Чанартайг сонгож бага төл…

  • 2022-06-19 17:01:48

              Амины орон сууцтай болохоор төлөвлөж буй иргэдийн хандлага нь эдийн засгийн хэмнэлттэй, ашиглалтын зардал бага, эрүүл мэнд байгаль экологид ээлтэй талаас нь сонголтоо хийхэд анхаардаг болсон. Ногоон барилга гэдэг нь эрчим хүчний хэмнэлттэй дэвшилтэт технологи нэвтрүүлсэн, хүний эрүүл мэнд болон байгаль орчинд ээлтэй гээд маш олон хүрээг хамарсан ойлголт юм. Ногоон барилгыг хэрхэн төлөвлөснөөс хамаарч зардал харилцан адилгүй. Ердийн барилгыг бодвол шаардлагад нийцэх барилгын материал, үнэ, чанар, мэргэшсэн ажиллах хүч, ухаалаг систем гэх мэт анхны хөрөнгө оруулалтын хэмжээ өндөр байдаг. Гэсэн ч ашиглалтын явцад урсгал засварын зардал багатай, эрчим хүчний хэмнэлт гэх зэргээр хөрөнгө оруулалтаа нөхөх бүрэн боломжтой. Нэг ёсондоо чанартайг сонгож эцэст нь бага төлнө гэсэн үг.

Ногоон барилга нь барилга барьж эхлэхээс ашиглалтад орсны дараах бүхий л хугацааг хамарсан ойлголт. Хүний эрүүл мэнд, байгаль орчинд ээлтэй байх, нөөцийг үр ашигтай ашигласан байх, барилгын ажлын төлөвлөлт, архитекторын шийдэл хийхээс эхлээд барилгыг барих үйл явц, ашиглаж буй барилгын материал, барилгын дотоод, гадаад орчин зэргийг бүхэлд нь цогцоор нь авч үздэг.
1. Эрчим хүчний хэмнэлттэй
Барилгын хийцлэлийн хувьд дулааны алдагдал хамгийн бага байх, гэрэлтүүлэг болон бусад инженерийн том шугамнууд нь автомат байдлаар ажиллахаас гадна эрчим хүчний хэмнэлттэй, хэрэглээндээ таарсан байх хэрэгтэй.
2. Усны хэмнэлттэй
Сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий ухаалаг суултуур, далд бочки, холигч, шүршүүр зэрэг сантехникийн тоноглолууд нь усны нөөцийг хэмнэх боломж олгож байна.
3. Дотор агаарын чанар
Барилга доторх агаар сэлгэлт, цэвэршүүлэлт, хөргөлтийг шийдвэрлэсэн буюу агааржуулалтын системтэй байх шалгуурыг хангасан байх учиртай.
4. Тохиромжтой эргономик шийдэлтэй байх
Барилгын зураг төсөл гаргахдаа хүний ажиллаж, амьдрах тав тухтай орчин нөхцөл, нөөц бололцоог тооцоолон өрөөний зохион байгуулалт, барилгын орц гарц, явган хүний зам, ерөнхий төлөвлөлтөд зөв тусгасан байх шаардлагатай.
5. Эко барилгын материал, технологи ашигласан байх
Барилгад ашигласан материалууд хорт бодис, хүнд металлын агууламжгүй, эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхээргүй байх.
6. Стандартаар тогтоосон “Ногоон байгууламж”-тай байх
Барилга нь өөрөө хүний эрүүл мэндээс гадна байгаль орчинд сөрөг нөлөөгүй байх ёстой. Орчиндоо бохирдол, хог хаягдал үүсгэдэггүй байх болон ногоон байгууламж, ногоон дээврийг зохих хэмжээнд зөв төлөвлөсөн байх ёстой. Ногоон дээвэр гэж ярих болсон нь ногоон байгууламж хийх хангалттай газаргүй бол барилгынхаа дээвэр дээр хийхийг зарим улс орнуудад журамлах болсон. Жишээ нь, Сингапурт барилгын 30%-иас багагүй талбайд ногоон байгууламж байх ёстой гэсэн шаардлага тавьдаг.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: