Улаанбаатар хотод Азийн архитекторуудын олон улсын чуулга уулзалт болж байна

  • 2022-09-06 12:24:18

       Улаанбаатар хотноо Азийн 22 орны архитекторын байгууллагуудын удирдлага, төлөөлөл 150 гаруй архитекторуудын  чуулга уулзалт болж байна.

“Тогтвортой хот байгуулалтын ирээдүй” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд олон улсын арга хэмжээг Монголын Архитекторуудын эвлэл, Монголын Хот Байгуулалт Хөгжлийн танхим зохион байгуулж байна. Азийн архитекторуудын  ARCASIA  “Азийн архитекторуудын бүсийн зөвлөл нь тус бүс нутгийн 22 улсын архитекторын байгууллагыг нэгтгэсэн, гишүүн институт бүрийн бүс нутгийн хөтөлбөр, хамтын ажиллагааны өргөтгөл болон ажилладаг мэргэжлийн байгууллага.  Энэ байгууллагын гишүүнээр Монгол Улс, Монголын Архитекторуудын Эвлэл 1991 онд, ОУ-ын архитекторуудын эвлэлийн гишүүнээр 1963 онд элсэн, идэвхтэй хамтран ажилладаг. 

Азийн барилга, архитектурын хөгжлийн үзэл санаа, бодлого, төсөл хөтөлбөрийг мэргэжлийн талаас хэлэлцдэг тус бүс нутгийн архитектур, хүрээлэн буй орчны асуудлыг шийдэхэд “оюун санааны хөшүүрэг” болох зорилготой архитектор, сэтгэгчдийн цугларалт юм.

Чуулга уулзалтаар орчин үеийн хот байгуулалтын дэвшилтэт арга, шинжлэх ухаан, техник, цахим технологийн ололт амжилтыг ашигласан хот төлөвлөлт, хот байгуулалтын хөгжлийн сүүлийн үеийн чиг хандлагыг тодорхойлсон улс орнуудын хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, сайн туршлагын тухай санал солилцож, оновчтой шийдэл, санаа, зөвлөмж гаргана. Мөн Монголын хот байгуулалтын өнөөгийн байдлыг олон орны архитекторт танилцуулж, том хотуудын тулгамдсан асуудлыг хэрхэн даван туулж байгаа, дагуул хотыг хөгжүүлэхэд чиглэсэн тогтвортой хот байгуулалт, төлөвлөлтийн хэтийн төлөвийг тодорхойлох талаар тэдний зөвлөлгөө, зөвлөмжийг сонсон, туршлагаас хуваалцах юм.

Япон, Хятад, БНСУ, Энэтхэг, Монгол зэрэг орны олон улсад нэр хүндтэй архитектор, эрдэмтэн судлаачид илтгэл тавьж, хот төлөвлөлтийн өнөөгийн шилдэг туршлага, хэтийн төлөв, чиг хандлага болон тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд улс орон, бүс нутаг, олон улсын хэмжээнд архитекторын гүйцэтгэх үүрэг, оролцоо зэрэг асуудлаар санал солилцож байна. Биетээр болон цахимаар зохион байгуулж буй уулзалт энэ сарын 9 хүртэл мэргэжлийн 5 хорооны хурлаар үргэлжилнэ. 

Монгол Улсын хувьд Хөшигийн хөндийд баригдсан Олон улсын шинэ нисэх буудлыг дагасан хот байгуулах төлөвлөгөөгөө танилцуулж, бүс нутгийн орнуудын сайн туршлагыг судлан суралцахын зэрэгцээ хотжилт, өнөөгийн дэлхий ертөнцийн өмнө тулгарч буй нийтлэг сорилтыг даван туулах арга замын талаар санал бодлоо хуваалцаж байна.

Хүмүүс хот руу шилжин суурьших хөдөлгөөнөөс үүдэлтэй хэт төвлөрлийг багасгахын тулд бүсийн тэргүүлэх төв, дагуул хот, шинэ хотыг байгаль орчин, хүрээлэн буй орчинд ээлтэй, ухаалаг, эдийн засаг, байгалийн нөөцийн хувьд хэмнэлттэй, жендерийн тэгш эрхийг хангасан, дасан зохицох чадвартай байдлаар тооцон төлөвлөж, хүний эрүүл, аюулгүй орчинд аятай тухтай амьдрах нөхцөл бий болгоход улс орнууд анхаарал хандуулж буй цаг үед форумыг зохион байгуулж байгаа нь ач холбогдолтой. 

Анхны уулзалт 1982 онд Шри Ланка улсад зохион байгуулагдаснаас хойш 21 дэх удаагийнх нь Улаанбаатарт болж байна. Олон улсын арга хэмжээг зохион байгуулах эрх авах шалгаруулалтад Монголын Архитекторуудын Эвлэл 2020 онд өрсөлдөж, 2021 онд шалгарч, эрхийг нь авчээ. Азийн архитекторуудын дунд зарласан Архитектурын шилдэг бүтээлийн 2022 оны уралдааны шилдэг бүтээл, Монголын барилга хот байгуулалтын салбарын ололт, архитекторуудын бүтээл, томоохон төсөл хөтөлбөрийг танилцуулсан олон улсын үзэсгэлэнг “Мишээл Экспо”-д 2 хоног дэлгэх юм. 

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: