Бизнесийг зөв удирдахын тулд хямралын менежментийг хэрэгжүүлж сурах ёстой

  • 2020-03-26 18:54:50

Хямралын менежмент бол удирдагч хүнийг сорих сорилт болж өгдөг. Бизнесийг зөв удирдахын тулд хямралын менежментийг хэрэгжүүлж сурах ёстой. Байгууллагад хямрал олон янзаар үүсч болно.
Террорист халдлагад өртөх, үйлдвэрлэлийн осол тохиолдох, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд гологдол гарч, олноор буцаан татах шаардлага гарах, байгалийн гамшигт өртөх зэрэг нь хямралыг дагуулдаг.
Аливаа хямрал нь бэлтгэлээ сайн хангаарай хэмээн урьдчилан сануулдаггүй тул хямралыг хохирол багатай даван туулах арга замыг улс орон, аж ахуйн нэгж, хувь хүн бүр дор бүрнээ бодох шаардлага тулгардаг.

  • Учир нь хямрал улс орон, аж ахуйн нэгж, иргэн бүрд нөлөөлж удирдлагын ур чадвараар шалгалт авдагт оршино.
  • Өөрөөр хэлвэл эрсдэлд хир бэлтгэлтэй байна вэ, өөрийн эрсдэлийг удирдах ур чадвар, чадамжийн байдлаар шалгалт авч байна.

Юуны өмнө та өөрийн аж ахуйн нэгжийн онцлог байдал, хямралд өртөж болзошгүй эмзэг сул тал буюу учирч болох
эрсдэлээ оновчтой тодорхойлох шаардлагатай юм.
Мэдээж хэн ч танай байгууллагыг судалж үзэхгүйгээр онцлог, сул талыг тодорхойлж чадахгүй билээ. Тиймээс бид жишээ болгон Монгол улсын эдийн засгийн хувьд эмзэг, сул талыг нь тодорхойлъё.
Эмзэг тал нь төсвийн орлого нь дэлхийн түүхий эдийн болон капиталын захаас хамааралтай, гадаад валютын орлого олдог бүтээгдэхүүн нь цөөн, зэсийн баяжмалыг экспортлох, гадаадад ажиллах хүчин гаргах, ноолуур ба цөөн тооны хагас боловсруулсан бүтээгдэхүүний гадаадын зах зээлд гаргах зэргээр валют олдог.
Бас дээр нь эдийн засаг нь нэмүү өртөг шингэсэн, баялгийн үйлдвэрлэл багатай. Үүнээс болж ажилтны бүтээмжийн зах зээл дэх үнэлэмж, хөдөлмөр хөлс хөгжингүй орны жишгээс хамаагүй бага.
Сул талаа буюу учирч болох эрсдэлээ тодорхойлсны дараа авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээг тодорхойлж, хэрэгжүүлэх нь зүйтэй.
Аж ахуйн нэгж болгон өөрийн онцлогтой, зах зээл дэх байр суурь нь өөр өөр тул юу хийх болохгүй вэ гэдгийг дараах байдлаар тодорхойлж болно.
Юуны өмнө үйл ажилагааны зардлаа бууруулах зорилгын доор ажилчдыг ажлаас халахгүй байх ёстой. Учир нь энэ арга хэмжээ нь ахуйн нэгжийн нэр хүндэд сөргөөр нөлөөлдөг.
Үүний оронд хөдөлмөр хөлсний доод хэмжээг бууруулах, нэмэгдэл цалин, урамшууллыг багасгах ажилчдын дунд нээлттэй байдлаар учир шалтгааныг тайлбарлах хэрэгтэй байдаг.

  • Бизнесийн нэр хүндийг унагасан арга хэмжээг болон үр ашиггүй зардал гаргах арга хэмжээг хэрэгжүүлэхгүй байх мөн үнэ ханшийн эрсдэлд өртөж болзошгүй гүйлгээ, хэлцэл хийхгүй байх зэрэгт анхаарвал зохино.

Ямар ч юм сайн, муу хоёр талтай байдгийн нэгэн адил хямралыг хохирол багатай, өөрт ашигтайгаар даван туулах бүрэн бололцоотой ба үүний тулд аж ахуйн нэгж, байгууллага, хамт олон, улс гүрэн ч гэсэн эрсдэлийг зөв тооцож, түүнийхээ үндсэн дээр хямралаас гарах төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх хэрэгтэй юм. Хямралын үед байгууллагын дарга нар хямралын менежментийг хэрэгжүүлэхдээ хямралыг урьдчилан харах, түүнд бэлтгэх, хямралыг хохирол багатай даван туулж, түүний үр дагаврыг хурдан хугацаанд арилгах чадвартай байх ёстойн дээр энд удирдан зохион байгуулах чадвар онцгой үүрэг гүйцэтгэнэ.

  • Улс орнууд хямралын эсрэг арга хэмжээ авахдаа бодлогын шинжтэй арга хэмжээг юуны өмнө хэрэгжүүлж эхлээд байгаа юм.
  • Олон улсын болон үндэсний хэмжээнд засаглалыг сайжруулах хэрэгтэй гэж үзэж байгаа бөгөөд давын өмнө тусламжийн хэмжээг нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллыг сайжруулах, олон улсын санхүүгийн байгууллагад бүтцийн өөрчлөлт хийх хэрэгтэй.

Хөгжиж буй орон санхүүгийн хямрал хэрхэн тусах талаар баян орнууд нэг их анхаарал тавихгүй байна гэсэн шүүмжлэл сүүлийн үед өрнөөд байна.
Гэвч дэлхийн санхүүгийн зах зээлийн хямрал Монгол улсын эдийн засагт тэр дундаа төсвийн орлого, гадаад валютын нөөцөд нөлөөлж байна.

Эдийн засгийн ухааны доктор Б. Баттөмөр

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: