Эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх пирамидийн аргачлал

  • 2023-02-27 19:07:36

GIZ-ийн Эрчим хүчний үр ашиг төслийн ахлах мэргэжилтэн, эрчим хүчний олон улсын аудитор С. Түвшинхүүгийн зөвлөгөөг хүргэж байна. Эрчим хүчний чадлын дутагдалд орсон өнөөгийн нөхцөлд дараагийн шинэ эх үүсвэр барихад багагүй хугацаа мөн ихээхэн хөрөнгө мөнгө шаардлагатай зэргээс ойрын ирээдүйд эрчим хүчний хангамжийн дутагдлаас гарах боломжгүй харагдаж байгаа явдал бидний хувьд бодит үнэнтэйгээ нүүр тулж бэлэнчлэх сэтгэлгээнээсээ салж, хүндрэлээс гарах арга замаа өөрөө эрэлхийлж цаашид энэ тэмцэлд удаан тэсэж үлдэх дархлаагаа бүрдүүлэх хөшүүрэг болох давуу талтай байхыг үгүйсгэхгүй тул цаашид баримтлах бодлогын нэгэн зарчмыг танилцуулж байна. Энэ бол энергийн пирамидын зарчим юм.

Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, байгалийн нөөцийн хомсдол, агаар орчны бохирдол, эрчим хүчний дутагдал, эрчим хүчний үнийн өсөлт зэрэг нь цаашид эрчим хүчинд хандах хандлага ойлголтоо шинэчлэх, хэрэглээний шинэ хэв маягт шилжих, эрчим хүчийг байнга хэмнэлттэй хэрэглэх шинэ арга зам, хөшүүрэг, дэмжлэгийг эрэлхийлэх шаардлага хэрэгцээ тулаад буй өнөө үед хэрэгжүүлж буй арга хэмжээ, үйл ажиллагаагаа зөв эрэмбэлж, хөрөнгө оруулалтын шийдвэрээ оновчтой гаргахад энэхүү энергийн пирамидын зарчмыг ашиглан дагаж гүйцэтгэх нь илүү үр дүнтэй болно. Энэхүү пирамидыг өнөөгийн бидний хэрэгцээ гэж үзвэл сууринаас эхлээд дээшлэх чиглэлд дэс дараатайгаар дүрсэлсэн арга хэмжээнүүд тухайн хэсгийн эзлэхүүнтэйгээ дүйцэх хэмжээний харьцаагаар үр ашгийг нэмэгдүүлж хэрэгцээг бууруулна гэсэн үг. Өөрөөр хэлбэл хамгийн бага өртгөөр их үр ашигтайгаас нь буюу доороос нь эхлээд хэрэгцээг бууруулсаар оройд үлдсэн багахан хэрэгцээг үнэтэй цэвэр эрчим хүчээр хангах боломжтой болох юм. Ингэж байж бид татварын буюу төр нийтийн хөрөнгийг зөв оновчтой зарцуулж үр ашгийг нэмэгдүүлнэ.

Энергийн пирамидын дагуу эрэмбэлэгдсэн хийх ёстой алхмуудыг танилцуулж байна. Алхам - 1: Эрчим хүчний үнэлгээ: Эрчим хүчний аудит хийх хэлбэрээр бодит хэрэглээндээ үнэлгээ хийж цаашид хэрэглээгээ бууруулах бага хөрөнгө оруулалттай энгийн арга хэмжээнээс эхлээд ирээдүйд чиглэсэн өндөр хөрөнгө оруулалттай томоохон арга хэмжээнүүдийг хүртэл бүх боломж бололцоо болон тэдгээрт шаардлагатай хөрөнгө оруулалтын хэмжээг эрэмбэлэн тогтооно . Аливаа авч буй арга хэмжээ тус бүр өөрийн гэсэн ашиглалтын хугацаатай байдаг ба энэ хугацаанд оруулсан хөрөнгөө эргэн нөхөх боломжийг бүрдүүлэхүйц хэрэглээнд суурилсан эрчим хүчний үнэ тарифын бодлого хэрэгжүүлэх нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг дэмжих урт хугацаанд тогтвортой байдлыг хангах зам юм. Хэмжиж чадахгүй бол хэмнэж чадахгүй.

Алхам - 2: Эрчим хүчний хэмнэлт: Эрчим хүчний хэмнэлт ба үр ашиг гэдэг ойлголтууд хоорондоо ялгаатай ойлголтууд. Эрчим хүчний хэрэглээнийхээ энгийн хэв маягийг өөрчлөх хэлбэрээр бага эсвэл огт хөрөнгө оруулалтгүйгээр бий болгон хэрэглээнээсээ чөлөөлж буй эрчим хүчийг хэмнэлт гэх ба энэ төрлийн боломжит арга хэмжээг дээрх үнэлгээгээр тодорхой болгодог. Жишээлбэл хүнгүй буюу ашиглаагүй өрөө тасалгааны гэрэл, агааржуулалтын сэнс зэргийг унтраах, халаалтыг бууруулах эсвэл өөрөө унтардаг буюу бууруулдаг автомат тоног төхөөрөмжөөр тоноглох мөн техник хэрэгслийг ашиглахдаа хэрэгцээндээ зөв тохируулан сонгосноор сул явалтын алдагдлыг бууруулах зэрэг арга замууд орно.

Алхам – 3: Эрчим хүчний үр ашиг: Үр ашиг гэдэг нь аливаа ажил үйлчилгээнд зарцуулж буй эрчим хүчнийх нь хэмжээгээр илэрхийлдэг өөр хооронд нь харьцуулах боломжтой үзүүлэлт юм. Жишээлбэл 100км тутамд зарцуулдаг түлшнийх нь хэмжээгээр машин тэргийг харьцуулдаг бол нэгж талбайд жилд зарцуулж буй энерги, эрчим хүчнийх нь хэмжээгээр барилга байгууламжийг харьцуулж болдог. Тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтаар тоног төхөөрөмжөө солих, барилга байгууламжаа дулаалж сайжруулах эсвэл байгаа техник хэрэгсээ тоноглож хэмнэлттэй ажлын горимд шилжүүлэх зэрэг арга замуудыг нэрлэж болно. Жишээлбэл 100 Вт -н их энерги ашигладаг улайсах чийдэнгийн гаргах хэмжээний гэрэлтүүлгийг 10 Вт -н лед гэрэл ашиглан 10 Дахин бага энергиэр гаргаж авах нь эрчим хүчний үр ашгаа дээшлүүлж буй үзүүлэлт юм. Ингэж эрчим хүчний хэрэгцээгээ бууруулж дээрх пирамидын оройд ойртоно.

Алхам – 4: Сэргээгдэх эрчим хүч ашиглах: Сэргээгдэх эрчим хүч нь байнга нөхөн сэргээгдэж байдаг дуусашгүй эх үүсвэр бүхий нар, салхи, ус болон био масс мэтийн байгалийн нөөцийг ашиглан гаргаж авдаг энерги, эрчим хүч юм. Сэргээгдэх эрчим хүчийг ашиглах нь бидэнд тулаад буй дээрх асуудлуудыг шийдэхэд нэн тохиромжтой арга зам мөн бөгөөд техник, технологийн хөгжлөөр эхний хөрөнгө оруулалтын хэмжээ буурсаар байгаа хэдий ч эрчим хүчний үнэ тарифын зөв тогтолцоогүй манай улсад нөгөө л хөрөнгө оруулалт, ашиглалтын хугацаа, үнэ тарифын зохистой харьцаа бүрдэхгүй байгаа нь тохирсон бодлого зохицуулалт үгүйлэгдсээр байна. Өмнөх алхмуудаар эрчим хүчний хэрэгцээгээ боломжит хэмжээнд бууруулж чадсан бол энэхүү бага хэрэгцээгээ одоо сэргээгдэх эрчим хүчээр хангах боломж бий болох талтай.

Тиймээс дээрх алхмуудын боломжийг алгасалгүй сайтар шалгаж явах нь та биднийг эрчим хүчний хувьд хараат бус байдлаас гаргаж цэвэр эрчим хүчээр багахан хэрэгцээгээ хангах тогтвортой хөгжлийн замд тууштай хөтлөх болно. Нэгэнт хувийн хөрөнгө оруулалтын нөхцөл боломж бүрдээгүй энэ үед нийтийн хөрөнгө мөнгийг моод хөөж нэн чухал гэсэн тайлбартайгаар бусад эхний хийх ёстой алхмуудыг хийлгүй эсвэл шалгалгүйгээр алгасан сэргээгдэх эрчим хүчинд шууд оруулах үрэлгэн хөрөнгө оруулалтын шийдвэрээс хамгаалахад энэхүү пирамидын зарчмыг баримталж байх нь илүү оновчтой болно гэдэг үүднээс энэхүү тайлбарыг хүргүүллээ.

Хамгийн тогтвортой эрчим хүчний төрөл бол үйлдвэрлээгүй эрчим хүч юм.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: