Амины орон сууцныхаа төсвийг бодох аргачлал

  • 2022-06-19 16:02:04

         Барилгын зураг төслийн баримт бичгийг үндэслэж тооцсон, барилга барихад шаардагдах нийт мөнгөн хөрөнгийн нийлбэрийг барилгын төсөвт өртөг гэнэ. Ажлын зургийн шатанд барилгын бүтээц ажлын төрлөөрх төсвийн суурь нормыг үндэслэн барилгын төсөвт өртгийг тодорхойлоход “БНбД81-95-12 Барилгын төсөв зохиох дүрэм”-ийг ашиглана.
Инженерийн бус хийцлэлтэй амины орон сууцны төсвийг дээрх дүрэм, төсвийн суурь нормын үндэслэлүүд болон жишиг үнэ, машины цагийн үнэ, тарифыг үндэслэхгүйгээр зах зээлийн бодит үнэ ханшаар тооцож болно.
Төсвийг зургийн дагуу тодорхойлсон ажлын тоо хэмжээг үндэслэн барилгын дараах үе шатны ажлуудаар зохионо.
Барилгын ажил: Газар шорооны ажил,суурийн ажил, хана, хамар хана, хучилт, дээвэр, хаалга, цонх, шат, шал

Тусгай ажил: Халаалт, салхивч, цэвэр, бохир ус, дотор гэрэлтүүлэг, гадна шугам сүлжээ, гадна засал, дотор засал, бусад ажлууд /

Амины орон сууцны барилга угсралтын ажлын зайлшгүй дагаж мөрдөн гүйцэтгэх баримт бичиг бол төсөв юм. Төсөв нь ажиллах хүч, материал, тээвэр, машин механизмын гэсэн үндсэн зардлуудаас бүрддэг. Барилгын ажлын зураг бүрэн дууссаны дараагаар төсөвт өртгийг тооцоолон бодох боломжтой болдог. Манай улсад барилгын төсвийн “Estimator pro” гэж программаар голчлон тооцоолж байна. Энэ программ нь төсөв зохиох норм дүрмүүдийг багтаасан бүхий л ажил үйлчилгээг норм дүрмийн дагуу тооцдог программ юм.

Амины орон сууцны төсөвт өртөгт нэмэгдэл зардал, нормчлолын зардал, зохиогчийн болон захиалагчийн хяналтын зардлыг тусгах шаардлагагүй. Харин барилгын төсөвт зарим нэмэгдэл зардлыг нэмж тооцохгүй боловч үндсэн зардлууд нь бодит зардлаас өөрөөр тусгагдсан байдаг.

Амины орон сууцны төсвийг бодохдоо үндсэн зардлуудыг зах зээлийн бодит үнэ ханшаар нь буюу ажиллах хүчний зардлуудыг гүйцэтгэлийн бригадын ханшаар, машин механизмын зардлыг өдрийн болон цагийн хөлсөөр эсвэл гүйцэтгэлийн нэгжээр нь, материалын зардлыг тухайн сарынх нь зах зээлийн ханшаар, тээврийн зардлыг хот дотор тээвэр хийдэг ачааны машинуудын зардлаар тооцож тодорхойлж байж бодит төсөвт өртөг гарна. Мөн барилга баригдах үеийн олон төрлийн бусад урсгал зардлууд гарна. Энэ бол үндсэн төсвөөсөө тусад нь захиалагч мөн тооцоолох шаардлагатай зардал юм. Төсөвт өртөг бодитой зөв байж барилга угсралтын ажил эмх цэгцтэй, түргэн шуурхай баригдана.

Төсөв бодох дараалал:
Зураг төсөлтэй танилцах;
Төсөв зохиох үе шатны ажлын жагсаалт гаргах;
Зургийн дагуу ажлын тоо хэмжээг “Барилгын ажлын тоо хэмжээ бодох аргачилсан заавар БД81-101-01”-ийн дагуу тооцно.
Цалингийн зардлын тооцоо;
Материал, хийц эдлэлийн хэрэгцээ, үнийн тооцоо;
Тээврийн зардлын тооцоо;
Машин ашиглалтын хэрэгцээ, зардлын тооцоо;
Нэгтгэсэн зардлын тооцоо хийнэ.
Барилга угсралтын ажилд цалингийн зардлын тооцоог үе шатны ажил тус бүрээр 2019 оны барилгын ажил гүйцэтгэлийн үнэлгээг ажлын тоо хэмжээгээр үржүүлэн тооцож болно.

Материалын зардлын тооцоог хийх

Ажил тус бүрд орох материалын жагсаалт гаргана.
Материалын орцын нормыг судлах;
Нэгж ажилд орох материалын орцыг тодорхойлох;
Ажлын тоо хэмжээгээр материалын нийт орцыг тодорхойлж, нэр төрлөөр нь нэгтгэнэ.
Материалын үнийг судалж, нэгжийн үнийг тогтооно.
Нэгжийн үнийг нийт орцоор үржүүлж материалын зардлын тооцоо хийнэ.
​Төсөвт тээврийн зардлыг автомашинаар хот доторх ачаа тээвэрлэгч хувь хүн, албан байгууллагын 2019 оны жишиг үнийг үндэслэн тооцож, нийт материалын тээврийн зайг км-ээр тооцож оруулна.
Эх сурвалж: Барилга сэтгүүл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: