овойлтын эсрэг арга хэмжээ

Уснас хамгаалах: Хөрсний чийг их байх тусам овойлтын хэмжээ их байдаг тул даралт хүлээн авч байгаа буурь хөрсийг чийгнээс хамгаалахын тулд:
• Барилга руу гадаргын ус орохооргүйгээр өндөр төлөвлөх, ус зайлуулах шуудуу, налуу төлөвлөх,
• Барилгын эргэн тойронд дулаалга, ус тусгаарлагчтай хаяавч хийх,
• Суурийн босоо болон хэвтээ ус тусгаарлагч хийх,
• Суурийн ул, хажуу хөндийд ус шүүрүүлэх хайрга эсвэл том ширхэгтэй элсэн чигжээсийг үечлэн нягтруулж хийх,
• Суурийн улны ус урсгалаар зайлах боломжгүй үед шүүрүүлэн зайлуулах шугам хоолой (дренаж) барилгын эргэн тойрон хийнэ.
Хүйтнээс хамгаалах арга хэмжээ: үүний зорилго нь хөлдөлтийн муруйг суурийн ул хүртэл өргөхөд оршино. Дулаан барилга доорхи буурь хөлдөхгүй боловч хаяанаас хүйтэн орж, суурийн улны буурь хөлддөг. Үүнийг дулаалгатай хаяавч хийж шийдвэрлэнэ.

Графикаас үзэхэд хаяавч хэдий чинээ өргөн, дулаалгын полистирол хавтан хэдий чинээ зузаан байх тусам хөлдөлтийн муруй төдий чинээ дээр байна. Жишээ нь: Улирлын хөлдөлтийн гүн H=3 м, хаяавчийн өргөн d=1 метр, дулаалгын зузаан b=10 см үед хөлдөлтийн муруйн К=0.15, хөлдөлтийн муруйн гүн: h=НхК=3х0.15=0.45 метрт байна.

Суурийн хажуу хөндийг хайрга эсвэл том ширхэгтэй элсэн чигжээсээр дүүргэж өгснөөр овойлтоос үүсэх босоо шүргэгч хүч болон хананд үйлчлэх хэвтээ даралтыг эрс бууруулдаг.
Эдгээр арга хэмжээ нь шугаман болон хавтан сууринд хамааралтай болно. Суурийн босоо гадаргууд, шалны доор дулаалга хийснээр хөлдөлтийн муруй доошлох боловч барилга нь эрчим хүчний хэмнэлттэй, дулаан, тохитой болдог.

Бага суулттай суурийн төрлүүд


Эдгээр суурийг тэгш газарт, зоорийн давхаргүй, намхан цоколтой барилгад хэрэглэнэ.
Шугаман суурь: нь даац сайтай хөшүүн тул ямар ч барилгад тохиромжтой. Өндөр нь 60-90 см тул заавал арматурчлах шаардлагатай. Огтлол нь голдуу тэгш өнцөгт ба “Т” хэлбэртэй байдаг. Өнгөн хөрс ихэвчлэн органик хольцтой, сүвэрхэг, даац багатай байдаг тул суурийн улыг 40 см-ээс багагүй гүнд суулгах шаардлагатай.

Баганан суурь: Овойлтгүй, хөрсний ус улнаас 1,5 метрээс доор, хуурай хөрсөнд ургамлын хөрсийг хуулж, үндсэн хөрсөнд суулгана. Бетон, тоосго, мод, чулуун материалаар хийдэг, ус тусгаарлалт, барилгын эргэн тойрон хаяавч, холбоос дамнурууг заавал хийх хэрэгтэй. Даац бага, жигд бус суулт өгөх магадлалтай тул хөнгөн, жигд бус суултад мэдрэг бус ханатай барилгад хэрэглэхэд тохиромжтой, эсрэг тохиолдолд өндөр, хөшүүн холбоос дамнуруу хийх шаардлагатай болдог.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: