Эдийн засгийн дорвитой арга хэмжээ авч чадахгүй байна

  • 2020-03-27 13:20:48

Корона вирусийн эсрэг манай төр олон сайшаалтай арга хэмжээ авч буй боловч корона эдийн засгийн хямралын эсрэг дорвитой арга хэмжээ авч чадахгүй байгааг эдийн засагч нар шүүмжилж байна.

Эхлээд улс орон эдийн засгийн маш хүнд нөхцөл, долларын өрийн дарамтад байгааг харгалзахгүйгээр, сэтгэлийн хөөрөлд автаж нүүрсний экспортоо сар шахам хаасан. Үүнээс болж манай улс маш чухал үед 200 гаруй сая долларын орлогоо алдчихлаа. Одоо Хятадын талаас Дэлхийг хамарч байгаа эдийн засгийн аюултай уялдан нүүрсний эрэлт хумигдаж эхэлбэл (эхлэх нь бараг ойлгомжтой болсон) бидний нөхцөл байдалд муугаар нөлөөлнө.

Монголбанкны зүгээс бодлогын хүүг 1 хувиар буулгасан нь эдийн засагт эерэг нөлөө үзүүлэхгүй гэж би хувьдаа үзэж байна. Учир нь нэг талаас бодлогын хүүгийн нөлөө угаасаа 6-9 сараар хоцорч гардаг. Нөгөө талаас нэгэнт банкнууд зээлээ зогсоож байгаа энэ үед бодлогын хүүгээр оролдоод тэр нь зээлийг идэвхжүүлэх арга хэмжээ болохгүй.

Мөн Монголбанкны зүгээс заавал байлгах нөөцийн хэмжээг бууруулсан нь (банкнуудын Монголбанканд хадгалуулдаг мөнгө) урт хугацаандаа зөв алхам боловч богино хугацаанд нөлөө үзүүлэхгүй. Учир нь Монголын банкнууд хөрвөх чадварын илүүдэлтэй 10 гаруй жил явж байгаа. Банкнууд эдийн засагт итгэхгүй байгаа нь гол асуудал болохоос биш тэдэнд мөнгө дутагдалтай байгаа юм биш.

Зээлийн эргэн төлөлт, хүүгийн төлөлт дээр тодорхой шийдэл, арга хэмжээ авсангүй. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлаж байгаа арга хэмжээ нь практик дээр зөрж байна. Ийм учраас өнөөдрийг хүртэл Монголбанкны зүгээс өдөр хоног аргацаасан, дүр үзүүлсэн байдлаар асуудалд хандаж байна гэж би үзэж байна.

Сангийн яамнаас төсөвт тодотгол хийхгүй гэж зарласан нь төсвийн бодлогоор эдийн засгийн уналтыг сааруулах, эдийн засгийг аврах арга хэмжээ авахгүй гэж хэлсэнтэй ижил. Энэ бол мэдээж маш хариуцлагагүй мэдэгдэл.  

2009 оны Их Хямралаар Монголбанк, Сангийн Яам хоёр яг ийнхүү айж, бэмбэгнэсээр банкнуудаа дампууруулж, эдийн засгаа хүнд байдалд оруулж байсан. 2009 оны Их Хямралаас хойш Дэлхийн улс орнуудын Төв банкнууд уламжлалт арга хэмжээ (бодлогын хүүг буулгах) нь хямралын үеэр үр дүн муутай болохыг тэмдэглэж уламжлалт бус арга хэмжээ (эдийн засагт шууд мөнгө нийлүүлэх) авдаг практик тогтоод удаж байгаа. Гэтэл манай улсад энэ талын ойлголт, үнэр байхгүй байгаа нь эдийн засагч бидний санааг зовоож байна.

Үүний нэг шалтгаан нь уламжлалт бус арга хэмжээ авсан албан тушаалтан дараа нь маш том хариуцлага хүлээх, улс орноо аврах гэсэн биш гэмт хэрэгтэн болох вий гэсэн айдас хүйдэс юм. Учир нь манай хууль тогтоох байгууллага, Улсын Их Хуралд эдийн засгийн мэдлэгтэй, ялангуяа орчин үеийн эдийн засгийн практик ойлголттой хүн бараг байхгүй гээд хэлчхэд хилсдэхгүй. Хэрэв Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайд хоёр улс орноо аврах гээд Дэлхийн улс орнуудад өргөн дэлгэр хэрэглэж эхэлж байгаа уламжлалт бус арга хэмжээнүүдийг авах гэвэл эдгээр гишүүд ойлгож хүлээж авах уу? Дараа нь улс төржихгүй, нэр хүндийг нь гутаахгүй, гэмт хэрэгтэн болгохгүй байж чадах уу!    

  Ө.Ганзориг, эдийн засагч 

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: