Суурийн ажил эхлүүлэхэд газрын хөрсөө сайн судлах хэрэгтэй

  • 2022-06-17 19:33:57

       Барилга бүтээн байгуулалтын ажил эхлүүлэхэд хамгийн чухал зүйл бол тухайн барилга барих газрын онцлогийг мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авч, суурийн хийцлэлээ сонгон, барилгын ажлаа эхлэх нь маш чухал. Зарим иргэд мэдлэг мэдээлэлгүйгээс болж намагтай, цэвдэгтэй газар амины орон сууц барьж эд хөрөнгөөрөө хохирох асуудал түгээмэл байдаг. Иймд та амины орон сууц барихаар төлөвлөж байгаа бол газрынхаа онцлогийг сайн судлаарай.

Тухайн барилгын бүх ачааг хүлээн авч буурь буюу газарт дамжуулах үүрэгтэй барилгын бүтээцийг суурь гэнэ. Суурийн доор гадаргууг түүний ул гэж нэрлэх ба улнаас газрын гадаргуу хүртэлх эгц босоо зайг суурь суулгалтын гүн гэнэ. Суурь бол барилгын нэгэн элемент болох бөгөөд түүний хийц хэлбэр хэмжээ нь тухайн барилга барих газрын хөрснөөс хамаарна.

Суурь нь барилгын даацын бүтээцийн үндсэн элементийн нэг юм. Хүчний үйлчлэлийг хүлээн авч бууринд дамжуулах үүрэгтэй. Суурийг бетон, тоосго, чулуу зэрэг материалаар хийнэ. Суурь нь хангалттай бат бэх, улаараа гулсалт үүсэхгүй, тогтвортой байхаас гадна, хөрсний ус болон хүйтэнд тэсвэртэй удаан жил ашиглах боломжтой байх шаардлагатай. Суурийн бүтээц нь дараах хэлбэртэй байж болно.

  1. Шугаман суурь
  2. Баганан ба аяган суурь
  3. Үргэлж хавтан буюу нил суурь
  4. Гадсан суурь гэж ангилдаг.

Шугаман суурийг барилгын гадна дотор хана болон зэрэгцээ тулгууруудын дор хэрэглэнэ.

  • Баганан суурь нь: суурийн багана, дам нуруунаас бүрдэнэ. Суурийн дам нуруу нь түүн дээр үйлчлэх бүх ачааг хүлээн авч багананд дамжуулна.
  • Нил суурь нь бүхэл бүтэн барилгын доор үргэлж хавтан болон хавиргатай хавтан маягаар хэрэглэгдэнэ.
  • Гадсан суурь нь барилга байгууламжийн дор бүтэц султай, даац муутай хөрстэй үед төсөллөдөг гүн суулттай суурь юм.
  • Шугаман суурь: Хананы доор ажиллах учир хэлбэрийн хувьд хамгийн энгийн байдаг. Суурийн өргөнийг хананаас арай өргөн байхаар төлөвлөнө.

Тэгш өнцөгт огтлолтой суурийг барилгын ачаа бага, хөрсний даац харьцангуй өндөр байх үед хэрэглэнэ. Гэхдээ гол төлөв буурь дээр ирэх ачаа хөрсний норматив даралтаас хэтрэхгүй байх шаардлагаар суурийн улыг өргөсгөнө. Өргөн ултай суурийн огтлол нь трапец байж болно. Суурийн улны өргөнийг сонгохдоо суурийн бүтээц бүхэлдээ гулзайтад ажиллахгүй байхаар бодож сонгодог. Шугаман суурины дэвсгэрийг ихэвчлэн хөрсний хөлдөлтийн гүнээс 20 см дор байхаар хийдэг. Хуурай болон элсэн хөрсөнд суурийг хөлдөлтийн гүнээс дээр тавьж болох бөгөөд гэхдээ газрын хөрснөөс 50-70 см -ээс багагүй гүнд байна.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: