Амины орон сууцны зураг төслийн ажлын дараалал

  • 2022-06-19 16:03:40

      Эрхэм та амины орон сууц барихаар төлөвлөж байгаа бол энэхүү мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Амины орон сууцаа барихын тулд хамгийн чухал алхам бол таны төсөөлөл цаасан дээр бууж төсөөллөө бодит болгох ажлын зургаа мэргэжлийн байгууллагаар зуруулах шаардлагатай.

Амины орон сууцны ажлын зураг нь эскиз буюу эх загвар зураг гаргахаас эхэлнэ. Эх загвар зураг нь таны төсөөлөн буулгасан санааг тантай зөвшилцөн харагдах байдал, хэлбэр хэмжээ, дотоод зохион байгуулалтыг тодорхой харуулсан зураг байна. Уг зургаас үндэслэн барилга архитектурын зургийг зурж, тухайн зургаас барилга бүтээц, халаалт агаар сэлгэлт, цэвэр бохир ус, цахилгааны инженерүүдэд даалгавар өгч зургийн ажлыг эхлүүлнэ.

Та жижиг ч бай, том ч бай амины орон сууц барих гэж байгаа л бол зураг төсөл, төсөв заавал хийлгүүлсэн байх шаардлагатай. Зураг төсөл хийлгэхгүйгээр зөвхөн төсөөлөл санаа төдийхнөөр, эсвэл аль нэг сэтгүүл, сайтаас авсан зургаар байшин барина гэвэл эцсийн үр дүнд нь сууц тань дулааны алдагдалтай, цан цохисон, агааржуулалт муутайгаас мөөгөнцөртсөн, ашиглалтын зардал өндөр халаалтын шийдэлтэй, бөглөрч хөлдсөн бохирын системтэй болж, урсгал засварт маш их мөнгө зарцуулахад хүрнэ.

Барилга, архитектурын зурагт нь барилгын үндсэн хэмжээсүүд бүхий байгуулалт, огтлол, гадна нүүр талууд, хана суурь, хаалга цонхны хэсэглэлүүд, дээврийн байгуулалт огтлол, хаалга цонхны түүвэр зэргээс бүрдэнэ. Мөн гадна тохижилт, зам талбай, ногоон байгууламжийн зураг төсөл энэ хэсэгт хамаарна.

Барилга бүтээцийн зурагт хөрсний бүтэц нөхцөлөөс шалтгаалсан суурийн шийдэл, хана болон даацын бүтээцүүдийн зураг, давхар дундын хучилт, дээврийн байгуулалтын хийцлэл зэрэг нь байгуулалт, огтлолын зураг материалын түүвэртэйгээ багтана.

Халаалт, агаар сэлгэлтийн зурагт сонгосон халаалтын шийдлийн дагуу тооцсон халаах хэрэгслүүдийн байгуулалт, материалын түүвэр бүхий зураг байна. Агаар сэлгэлтийн хувьд амины орон сууцанд ариун цэврийн өрөө, гал тогооны өрөөнүүд л агааржуулалтын системийн схем бүхий түүвэр зураг байна.

Цэвэр бохир усны зурагт сонгосон бохирын шийдлийг зааж, дотор бохир усны системийн байгуулалт, гадна бохир усны системийн байгуулалтуудыг тусгасан тус бүрийн материалын түүвэртэй зургаас бүрдэнэ. Ундны усны эх үүсвэрийг тухайн нөхцөл байдлаас шалтгаалан сонголт ялгаатай байх учир сонгосон шийдлээр байгуулалтын болон схем зураг гаргана. Хэрэглээний халуун усны шийдлийг тухайн зурагт тусгана.

Цахилгааны ажлын зурагт гадна, дотор холболтын байгуулалтууд, дотор гадна гэрэлтүүлэг, хүчит төхөөрөмжийн байгуулалт, дотор гадна шитний байрлал, материалын түүврүүд багтана.

Холбоо дохиололын зураг нь галын болон утаа мэдрэгч, хамгаалалтын дохиоллууд, дотор интернэт холбооны зураг төслөөс бүрдэнэ. Иймд насан туршийн үнэ цэнэтэй эд хөрөнгөө мэргэжлийн байгууллагт хандан төсөөллөө бодит болгожь мөрөөдлийн амины орон сууцныхаа зургийг мэргэжлийн өндөр түвшинд хийлгээрэй.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: