Амины орон сууцны өрөөний зохион байгуулалтаа шинэлэгээр төлөвлөх нь…

  • 2022-06-19 17:06:25

              Урин дулаан цаг наашилж амины орон сууц барихаар төлөвлөж байгаа иргэддээ зориулж энэ удаагийн зөвлөгөө мэдээллээ өрөөний зохион байгуулалт, төлөвлөлт гэсэн сэдвээр мэдээлэл хүргэж байна. Иргэдийн зүгээс өөрийн хэрэгцээ шаардлага санхүүгийн боломжиндоо тохируулж байшингыхаа м2 төлөвлөлтийг тооцоолдог.

Сүүлийн үеийн төлөвлөлтүүд дээр ихээхэн ахиц дэвшил, өөрчлөлтүүд гарч байна. Хүний хэрэгцээ шаардлага, хүсэл сонирхол цаг үетэйгээ нийлүүлэн өөрчлөгдөн хувьсаж байна. Гадны өндөр хөгжилтэй төсөл хэрэгжүүлэгч компаниуд байшингаа барихаасаа өмнө захиалагчийн хүсэл сонирхол, амьдралын хэв маяг, хобби, гадаад дотоод орчны тохижилт гэх мэт бүх төлөвлөлтийг хүнийг аз жаргалтай, амьдралаас таашаал авах мэдрэмж тал дээр тооцоо судалгаан дээр үндэслэж барилгын төлөвлөлтийг хийдэг. Манай ихэнх төсөл хэрэгжүүлэгч компаниуд өнөөх л уламжлалт маягаараа төлөвлөлт хийдэг. Заавал том м2-тай өрөөнд гоё сайхан төлөвлөлт хийдэг гэсэн ойлголтоосоо салах хэрэгтэй. Япончуудын жишээ байна. Жижиг м2 тай өрөөнд ч оновчтой төлөвлөлт хийдэг. Тавилга хэт нүсэр том байх албагүй.

Орчин үед ашигтай талбайгаа зөв зохион байгуулалттайгаар ангилан төлөвлөж байна. Жишээ нь: Хувцасны өрөө, зоорь агуулахын өрөө, чөлөөт цаг өнгөрөөх тоглоомын өрөө, ажлын өрөө, фитнесс дасгалын өрөө, саун жакузи алжаал тайлах өрөө гэх мэт хэрэгцээ шаардлага хүсэл сонирхолдоо нийцүүлэн төлөвлөж байна.

Том хаус барьчихаад хэрэгцээгүй олон өрөө төлөвлөөд яах учраа олохгүй байгаа бол өөрийн болон гэр бүлийнхээ хүсэл сонирхол хоббитойгоо уялдуулан шинэлэг төлөвлөлт хийж, хашаандаа Хаан шиг ч амьдрах боломжтой. Заавал байрлуулах шаардлагатай тавилга ба тоног төхөөрөмжийг харгалзан өрөөнүүдийн талбайн хэмжээг тогтоох нь зүйтэй ба хамгийн бага хэмжээ нь: зочны өрөө -12м2, унтлагын өрөөнүүд- 8м2 (мансардын давхарт байгаа бол -7м2), гал тогоо- 6м2 байна.

Өрөөнүүдийн хамгийн бага өргөн нь:
гал тогооны хэсэгт – 1,7м,
үүдний хэсэгт- 1,4м,
хонгил-0,85м,
ариун цэврийн өрөө- 1,5м,
бие засах өрөө- 0,8м байх ба харин бие засах өрөөний хамгийн бага гүн нь хаалга гадагшаа онгойход- 1,2м,
дотогш онгойход- 1,5м байна.

Амины орон сууцны өрөөний өндрийн доод хязгаар 2.5 м байна. Нар тогтмол тусах өрөөний хэмжээг 1-3 өрөө сууцанд нэг өрөөтэй тэнцэхээр тооцож төлөвлөнө. Унтлагын, зочны өрөө ба гал тогоо нь байгалийн гэрэлтүүлэгтэй байх ёстой. Нэг марштай шатны гишгүүрийн тоо 3-аас багагүй 18-аас ихгүй байна. Гишгүүрийн өргөн 25 см-ээс багагүй, өндөр 15 см-ээс багагүй ба 18 см-ээс ихгүй байна.
Та байшингаа төлөвлөхдөө барилгын зураг төсөл зохиоход баримталдаг барилгын норм дүрэм “БНбД31-05-05 Нэг айлын сууц”, “БНбД31-01-10 Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт”-ийн /www.Legalinfo.mn-с харж болно. Дараах заалтуудыг харгалзаж үзээрэй. БНбД31-01-10 нормыг нийтийн орон сууцанд баримталдаг ба хувийн орон сууцанд үүнийг жишиг болгон ашиглаж болох юм.

 
 

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: