Барилгын өртгийн ерөнхий индекс II улиралд өмнөх улирлаас 9.3 хувиар өслөө

  • 2022-08-15 14:33:08

      Энэ оны II улиралд барилгын өртгийн индекс өмнөх улирлаас 9.3 хувиар өсөж, 204.9 нэгж болсон байна. Ерөнхий индекс өмнөх оны мөн үетэй харьцуулахад 18 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Барилгын өртгийн ерөнхий индексийг гаргахад тооцдог гурван дэд индексээс орон сууцны барилгын өртгийн индекс өмнөх оны мөн үеэс хамгийн өндөр хувиар өссөн бол улирлын өсөлт нь 8.3 хувьтай байна. Энэ нь барилгын материалын өртөг, машин механизмын түрээсийн зардал, цалингийн зардал өссөнтэй холбоотой байгааг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Харин орон сууцны бус барилгын өртгийн индекс II улиралд өмнөх улирлаас 10 хувиар буюу хамгийн их хувиар өсжээ. Индексийн өсөлтөд сургуулийн барилгын өртөг 13.1 хувиар, эмнэлэг сувиллын барилгын өртөг 7.8 хувиар, оффисын барилгын өртөг 13.1 хувиар өссөнтэй холбоотой байна.

2021 онд индексүүдийн ерөнхий төлөв II-IV улиралд харьцангуй тогтвортой түвшинд хадгалагдаж байснаа энэ оны II улирлаас ийнхүү огцом өсөж эхэлжээ.

Хилийн боомтын нэвтрүүлэх чадал, төмөр замын ачаа тээврийн эргэлт, импортын барилгын материалын өртөг өссөнөөс шалтгаалж улсын төсвийн санхүүжилтээр хэрэгжиж буй төслүүдийн төсөвт өртөг нэмэгдсэн аж.

Өртгийн зөрүүг тооцож 2023 онд улсын төсвөөс барилгын компаниудад 270 тэрбум төгрөг олгохоор Засгийн газар шийдвэрлээд байгаа юм. Үүнтэй холбоотойгоор барилгын материалын үнийн өсөлт тооцсон магадлалын ажилд есдүгээр сарын нэгэн гэхэд аудит оруулахаар болсон байна.

Bloomberg TV Mongolia З.Энхболор

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: