Эрчим хүчний хэмнэлттэй, ногоон амины орон сууцны сургалт, судалгааны төвтэй болно

  • 2024-05-09 18:21:38

        “Монголын амины орон сууцны инновац хөгжлийн төв” НҮТББ нь “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”, “Уур амьсгалын өөрчлөлтөд Монгол Улсын оруулах хувь нэмэр” зэрэг үндэсний хөгжлийн тулгуур баримт бичгүүдтэй уялдуулан Алсын хараа-2050, “Шинэ сэргэлтийн бодлого-д” тусгагдсан хот суурин газрын төвлөрлийг сааруулах, дагуул хот, шинэ суурьшлийн бүс байгуулах зорилтын хүрээнд байгаль орчинд ээлтэй ногоон хөгжлийг эрхэмлэсэн , эрчим хүчний хэмнэлттэй ногоон барилгын стандартад нийцсэн, хүлэмжийн хийн ялгаралыг бууруулах чиглэлийн төсөл хөтөлбөрүүдийг шат дараатай хэрэгжүүлсээр ирсэн.

Монгол улс нь дэлхийн 170 гаруй орны хамтаар Парисын хэлэлцээрт нэгдэж, дэлхийн дулаарлыг бууруулах, хүлэмжийн хийн ялгарлыг багасгах чиглэлд үүрэг хүрээсэн байдаг. Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, шингээлтийн зөрүүг ойртуулж, 2050 он гэхэд “ Тэглэх” зорилт тавин ажиллаж байгаагаа мэдэгдсэн юм. Монгол Улсын ялгаруулж буй хүлэмжийн хэмжээ дэлхийн нийт хүлэмжийн хийн ялгарлын 0,1 хувийг эзэлдэг. Монгол улс нь барилгын салбарт л гэхэд 231 мянган тонн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахаар амлалт өгсөн.  Мөн Засгийн газраас барилгын дулаан алдагдлыг 2030 он гэхэд 40 хувиар бууруулах стратегийг тодорхойлсон байдаг. Иймд эдгээр хүлээсэн үүрэгийг хэрэгжүүлэхэд бодитой алхам хийх нь чухал юм. Нэн ялангуяа Монгол улсын барилгын салбарт ногоон шилжилт хийх зайлшгүй шаардлагатай. Өвөлдөө агаарын бохирдлоос үүдэлтэй цар тахал, дулааны улирал эхлэхээр хөрс агаар орчны бохирдол зэрэг нь иргэдийн эрүүл амьдрах нөхцөл, байгаль экологи, эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл нь маш ноцтой байдалд хүрээд байна.

“Монголын амины орон сууцны инновац хөгжлийн төв” НҮТББ нь иргэд болон төсөл хэрэгжүүлэгчид, гүйцэтгэгч нарт эрчим хүчний хэмнэлттэй ногоон барилгын талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, дэлхийн дулаарлын эсрэг тогтвортой хөгжлийн зорилтод нийцсэн төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх тал дээр нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол улсад “ Эрчим хүчний хэмнэлттэй, ногоон амины орон сууцны сургалт, судалгааны төв”-ийн барилгын нээлтийг тун удахгүй хийх гэж байна. Энэхүү төв нь эрчим хүчний өндөр хэмнэлттэй "А" ангилалын барилгын эрчим хүчний гэрчилгээтэй бөгөөд МУ-н барилгын салбарт ногоон барилгын технологийг нутагшуулж буй хамтрагч байгууллагуудын дэвшилтэт технологийг шингээн барьсанаараа онцлогтой. Тус төвийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Гандангийн дэнжид барьж, барилгын явц дуусах шатандаа орж, 5 сардаа багтаан ашиглалтанд орох гэж байгааг дуулгахад таатай байна. 

   Тус төв нээгдсэнээр эрчим хүчний хэмнэлттэй, ногоон амины орон сууцны дэвшилтэт технологиудын бодитой судалгаа, дата мэдээлэл, практик сургалтууд, төвийн эрчим хүчнээс хамааралгүй, амины орон сууцанд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэвтрүүлэх, эрчим хүчний хэмнэлттэй дулаан алдагдалгүй чанараар баталгаажсан, гэрчилгээжсэн амины орон сууц төлөвлөх зэрэг эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцтай холбоотой бүхийл үйлчилгээг нэг дороос хэрэглэгчдэд ойртуулж, ногоон амины орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх юм.

 

 

 

 

 

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: