Монгол улс 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарал болон шингээлтийн зөрүүг Тэглэх зорилт тавилаа

  • 2022-11-14 08:37:59
Монгол Улс “Ойн түншлэл”-ийн хөтөлбөрт нэгдсэн Азийн анхны улс боллоо

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, шингээлтийг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхаа бэхжүүлэх зорилгоор “Үндэсний дасан зохицлын төлөвлөгөө” боловсруулан хэрэгжүүлэх замаар хүлэмжийн хийн ялгарал болон шингээлтийн зөрүүг ойртуулж, 2050 он гэхэд “Тэглэх” зорилт тавин ажиллаж байгаа"-гаа мэдэгдлээ. 

Монгол Улсын ялгаруулж буй хүлэмжийн хийн хэмжээ дэлхийн нийт хүлэмжийн хийн ялгарлын ердөө 0.1 хувийг эзэлдэг. Хэдий тийм боловч хүн ам болон эдийн засгийн хэмжээтэйгээ харьцуулахад өндөрт тооцогддог. Энэ хүрээнд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний зорилтоо 27.2 хувьд хүргэн ахиулан тодорхойлоод байгааг Ерөнхийлөгч онцолж байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг НҮБ-ын суурь конвенцын талуудын 27 дугаар бага хурлын үеэр Монгол Улс Европын Комисстой “Ойн түншлэлийн тухай харилцан ойлголцлын санамж бичиг” байгууллаа. Ингэснээр Монгол Улс “Ойн түншлэл”-ийн хөтөлбөрт нэгдсэн Азийн анхны улс болж байгаа юм. Санамж бичгийн хүрээнд ойг эдийн засгийн чухал салбар, орлогын эх үүсвэр болгох, үүнээс 80 мянга орчим ажлын байр бий болгох зэрэг зорилт тавиад байна.

Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен “2027 он гэхэд 40 сая га талбайг тогтвортой менежментээр дамжуулан ойжуулахаар зорьж буй”-г хурлын үеэр мэдэгджээ. Энэхүү зорилтод хүрэхэд талуудын хамтын ажиллагаа чухал ач холбогдолтойг тэрбээр онцолж байна. Дээрх зорилтын хүрээнд Европын Комисс 2024 он хүртэл нийт 450 сая еврогийн хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдлээ.

эх сурвалж: https://bloombergtv.mn/

 

 

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: