Хямралын үед баримтлах менежмент

  • 2020-03-26 16:59:13

Хямралын менежмент бол хямрал үүсэхийг урьдчилан харж, түүнээс сэргийлэх, хямрал үүссэн үед түүнийг хэрхэн даван туулах талаар арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх зэрэг асуудлыг багтаадаг.
Ер нь бол хямрал үүсэхээс өмнө болзошгүй хямралын үед баримтлах бодлого, тактик, төлөвлөгөөгөө урьдчилан боловсруулж, түүнд шаардагдах цаг хугацаа, нөөц боломжийг бэлтгэсэн байх ёстой.
Хямрал нэгэнт нүүрлэсэн үед бол тэрхүү хямралын мөн чанар, шалтгаан, хямралыг аль болох бага хор хохиролтой даван туулахад хямралын менежмент чиглэнэ.

Хямралын менежментэд олон нийттэй харилцах харилцаанд онцгой анхаарал хандуулан, тухайн байгууллагын талаарх олон нийтийн үнэлэмжийг сэргээх, ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа хүмүүст хямрал удахгүй арилна гэдэг итгэлийг төрүүлэх ёстой.

Улс орон, аж ахуйн нэгж нь өөрийн эдийн засаг, санхүү, бизнесийн тогтолцооны хямралд өртөж буй эсвэл хямралд өртөж болзошгүй эмзэг, сул талыг арилгаснаар хямралыг хохирол багатай даван туулах арга замыг хэрэгжүүлэх юм.
Санхүү, эдийн засгийн хямралын гол ачааллыг аж ахуйн нэгж үүрдэг бөгөөд даван туулж чадахгүй бол учрах хохирол нь их байдаг.
Иймд аж ахуй нэгжүүдийн өөрийн бизнес болон байгууллагын онцлог байдалд зохицсон арга хэмжээг авч хямралыг даван туулах хэрэгцээ шаардлага тулгардаг.
Хямралаар бүгд хохирно гэсэн ойлголт нь үнэнд нийцэхгүй юм. Жишээ нь өнгөрсөн онд АНУ-д санхүүгийн хямрал гүнзгийрч нэлээдгүй банк санхүүгийн байгууллага үүдээ барин олон мянган хүний хөрөнгө үнэгүйдэж ихээхэн хэмжээний хохирол учирч байсан боловч өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн хүмүүс нэлээдгүй байсан юм.
Үүнээс дүгнэвэл хямралд хүн бүр аж ахуйн нэгж бүр улс бүр алдагдал хүлээдэггүй юм. Хэрэв би, та, танай компани, улс орон эрсдэлийн удирдлагын чадварлаг багтай бол тэр дундаа эрсдэлийн чиглэлээр мэргэшсэн чадварлаг багтай бол хямралыг өөрт ашигтай болгох бүрэн боломжтой юм.
Гол нь та түүнд бэлэн байж ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэхээ урьдчилан болон цаг хугацаанд олж харж хэрэгжүүлж чаддаг чадамж бүрдүүлсэн байхад хангалттай юм.

Эдийн засгийн ухааны доктор Б. Баттөмөр

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: