Сэтгэлгүй барьсан барилгад асуудал ар араасаа гарсаар байдаг

  • 2022-06-20 17:28:38

Монголын Амины орон сууцны инновац хөгжлийн төвийн зөвлөх, Монгол улсын зөвлөх инженер Ц.Энхтайванг танилцуулж байна.

МОНГОЛ УЛСЫН ЗӨВЛӨХ ИНЖЕНЕР Ц.ЭНХТАЙВАН
БОЛОВСРОЛ:
1. 2012 ОН МЭРГЭШСЭН ИНЖЕНЕР
2. 2016 ОН ЗӨВЛӨХ ИНЖЕНЕР
АЖЛЫН ТУРШЛАГА:
1. ТИС-ЫН БАРИЛГЫН ИНЖЕНЕР МЭРГЭЖИЛ 1986-1991
2. НИЙСЛЭЛ ӨРГӨӨ ХХК-ЫН ТАЛБАЙН ИНЖЕНЕР 1993-2000
3. HANRIM ХХК-Д ЕРӨНХИЙ ИНЖЕНЕР 2001-2004
4. FFC ХХК-Д АХЛАХ ИНЖЕНЕР 2004-2009
5. БАТВАН ХХК-Д ЕРӨНХИЙ ИНЖЕНЕР 2009-2011
6. БОЛОР АГРАМБА ХХК-Д ЕРӨНХИЙ ИНЖЕНЕР 2011-2021
7. ХҮРЭЭ ШИЙДЭЛ ХХК-ЫН ЗАХИРАЛ 2014-2021
3. 2016 ОН ХУД 1-Р ХОРОО АНГЛИ ХОРООЛОЛ ТӨСӨЛ
4. 2018 ДОРНОГОВЬ СПОРТ ОРДОН УЛСЫН КОММИСТ ХҮЛЭЭЛГЭН ӨГСӨН.
5. 2019-2021 ӨМНӨГОВЬ ЦАГААН ХАД “ ТАЙВАН ЗОГСООЛ ТӨСӨЛ” Г.М ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА.

Барилга бүтээн байгуулалт гэдэг бол хүний амьдралын салшгүй нэг хэсэг юм. Хүн амьдарлынхаа ихэнхи хугацааг барилга байшинд өнгөрөөдөг. Иймд барилга бүтээн байгуулалт нь хүнд зориулсан хүндээ ээлтэй байх бүх талаас нь бодолцож нарийн төлөвлөлтөө хийх хэрэгтэй. Гадны өндөр хөгжилтэй улс орнуудад барилгын салбар утгаараа хөгжиж байна. Амьсгалдаг барилга, мод ургамалтай ногоон барилга гэх мэтчилэн барилга бүтээн байгуулалт нь байгальтайгаа ойр хэв маягийг эрэлхийлж байна.

Миний хувьд 1991 оноос хойш барилгын салбарт ажиллаж байна. Нэг үеэ бодуул манай барилга бүтээн байгуулалтын салбар хурдацтайгаар хөгжиж байна. Хэдхэн жилийн өмнө л уламжлалт арга технологиор амины орон сууцыг барьдаг байсан бол одоо үед хүссэн материалаараа, ухаалаг системүүд ашиглах, инновац шингээсэн дэвшилтэт технологиуд сонгоход нээлттэй болсон.
Ийм учраас нэгэнт л насан туршийн үр хойч үедээ өвлөгдөх хувийн сууц барих гэж байгаа бол мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авах, ул суурьтай судлагаа хийх, яарч сэтгэл хөөрлөөрөө шийдвэр гаргахгүй байх хэрэгтэй. Барилга гэдэг хувцас сонгохтой адилгүй учраас мэргэжлийн байгууллага сонгож, буух эзэн буцах хаягтай байх нь таныг учирч болох эрсдэлээс хамгаална.

Чанартай сайн барилга барихын тулд хэд хэдэн хүчин зүйл дээр анхаарах хэрэгтэй. Мэргэжлийн зураг төсөл хийлгэсэн ч мэргэжлийн бус хүмүүсээр гүйцэтгэл хийлгүүлж, чанаргүй материал сонгох, зураг төслийн стандартыг баримтлахгүй байх гэх мэтчилэн олон хүчин зүйлээс шалтгаалж чанаргүй барилга босч 2 дахин төлдөг.

Зураг төсөл ч бас өөрөө төгс гардаггүй. Яагаад зургийн инженер, талбайн инженер барилгын талбай дээр хяналт хийдэг вэ? гэхээр хоорондын алжын уялдаа холбоотой салшгүй холбоотой. Талбайн инженер зургийн хяналтаа хийж, зурган дээр алдаа байгааг хянаж, алдаа дутагдал шийдлийг тэр дор нь засч сайжруулж явдаг. Мэргэжлийн бус хүмүүс таамагаараа зурагруу дөхүүлж барин, технологийн алдаа гаргадаг. Жишээ нь: Салхивчны систем, дулаан алдагдал, сууринаасаа авхуулаад зургийн дагуу явахгүй бол алдаа гарч эд хөрөнгөөрөө хохирч насжилтгүй барилга босоход нөлөөлдөг.
Баригдсан амины орон сууцнууд дээр түгээмэл гарч буй эвдрэл гэмтэл нь хөрсөө сайн судлаагүй, технологийн дагуу сууриа хийгээгүйгээс болж барилгад тэр чигтээ эвдрэл гардаг. Зарим хүмүүс хамгийн чухал хийцлэл болох суурын зардлаа хэмнээд бетондоо арматур хийхгүй шууд цутгачихаар гажилт, хагаралт, цууралт өгдөг. Бетон зуурмагандаа төмөр арматур хийж байж л төмөр бетон суурь болно. Иймд нэн чухал хийцлэл болох суурийн ажлыг мэргэжлийн хүмүүсээр хийлгэх хэрэгтэй. Барилгын насжилт чанар нь сууриас хамааралтай.

Иргэдийн зүгээс аль болох байгальтайгаа ойр, байгалийн үзэсгэлэнт газар байшин барихыг илүүд үздэг болсон. Эдгээр газрууд нь ихэвчлэн хөрсний устай, цэвдэгтэй байдаг. Ийм газар сонгож байгаа л бол тухайн газрын онцлог, хөрсний онцлогтоо тохирсон технологийн дагуу барилгын ажлаа төлөвлөх хэрэгтэй.

Зарим гүйцэтгэгчид технологийн жижиг алдаанууд ихээр гаргадаг. Тэр нь эцэстээ том алдаа болдог. Хөрсний устай цэвдэгтэй газар ус чийг тусгаарлагчыг сууринд хийхгүй орхигдуулдаг. Цэвдэгтэй газар зайлшгүй сууриндаа ус чийг тусгаарлагч хийх ёстой. Мөн амины орон сууцанд агаар сэлгэлт, салхивч маш чухал. Манайхан энэ төрлийн деталь хийцлэлүүддээ төдийлөн анхаардаггүй. Хүйтэрхээр байшин хөлрөх, цана цохих, дээврээс ус гоожих гэх мэт олон асуудлууд гарч нэмэлт зардал гардаг. Санаа сэтгэлээрээ энд бүгчим байна, энд агааржуулалт гаргачий гэж таамагаараа гаргах биш, барилгын ажлын явцад стандартын дагуу анхнаасаа зөв төлөвлөх хэрэгтэй.
Манайхан их дураараа стандартын бус материал хямдыг нь сонгох, ус чийгэнд тэсвэртэй гипсэн хавтан хийнэ шүү гэхэд л энгийн гипс хийчихдэг, тэр нь удалгүй чийгтэж хөгц үүсгэх гэх мэтчилэн сөрөг талууд ихээр гардаг.

Барилгын норм дүрэм, стандартыг амины орон сууцны гүйцэтгэл дээр бариулж байгаа нь ч мэдлэг дутуу, барьж байгаан нь ч стандартыг мөрддөггүй. Иргэдийн зүгээс насан туршийн үнэ цэнэтэй үл хөдлөх хөрөнгөө бариулж байгаа бол барилгын талаарх мэдлэгээ дээшлүүлэх нь чухал юм. Орчин үед иргэдийн хүсэл сонирхол шаардлага өөрчлөгдөж, зөвхөн зундаа очих лагерийн байшин сонирхдог байсан бол тэр хандлага нь жилийн 4-н улиралд амьдрах зориулалттай, тохь тухтай, эрүүл мэндэд ээлтэй эко, эдийн засгийн хэмнэллтэй инновац шингэсэн байх гэх мэтчилэн шаардлага өндөрсөж байна.

Иймд гүйцэтгэгч компаниудын хувьд барилгын норм дүрэм стандартаа мөрдөх нь чухал юм. Барилгын салбар гэдэг бусад салбараас онцлогтой, хийсэн бүтээсэн ажил нь хэн бэ гэдгийг нь хэлээд өгдөг, нүдэнд үзэгдэх гарт баригдах бодитой зүйл бүтээдэг учраас хамгийн чухал нь хувь хүмүүс, бригадууд, компаниуд хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Сэтгэлгүй барьсан барилга л асуудалтай байдаг. Иймд бурхан хүнийг бүтээдэг бусдыг нь барилгачид бүтээдэг гэж бахархам сайхан ишлэл бий. Энэ сайхан мэргэжилдээ эзэн нь болж эргээд харах сайхан түүхийг бүтээгээрэй гэж нийт барилгачиддаа уриалмаар байна. Баярлалаа.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: