Байшин барих газраа сонгохдоо анхаарах хүчин зүйлс…

  • 2022-06-20 14:46:39

                 Урин дулааны улирал эхлэхтэй холбогдоод иргэдийн зүгээс амины орон сууц барих газар худалдаж авах эрэлт нь нэмэгддэг. Энэ удаагийн зөвлөгөө мэдээллээр таны насан туршийн үнэ цэнэтэй хөрөнгө оруулалт болох газар сонголтын талаарх мэргэжлийн экспертийн зөвлөгөөг хүргэж байна.

Амины орон сууц барихад хамгийн түрүүнд газраа маш сайн судлах хэрэгтэй. Суурь тавигдах хамгийн сайн хөрс бол хадан хөрс байдаг. Харин хамгийн муу гэвэл монголын нөхцөлд намагтай газар. Үүнийг овойдог хөрс гэдэг. Хөрсөнд агуулагдах шаварлаг болон хөрсний усны улмаас өвөл хөлдөж эзлэхүүнээ тэлж хавар гэсэж буцаад багасдаг. Таны барилга барих газрын шинж чанараас хамаарч суурийн тооцоо гардаг.
Суурийн хувьд хамгийн түгээмэл асуудал бол Намаг болон цэвдэгтэй газар байдаг. Ийм газар технологийн дагуу барилгаа бариагүй хүмүүс 2 жилийн дараанаас л мэдэрч эхэлнэ. Өвөл байшинг нь өргөж зун нь буулгаж хана туургыг нь цуулж бага багаар эвдэж байдаг.

Намаг цэвдэгтэй газар байшин барих боломжтой юу?

Мэргэжлийн хүмүүс ийм газар хөрөнгө оруулалт хийж барилга барьснаас бариагүй нь дээр гэж үздэг. Учир нь намагтай газарт эдэлгээний явцад ямар ч асуудалгүй барилга барихын тулд багагүй хөрөнгө шаардагддаг. Магадгүй таны намагтай газар хийх суурь шинэ газар авах мөнгөтэй тэнцэх тохиолдол ч байж болох юм.

Хэрэв хөрсний усны түвшин хөлдөлтийн гүнээс 2 метрээс доор байвал овойлт үүсэхгүй гэж үздэг. Хөрсний устай газарт хөрөнгө оруулалт хийхээс татгалзах хэрэгтэй. Хөрсний бүтцийг өөрчилж, барилгад эвдрэл өгч байдаг маш аюултай зүйл. Хөрсний устай газар барилга барих болвол усны түвшинг багасгах буюу ус зайлуулах систем татаж байж сууриа цутгадаг.
Үнэхээр таны худалдаж авсан газар асуудалтай тэгээд та ч барихаар шийдсэн бол мэргэжлийн хүнд хандаж хөрсний шинжилгээ хийлгэх, ойр хавийн айлуудаас газрын бүтцээ асууж тодруулах, технологийн дагуу хийх хэрэгтэй. Хүний үгээр үг хийж, сэтгэл хөдлөлөөр худалдан авалт хийвэл эрсдэлтэй.

Бид нэгнийхээ байшин барьсан туршлага дээр үндэслэж Өө энийг ингээд хийцэн байншдээ, янзын дулаахан байна, гээд л дуурайгаад аваад хаячдаг. Гэтэл асуудал гараад эхэлвэл яах вэ? Тэднийх дулаахан сайхан байшин нь бүрэн бүтэн байгаад байхад танайх хүйт даагаад байшин чинь хагарч цуураад эхэлвэл…

Ийм учраас л барилгын мэргэжилтнүүд байршил хаана вэ? гэж асуудаг. Дулаан техникийн тооцооны хувьд гэхэд л Улаанбаатар хот орчмыг 12 бүсэд хуваан авч үздэг. Өлзийт хавиар тооцооны дундаж температур -38 целс байхад Морин-уул хавьд -27 целс гэх жишээний.

Тооцооны температур гэдэг нь тухайн бүс нутгийн жилийн хамгийн хүйтэн 3 хоногийн ч юмуу 5 хоногийн олон жилийн дундаж температурыг хэлдэг. Үүн дээр үндэслэж дулаан техникийн тооцоо явагддаг.
Эх сурвалж: Өөрөө байшингаа барьж буй хүмүүсийн туршлага хуваалцах газар групп https://www.facebook.com/groups/2465510760376525

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: