“ Нөгөө систем”- нь хад чулуу, хөрсний устай газарт ч суурилуулж болдогоороо давуу талтай
- 2022-06-19 16:08:45
Амины орон сууцны инноваци хөгжлийн төвөөс барилгын салбарт инновац шингэсэн, дэвшилтэт технологийг эх орондоо амжилттай нэвтрүүлж буй аж ахуйн нэгжүүдийг онцлон танилцуулдаг билээ. Энэ удаагийн инновaцлаг онцлох байгууллагаар “Нөгөө систем” буюу бохир цэвэршүүлэх бичил систем нэршилээр олон хэрэглэгчдийн таашаалд нийцсэн, “ Агула хаус” компаний бүтээгдэхүүн үйлчилгээг онцлон танилцуулж байна.
Таньд энэ өдрийн мэндийг хүргье. Юуны өмнө өөрийгөө болон компанийхаа үйл ажиллагаа, Нөгөө систем бүтээгдэхүүнээ танилцуулаач.
– Энэ өдрийн мэнд хүргье. Намайг Эрдэнэбаяр гэдэг. ЗХУ-д барилгын сантехникийн инженер мэргэжилээр суралцаж боловсрол эзэмшсэн. 2005 оноос “ХБЭК” ХХК-н инженер, ерөнхий менежер, гүйцэтгэх захиралаар ажиллаж байсан дадлага туршлагатай. Агула хаус компанийг үүсгэн байгуулагч. “АГУЛА ХАУС” компани нь бие даасан ариутгах татуургын бохир хаягдал зайлуулах системийг боловсронгуй болгож, цэвэршүүлэх бүтээмжийг сайжруулахаар судалгаа, туршилт хийн ажиллаж биологийн бичил биетүүдийг механик цэвэрлэгээтэй хамтатган цэвэршүүлэх шийдлийг олж “оюуны өмчийн газраар” баталгаажуулан патентаа авсан. 2016 оноос амины орон сууцуудад суурилуулж байгаа ба цаашид “НӨГӨӨ систем” брэнд бүтээгдэхүүн үйлчилгээ болгон хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Бие даасан ариутгах татуургын бичил цэвэршүүлэх систем нь инженерийн төвлөрсөн шугамд холбогдох боломжгүй барилга байгууламжид тулгамдаад байгаа асуудлыг шийдэхэд чухал нөлөө үзүүлэх юм. Манай компанийн бүтээгдэхүүн болох Нөгөө систем нь бохир хаягдлыг биологийн аргаар задлан ариутгаж, шингэн хэсгийг ялгаруулан хөрсөнд шингээх ба өтгөн тундас хэсгийг соруулах зарчмаар ажилладаг бичил цэвэршүүлэх систем юм. Бид боловсон хүчний ур чадвар сайтай, цомхон бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.
Танай бүтээгдэхүүний дэвшилтэт давуу тал нь ?
– Манай компанийн “Нөгөө систем” бүтээгдэхүүнийг захиалагчийн газрын онцлогт тохируулж, бутардаг хад чулуу, элс хайрга, шороо, хөрсний устай, цэвдэгтэй гэх мэт газарт хөрсний геологийн бүтцэд нь тохируулан суурилуулж болдогоороо давуу талтай. Хамгийн гол нь бохир хаягдлыг цэвэршүүлж байгаа нь дэвшилтэт юм.
Танайх хичнээн нэр төрлийн сервис үйлчилгээ үзүүлж байна. Амины орон сууцнаас гадна албан байгууллага, томоохон үйлчилгээний байгууллагуудад суурилуулах боломжтой юу?
– Одоогоор манайх амины орон сууц болон жижиг үйлдвэр, засварын газар, агуулах, ШТС гэх мэт бага хэрэглээтэй төвийн шугамд холбогдох боломжгүй байгууллагын барилгад Нөгөө систем 1, 2 гэсэн багцуудаа суурилуулж байгаа. Ирэх жилээс үйлчилгээний зориулалттай барилга байгууламж, амралт сувилал, аялал жуулчлалын газруудын нийтийн бие засах газарт бүтээгдэхүүнээ суурилуулахаар төлөвлөж байна. Нөгөө системийг барилга тус бүрт бие даасан байдлаар л шийддэг. Энэ нь цэвэршүүлэх үйл ажиллагаатайгаа холбоотой байдаг юм.
Иргэдийн зүгээс нэг үеэ бодвол эрүүл агаарт тав тухтай орчин бүрдүүлж, орон сууцанд байгаа мэт зусландаа, хашаандаа амины орон сууцаа барьж амьдарахыг илүүд үздэг болсон. Иргэдэд маань ихэвчлэн ямар асуудал тулгарч байдаг вэ?
– Тулгарч байгаа гол асуудлын нэг нь яалт ч үгүй бохирын буюу бие даасан ариутгах татуургын асуудал. Импортын бүтээгдэхүүнүүд нь өндөр үнэтэйгээс гадна манай орны эрс тэс уур амьсгал болон хөрсний геологийн бүтэцэд тэр бүр таарамжгүй байна. Уламжлалт аргаар шийдсэн кольцо гэж ярьдаг бетонон цагираг, төмөр сав зэрэг шийдлүүд нь хөрс бохирдуулах, хөлдөх, хөрсний ус дүүрэх эрсдэлтэй байдаг.
Үнийн хувьд анхнаасаа системийн өртгийг бууруулах тал дээр нэлээд тооцож ажилласан. Улс орныхоо эдийн засгийн байдалтай уялдуулаад компани хямд үнийн бодлого ч барьж байгаа. Импортын бүтээгдэхүүнүүдтэй харьцуулахад хамаагүй хямд. Нөгөө систем бүтээгдэхүүн маань ядаж өнөөдрийн бидний бодит байдал ахуй нөхцөлд тохируулан шийдсэн шийдэл шүү дээ.
Гадны бохирын систем суурилуулахад нэмэлт зардлууд маш их гардаг. Жишээ нь: нүхээ ухаж газраа бэлдэх, түүний дараагийн үе шатны сервис үйлчилгээнүүд гэх мэтчилэн ажлууд шат дараалан хийгддэг.
Танай компани сервис үйлчилгээ тал дээрээ ямар зарчмаар ажилладаг вэ?
– Нөгөө системийн суурилуулалтад нүхээ ухаж газраа бэлдэх, шүүлтүүр шингээгчийн хэсэг болон хучилт хийх гэх мэт газар шорооны ажил нь орно. Хэрэглээнээс гарсан бохир хаягдлын шингэнийг нь ялгаруулан хөрсөнд шингээдэг тул шүүлтүүр шингээгчийн хэсгийг зайлшгүй мэргэшсэн хүмүүс хийх шаардлагатай байдаг. Манайх чинь бүтээгдэхүүн үйлчилгээндээ 12 сарын баталгаа гаргаж өгдөг. Нөгөө систем нь биологийн цэвэрлэгээ хийгддэг тул хэвийн үйл ажиллагааг хангахын тухайд засвар үйлчилгээг манай компани хариуцан ажилладаг нь бас л баталгаа болох юм. Суурилуулалтын дараахь ажил зардлыг багцалж засвар үйлчилгээндээ оруулан хямд үнэ тогтоож өгсөн. Манай үйлчилгээнд биологийн бичил биетийг цэнэглэж идэвхжүүлэх, бичил биетийн үүр суулгахаас гадна цэвэршүүлэгч савны тундасыг соруулах, системийг удаан хугацаанд зогсоох шаардлагатай үед усыг суллах, гэмтлийг засварлах, ариун цэврийн өрөөний угаалтуур, суултуур гэх мэт тоноглолуудыг сольж суурилуулах ажлууд багтана. Тэгхээр хэрэглэгчид нэг дороос бүх үйлчилгээгээ авч, цаг хугацаа илүү зардал гаргах шаардлаггүй амар болчиж байгаа юм.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хөрсний бохирдол нь яалт ч гүй тулгамдсан асуудал болоод байна. Та энэ тал дээр ямар байр суурьтай явдаг вэ?
– Нөгөө системийн гол зорилго нь хөрсийг бохирдлоос хамгаалж эрүүл цэвэр тав тухтай орчныг л бүрдүүлэх явдал. Хөрсний бохирдол үнэхээр асуудал болсон л доо. Гэр хороололд оршин суугчдын орчин нөхцөл, эрүүл ахуй, санхүүгийн боломжгүй байдал, төр засгийн бодлого, хөрсний геологийн бүтэц хүртэл үүнд хамаарна. Жишээ нь 1м ухаад л хад чулуу, ус гараад ирэхэд яаж жорлонгоо шийдэх юм бэ? Үүний тулд л бохир хаягдлыг цэвэршүүлэх, овор хэмжээг нь багасгаж өртгийг бууруулах, эрс тэс уур амьсгал, хөрсний геологийн бүтцэд тохируулах гэх мэт олон асуудлыг шийдэхийг хичээснээр “Нөгөө системийг” гаргаж ирсэн.
Танай компанийн цаашдын хөгжлийн зорилго ?
-Бид цаашид хүчин чадлаа нэмэгдүүлэн Нөгөө систем бүтээгдэхүүнээ орон нутагт хүргэн суурилуулах ба чанар, хөгжүүлэлтэд анхаарч саарал усыг дахин ашиглах боломжийг судлахаар төлөвлөж байгаа.
Барилга бүтээн байгуулалтын салбарт инновацийг нэвтрүүлж буй танай хамт олонд маш их баярлалаа.
Та бүхний ажилд өндөр амжилт хүсье.
-За ярилцлагадаа урьж оролцуулсанд баярлалаа. Танай хамт олонд цагаа олсон зөв үйл ажиллагаа явуулж байгаад чинь амжилт хүсье.