Япон улс анхны ухаалаг хотыг байгуулах ажлаа эхлүүллээ

  • 2022-06-20 14:47:45

        Японы алдарт Тоёота корпораци “Woven Planet holdings”-той хамтран ‘Woven City’ хэмээх Японы анхны ухаалаг хотыг байгуулах ажлаа эхлүүллээ. Робот, автомат жолоодлоготой автомашин, хиймэл ухаан гээд бүгдийг л багтаасан энэхүү хот Фүжи уулын ойролцоох Тоёотагийн хуучин үйлдвэрийн газарт байрлах бөгөөд нарны зайн хураагуур болон устөрөгч-хүчилтөрөгчийн урвалаас эрчим хүчээ гарган авах гэнэ.

‘Woven City’ хэзээ ашиглалтанд орох нь тодорхойгүй.

Тоёота корпорацийн мэдээлснээр ‘Woven City’ нь автомат жолоодлоготой автомашин, хиймэл оюун ухаан, робот зэргийг бодит орчинд нэвтрүүлнэ гэв. Энэхүү хот гурван өөр төрлийн гудамжны сүлжээтэй ба нэг нь автомат жолоодлоготой төхөөрөмжүүдэд зориулагдсан бол нэг нь явган зорчигчдод, нөгөө нь хувийн тээврийн хэрэгсэлтэй иргэдэд зориулагдах аж. Мөн газар доороо нийтийн тээврийн асуудлыг шийдэхээр зохицуулагджээ.

Тоёота корпораци ухаалаг хотынхоо нийтийн тээвэр, хүргэлтийн үйлчилгээ, явуулын жижиглэнгийн худалдаа, явуулын зочид буудал, явуулын ажлын байр зэргээ бүгдийг нь e-palette хэмээх өөрсдийн сүүлийн үеийн ухаалаг тээврийн хэрэгслээр шийдэх гэнэ.

 

Харин хотын барилгын тухайд, нүүрстөрөгчийн давхар ислийг багасгах зориулалттай модоор баригдаж, оршин суугчдын эрүүл мэндэд анхаарал тавих хиймэл оюунд суурилсан мэдрэгч төхөөрөмжүүдээр тоноглогдох ажээ.

Тоёота корпорацийн ерөнхийлөгч Акио Тоёода ухаалаг хотын талаар “Woven City төсөл маань өнөөдөр эхэлж байна. Ямарваа нэгэн ажлыг шийвэрлэж, эхлүүлэх үргэлж амаргүй байдаг. Өнөөдрийг хүртэл бидэнд итгэж, дэмжиж ирсэн хүмүүстээ гүн талархал илэрхийлье. Бидний байгуулах хот “хүн-төвтэй”, “амьд ажиллах орчинтой”, “үргэлж өөрчлөгддөг” байна. Хамтран ажиллагч түнш байгууллагуудынхаа тусламжтайгаар бид төрөл бүрийн гарал үүсэлтэй хүмүүсийн аз жаргалтай амьдрах, ирээдүйг бий болгоно” хэмээжээ.

Эхний ээлжинд 360 орчим оршин суугчтай байх бөгөөд цаашдаа Тоёотагийн ажилчидтай нийлээд 2000 гаруй хүн амтай болох гэнэ.

Ухаалаг хотын зураг төсөл, зохион байгуулалтыг Нью-Йоркийн дэлхийн худалдааны төв болон Калифорни дахь “Google” компанийн төв оффисын зураг төслийг хийсэн Данийн алдарт архитектор Бьярке Ингельс хийжээ.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: