Суурь бол барилгын зүрх нь: Стандартад нийцсэн суурь хийх аргачлал

  • 2022-06-20 17:57:02

Ямар суурь хийхийг бид өөрсдөө сонгодоггүй, харин буурь хөрснийхөө шинж чанар, газрын нөхцөлд тохируулж хамгийн үр дүнтэй, хямд хувилбарыг шилж авдаг. Үүний тулд барилга барих талбайнхаа инженери-геологийн шинжилгээг заавал хийлгэж, буурь хөрсний талаархи цогц нарийн тодорхой мэдээлэлтэй болох шаардлагатай.
Хөрсийг лабораторит шинжлэхгүйгээр ямар хөрс болохыг ямар ч туршлагатай инженер тодорхойлж чадахгүй тул түүний зөвлөгөө нь багцаагаар, эцсийн хариуцлага хүлээх чадамж, баталгаатай шийдэл бус зөвхөн зөвлөмж хэлбэртэй байдаг.

Хажуу айл ингэж хийгээд болчихсон, хамгийн сүүлийн үеийн шинэ технологи, тэр инженер, эрдэмтэн зөвлөснийг интернет, ном, сэтгүүлээс уншсан, хамгийн хямд, найдвартай гэх мэт шалгуураар сууриа сонгох нь маш том төөрөгдөл, эрсдэл учруулна. Учир нь хамгийн сайн, төгс, универсиал суурь гэж байдаггүй!

Инженер геологийн шинжилгээгүйгээр сууриа сонгох нь хоолныхоо хэмжээг мэдэхгүйгээр давс хийхтэй адил бөгөөд суурийг барилгадаа тааруулах нь аз мэдсэн хэрэг болно. Илүү хийвэл алдагдал, дутуу хийвэл алдаа, эрсдэл маш өндөр. Суурийн хэмжээг тааруулах нь эхний алхам боловч суурийг хөрс, цаг уурын нөхцөлд тогтвортой байлгах нь түүнээс ч илүү ярвигтай бөгөөд ихэнх эвдрэл энэ шалтгаанаар гардаг. Суурь дээр гарсан алдааг засах нь инженер геологийн шинжилгээ хийлгэх зардлаас хавьгүй өндөр байдаг.
Барих барилгынхаа сууриас дээшхи хэсгийн архитектур төлөвлөлт, бүтээцийн шийдлийг эцэслэн гаргаж, материалуудаа эхний байдлаар сонгосон байх нь суурь дээр ирэх ачааллыг тооцоход зайлшгүй шаардлагатай.
Энэ ачааллыг хөрсний даацтай харьцуулан тооцож, суурийн хэмжээ, оновчтой төрөл, нэмэлт арга хэмжээг сонгоно. Хөрсний даац хүрэхгүйн улмаас сонголт биелэгдэхгүй тохиолдолд хана болон бусад хийцийн материал, бүтээцийн шийдлийг солиод хөрсний даац барилгын ачааллаас их болох нөхцөл биелэгдэх хүртэл хэд дахин тооцож эцсийн шийдэлд хүрдэг.
Барилгын зураг төслөө урьдчилан гаргах нь төсөв мөнгө, ажиллах хүч, материал татан авалтаа төлөвлөх, ажлаа алдаа гаргалгүй, цаг тухайд нь дуусгахад ч чухал тустай.

Суурийн шийдлийг гаргасны дараа технологийн дагуу зөв гүйцэтгэхэд дараахи зүйлийг анхаарай:

• Суурийн улан доор болон хөндийд ургамлын үе, сул сэвсгэр, хөлдүү хөрс үлдээлгүй авна.
• Хэв хашмалын хэмжээг зурагт заасны дагуу нарийн гаргах: Эсрэг тохиолдолд илүү материал зарахаас гадна, хана өрөх, цокол өнгөлөх үед засвар хийх шаардлага гардаг.
• Арматурыг шаардлагатай хэмжээгээр хийгээгүйгээс хэв гажилт, эвдрэл үүсдэг тул тооцоот буюу хүчитгэх арматурыг заавал хийх (суурийн хөндлөн огтлолын талбайн 0,1 %-иас багагүй)
• Арматурыг суурийн дээд, доод ирмэгт аль болох ойр байрлуулах, ингэхдээ хамгаалалтын бетон үеийг газартай харьцаж байгаа доод хэсэгт 7 см, бусад хэсэгт 3 см-д гаргана. Уулзвар, булангуудад арматурыг
заавал 20 см-ээс багагүй нугалж зөрүүлэх, эсвэл мөн хэмжээний нэмэгдэл арматур тавьж хүчитгэж өгөх,
• Бетоныг аль болох үйлдвэрийн зуурмагаар, гүний доргиур тавьж нягтруулан, тасралтгүй цутгах, усыг ууршуулахгүй, хөлдөөхгүй байлгах арга хэмжээ авах
• Угсармал эдлэлээр суурь өрөхдөө босоо заадсыг эдлэлийн уртын гуравны нэгээс багагүй хэмжээгээр зөрүүлж гаргах
• Суурийн босоо болон хэвтээ ус тусгаарлалтыг чанартай хийх
• Элс, хайрган дэвсгэр хийх, суурийн хөндийг буцаан дүүргэхдээ 10 см үе тутамд доргиож нягтруулах шаардлагатай болно.

Эцэст нь дүгнэж хэлэхэд: суурь бол барилгын зүрх нь! Түүнийг найдвартай сайн хийхгүйгээр Таны барилга бат бөх болох үндэс байхгүй тул дээд зэргийн хүч анхаарал тавьж, зардал хэмнэхгүйгээр хичээвэл зохино. Суурин дээр гаргасан хэмнэлт нь сууриас болж гарсан алдааг хэзээ ч нөхөж чаддаггүй гэдэг хатуу үнэнийг байнга санаж ажиллахыг хүсье!
Монгол улсын зөвлөх инженер Б. Баярхүү

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: