Амьдрах орчноо сайжруулах сэтгэлгээний хувьсал хэрэгтэй…

  • 2022-06-20 18:56:02

100-н жилийн өмнөх гэр хорооллын дүр зураг уламжлалт гэр сууцнаас хэдэн шавар байшин болон өөрчдлөгдсөн нь нүдэнд илхэн. Хотын хөгжилд хэдэн арван тэрбумаар нь төсөв баталдаг хирнээ гэр хорооллын хөгжил гэдэг ойлголтыг зөвхөн Утааны асуудал мэтээр үзэж, олон арван жилийн нүүрийг үзлээ. Жилийн жилд хүйтний улирал хаяанд ирэхээр л утааны асуудал сөхөгдөж дорвитой шинэчлэлт хийдэггүй. Өнөөх л уламжлалт аргаараа шийдсээр… Шийдэл шинэчлэлт хаа байна.

Дэлхийн 17 дахь том газар нутагтай манай улс агаар, хөрс, орчны бохирдолдоо живсээр удаж байна. Гэр хороололд амьдарч буй айлууд нүхэн жорлонгоо ухах ч газаргүй боллоо.
Манайхан гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар улиг болтлоо ярьдаг ч гэр хорооллын одоогийн байгаа орчны хөгжлийн талаар дорвитой ажил хийгддэггүй. Хүн амьдарч байгаа, хүний нийгэм байгаа газарт ялгавартай хандаж хөгжлөөс хол тасарч болохгүй. Зөвхөн нүдэнд ил үзэгдэх хотын хөгжлийнхөө талаар ярьдаг ч нүднээс далд гэр хорооллын хөгжил жинхэнэ утгаараа тэг зогсолт хийгээд удаж байна.

Өвөл нь дэлхийн дунджаас хэд дахин өндөр хортой агаараар амьсгалж, зун нь саарал шороондоо булуулсаар…Улаанбаатар хот гэдэг угтаа нэгэн цул, нийлмэл эд эс юм. Гэтэл орон сууцны болон гэр хороолол гэж өдөр шөнө шиг өөр, өнгө будгийн онцгой ялгарал харагддаг нь манай хотын онцлог юм шиг.
Гэр хорооллын хөгжил, хотын хөгжилд стандарт гэж байх ёстой. Нэн ялангуяа гэр хорооллын хөгжилд хашааны стандарт, ногоон байгууламжийн стандарт, явган замын стандарт гэж алга. Жишиг стандарт нь байлаа ч хэрэгжилтэнд нь анхаардаггүй.

Гадны өндөр хөгжилтэй орнууд дахин төлөвлөлтийг төрөлжүүлж хөгжүүлсээр байна. Амины орон сууцны хотхон хороолол, нийтийн орон сууцны хороолол гэх мэт. Дүүргүүдээ бизнес, аялал жуулчлал, худалдааны дүүрэг гэх мэтээр ангилан хөгжүүлж газрын байршлын үнэ цэнээ тодотгож хөгжүүлж байгаа нь эдийн засаг болоод гадны хөрөнгө оруулалтанд чухал нөлөөтэй.
Жишээ нь: Японд үйлдвэржилтийн бүсийг өөрчилж, хүн амьдрахад таатай болгож сайжруулдаг. Иргэдээ таатай ая тухтай, аз жаргалтай орчныг бүрдүүлэх тал дээр нэгдсэн төлөвлөлтүүд хийж бүсчлэлээ төрөлжүүлдэг. Монголчууд утаа гаргаад байгаа тухайн бүсчлэлд амьдарч байгаа иргэдийн зөвхөн утааны асуудлыг хөндөхөөсөө илтүүтэйгээр амьдарч буй орчныг нь хөгжүүлэхгүй л бол баян хоосны ялгаа, газрын үнэ цэнэ гэх мэт олон асуудлууд хэвээр л байх болно. Япон улс бүтээн байгуулалтынхаа 40-60 хувийг нийтийн эзэмшил, ландшафт ногоон байгууламжийн бүтээн байгуулалт төлөвлөдөг.

Жишээ: Солонгосын Засгийн газар 1972 оны дөрөвдүгээр сард бүх мужийн Засаг дарга, хотуудын дарга нарыг Сөүлд урьж, “Шинэ тосгон” хөдөлгөөний тухай анхны чуулган хийжээ. Удалгүй Ерөнхийлөгч Пак энэ хөдөлгөөнийг орон даяар эхлүүлэхийг иргэддээ уриалан, Засгийн газраас тосгон бүрт 335 шуудай цемент өгсөн гэдэг. Энэ шинэ материалаар юу хийхээ тосгоныхон өөрсдөө шийдэж, нутгаа хөгжүүлэх хороо байгуулан, эрэгтэй, эмэгтэй тэргүүнээ сонгов. Тосгоныхон дэд бүтэц, орон байраа тохижуулахад нь Засгийн газраас нь дэмжлэг үзүүлсээр ирсэн байдаг.

Хүн бүр хичээн зүтгэснээр үзэл бодолд нь эргэлт гарч, хамтран ажилласныхаа үр дүнг бэлхнээ харж, өөртөө болон бусадтайгаа харилцах хандлага нь өөрчлөгдсөн юм. Тосгоноо хөгжүүлэх хорооны удирдлага дор ажлын болон залуус, эмэгтэйчүүдийн клуб зэрэг сонирхлын бүлгүүд бий болсон нь тэдний харилцаа, хандлагад эерэг өөрчлөлт авчрав. Хамгийн гол нь үйл ажиллагаа нь хууль ёсны, төрийн дэмжлэгтэй, үр өгөөжтэй болохыг хүн бүр мэдэрч байжээ.

Яваандаа төслүүдийн санхүүжилтийн 20 хувийг тосгоны иргэд гарган, 30 хувийг нь төрөөс дааж, үлдсэнд нь зээлийн хоршоодоос (Credit Union) зээл олгодог болов.

Нэгэнт л дундаа зээл авсан болохоор хүн бүр оролцох ёстой гэдгийг Тосгон хөгжүүлэх хорооноос гишүүн бүртээ сануулж, хөдөлмөрийн хатуу сахилга бат бүрдүүлжээ. Төслийг төлөвлөх, хэрэгжүүлэхэд техникийн зөвлөгөө, зарим материалаар ханган, мэргэжлийн сургалт зохион байгуулахад Засгийн газар нь орон нутгийн удирдлагаар нь дамжуулан дэмжиж байв.

Дэлхийн ихэнхи томоохон улс орнууд өөрчлөлт шинэчлэлтийн жишгээр л хөгжиж байна. Иргэдийн зүгээс ч төр засаг хийхийг хүлээж суухаасаа илүүтэйгээр хөршийн холбоо, гудамж, хорооллоороо нэгдээд нэгдсэн зохион байгуулалтанд орж, амьдарч буй орчноо сайжруулах тал дээр анхаардаг. Гэр хороолол, зуслангийн бүсэд ландшафт, ногоон байгууламжийн тохирсон жишиг стандартыг нь тогтоогоод өгвөл газрын үнэ цэнэ ч бүсчлэлээрээ тэнгэр газар шиг ялгаатай үнэтэй байхгүй.

Нийтэлсэн: Амины орон сууцны инновац хөгжлийн төв

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: