Эрчим хүчний хэмнэлтийг дулаан алдагдалгүй чанартай барилгаар хэмжинэ

  • 2022-06-20 17:10:46

               Эрчим хүчний хэмнэлттэй барилгын талаар ихээхэн сонсдог ч иргэдийн зүгээс эрчим хүчний хэмнэлт гэхээр цахилгаан халаалтанд гол анхаарлаа хандуулдаг. Эрчим хүчний хэмнэлтийн хамгийн чухал нь дулаан алдагдал багатай чанартай барилга баригдахаас эхэлнэ. Хэдий чинээ дулаан алдагдал бага байна эрчим хүч тог бага зарцуулна гэсэн үг. Дулаан алдагдал ихтэй, чанар стандартын шаардлага хангаагүй барилгыг мянга сайн халаалтын систем суурилуулаад ч нэмэргүй. Барилга бол эрчим хүчийг хамгийн их хэрэглэгч, агаар мандлыг нүүрсхүчлийн хийгээр бохирдуулах эх үүсвэр юм.

Дэлхий даяар хэрэглэгдэж байгаа эрчим хүчний 40 гаруй хувийг барилгын дулаан болон хөргөлтөнд хэрэглэж байдаг. Барилгын дулаанд зарцуулж байгаа эрчим хүчний хэмжээг 70-80 хувиар багасгах боломжтой. Эрчим хүчний ирээдүйн төлөө санаа тавьдаг эрдэмтэд, улс төрийн зүтгэлтэн, иргэн хүн бүрийн үндсэн зорилгын нэг нь чанартай сайн барилга бариулахад анхаарах ёстой. Бид дулаацахын тулд халаалтын систем ашиглаж байгаа ч үйлдвэрлэсэн дулааныхаа 50 гаруй хувийг агаарт цацаж байдаг.

A-G ХҮРТЭЛХ ЦАХИЛГААН ЗАРЦУУЛАЛТЫН ҮНЭЛГЭЭ
G үнэлгээ нь хамгийн “их иддэг” буюу цахилгаан зарцуулалт ихтэй болохыг заана. Түүнээс дээш багассаар А нь хамгийн “бага иддэг” барааны үнэлгээ юм. Сүүлийн үеийн цахилгаан бараанууд эрчим хүчийг дээд зэргээр хэмнэх шинэ технологиуд дээр суурилж байгаа учраас 2012 онд А-аас хойш А+, А++, А+++ гэдэг 3 үнэлгээг гаргажээ.

Дулааны эрчим хүч хэрэглэгчдийн тоо улам бүр өсч байгаа бөгөөд 2016 оны байдлаар төвлөрсөн дулаан хангамжаас дулаан авч байгаа байшин барилга бүхий үйлдвэр, аж ахуйн газар, компанийн тоо 36000-д, ахуйн хэрэглэгчдийн тоо 273000-д хүрээд байна. Аймгийн төв, Улаанбаатар хотын барилгууд нь дулааны алдагдал ихтэй байгаагийн зэрэгцээ дулаан дамжуулах шугам маань бас дулааны алдагдлын нэг том шалтгаан болсоор байна. Олон нийтийн зориулалттай барилгын халаалт, дулаан хангамжид тухайн барилгын нийт эрчим хүчний хэрэглээний 40-50 хувийг зарцуулж байна, орон сууцны барилгын хувьд 70-80 хувьд хүрч өсдөг.

Архитектур төлөвлөлтийг хийхийн тулд эхлээд барилгынхаа тухай сайтар төсөөлөлтэй болох нь чухал.
Дараах үндсэн шаардлагуудыг архитектур төлөвлөлтөнд анхаарах хэрэгтэй байдаг:

• Гадна гадаргуугийн талбайн хэмжээ буюу барилгын хэлбэр овор багатай байх
• Өмнө зүг рүү харсан хаших бүтээцийн талбайг аль болох их байлгах
• Материалын сонголт, дулаан алдагдал багатай барилгын материал хэрэглэх
• Барилгад дулаан тусгаарлалт болон дулаан нөөцлөх өндөр чанартай материал, хийц бүтээц хэрэглэх
• Барилгын нарны эрчим хүчний ашиглалтыг нэмэгдүүлэх.
• Нарны идэвхигүй ба идэвхитэй систем ашиглах боломжтой байх
• Өрөөний зохион байгуулалт, бүсчлэл. Өрөөний зохион байгуулалтанд дулаан солилцоо болон агаар сэлгэлтийн онцлогийг харгалзах
• Байгалийн гэрэлтүүлгийг аль болох их урт хугацаатай байхаар тооцоолох

Тэгэхээр зөвхөн барилгын халаалтад зарцуулагдах эрчим хүчийг хэмнэхэд тухайн барилгад зарцуулах эрчим хүчний нийт зарцуулалт хамгийн багадаа 10-20 хувь буурах боломжтой юм. Барилгын эрчим хүчний хэрэглээг хэмнэлттэй төлөвлөх, эрчим хүч бага зарцуулдаг, бүтээмж өндөртэй халаалт, хөргөлт, агаар сэлгэлтийн тоног төхөөрөмж сонгон төлөвлөх, барилга угсралтын явцад дулаан тусгаарлалтын ажлыг зураг төсөлд заасан, технологийн дагуу гүйцэтгэх зэрэг үндсэн арга хэмжээнд анхаарал хандуулахад л хэмнэлт бий болж болохоор байна.

Байшин барилгын жилийн халаалтын эрчим хүчний нэгж хэрэглээг зураг (кВтц/м2.жил)-аар үзүүлэв.

Эрчим хүчний хэмнэлт үр ашиг: http://ecc.erc.gov.mn/

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: