Барилгын инновацийн шийдлийг хэрхэн үнэлэх вэ ?

  • 2022-06-20 18:52:30

Барилгын чанарыг таньж болох бас нэг шалгуур бол тус материалуудын инновацилаг шинж чанар буюу дэвшилтэт технологийг шингээсэн эсэх байдаг.
Сүүлийн үеийн төслүүд инновац, хэмнэлтийг бий болгосон шийдлүүдийг тусгаж эхэллээ. Ариун цэврийн өрөөний тоноглол нь уламжлалт шийдлүүдтэй харьцуулахад 20-30% усны хэмнэлттэй байх дэвшилтэт ухаалаг технологиуд бий болсон.

Энэ нь хэрэглээгээ тохируулдаг ухаалаг мэдрэгчтэй бөгөөд усыг багаар эсвэл ихээр шахах сонголттой, усаа шахахдаа хуйлруулж, хөөсрүүлж, цэвэрлэх хурдыг богиносгосон шийдлүүд юм. Ариун цэврийн өрөөний суултуур, угаалтуур зэрэг нь нян тогтоодоггүй нано бүрхүүлтэй, ионжуулагч бүхий ариутгагчтай болж шинэчлэгдсэн нь оршин суугчдын эрүүл мэндэд тустай бөгөөд ус болон цэвэрлэгээний зардлыг хэмнэж байна.

Мөн технологийн дэвшлийг ашигласан аюулгүй байдлыг хангах, оршин суугчдын алтан цагийг хэмнэсэн шийдэл нь барилгын салбарт өргөнөөр нэвтэрч байна. Жишээлбэл: Домофоноор гэрт хэн ирж байгааг харах боломж нь ердийн хэрэглээнд тооцогдох болж гар утаснаасаа хөшиг гэрлээ удирдах, лифт дуудах, гадна камерыг хянах, эрчим хүч, дулаан зарцуулалтыг ухаалгаар удирдах, цахилгаан болон аюулгүй байдалтай холбоотой хамгаалалтууд гэх зэргээр гэрээ бүрэн удирдан хянах болсон.

Мөн барилгын нийт насжилтын хугацаанд гарах зардлыг авч үзвэл барилгыг барих үеийн зардал 25%, харин 25-30 жилийн хугацаанд амьдрах ашиглалтын зардал 75% байдаг. Барилга дэд бүтцийн төслийг анх барих өртгөөр нь тооцож бодохоос гадна тус обьектын ашиглалтын үеийн өөрийн өртгийг давхар тооцоолох хэрэгтэй байдаг. Тухайн барилгыг барихаас эхлээд ашиглалтад орсны дараах хэрэглээний зардал, хэр зэрэг үр ашигтай ажиллаж байгааг тогтмол хянах BMS, BIM гэх мэт барилгын программ хангамжууд хэрэглэгдэх болсон. Өөрөөр хэлбэл сантехник, цахилгаан, агааржуулалтын хэвийн ажиллагаа, тэдгээртэй холбоотой хэрэглээг нэгдсэн байдлаар хянах боломжтой юм. Энэ нь эргээд урт хугацаандаа оршин суугчийн хэрэглээний зардлыг хэмнэхээс гадна байгаль орчинд ээлтэй шийдэл юм.

21-р зууны иргэд бид байгаль орчиндоо ээлтэй амьдрах нь бидний хойч үедээ өвлүүлэн үлдээх хамгийн том хөрөнгө оруулалт юм.
Ирээдүйд удаан хугацаанд хэрэглэгчид өгөх үнэ цэнэ, сэтгэл ханамж нь ямагт ашигласан материалын чанар болон технологитой л холбоотой байдаг.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: