Хашаандаа амины орон сууцаа хэрхэн төлөвлөх вэ?

  • 2022-06-20 19:00:42

Бидний мэдэх “сайн дурын барилгачид” хамгийн түрүүнд нэг байшингийн зураг олоод авчихсан, энэ хэд орчим болох вэ? гэж эхэлдэг. Танил дүр зураг байгаа биз? Гэвч тэдний асуултад хариулт өгөх хүн байхгүйгээс гадна хэрэв байлаа гэж бодоход ямар ч хамаагүй аргаар хүний байшин барьж өгнө гэж хэлээд дунд нь үнээ нэмээд зогсоочихдог бүтэл муутай хүмүүсийн өгөөш болоод л өнгөрдөг. Эсвэл Хөвсгөлөөс нэг сайхан торх олж ирээд, мужаан Батааг гуйгаад гэх мэтээр байшингаа ч төлөвлөөгүй атал барих хүн, материалаа яриад эхэлдэг нь манайхны дунд нийтлэг үзэгдэл юм. Тэгвэл үнэхээр амины сууц барих ажил юунаас эхлэх вэ?

Хамгийн түрүүнд хэрэгцээгээ зөв тодорхойлохоос эхлэнэ. Хэрэгцээг тодорхойлохдоо та юуны өмнө дараах асуултуудыг өөрөөсөө болон гэр бүлээсээ асуугаад хариулаад үзээрэй.

Ерөнхий хэрэгцээ тодорхойлохдоо танд амины сууц зайлшгүй шаардлагатай юу?, амины сууц барих санхүүгийн эх үүсвэр бий юу, эсвэл зээл авах боломжтой юу? Танай гэр бүл амины сууц барих газартай юу?, ашиглалтын хэрэгцээгээ тодорхойлохын тулд ямар материалаар барих, төвийн цахилгаанд холбогдох боломжтой эсэх, цэвэр усны хангамжтай эсэх, төв замаас хэр зэрэг зайтай вэ, таны сонгосон газар налуу эсэх, уулын жалга, судаг ойрхон уу, үер болж байсан уу, ойр хавийн айлуудын дунд хана хагарсан, эвдрэлтэй байшин байсан уу, газрын гэрчилгээ, гэрээгээ шалгаж үзэх, төлөвлөлтөд орж болох эсэх талаарх мэдээлэл танд болон хөршүүдэд чинь байна уу зэрэг асуултуудын хариултыг олж барилгын ажил эхлүүлэх эсэхээ шийдэх хэрэгтэй. Ингэхдээ мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авахад илүүдэхгүй.

Төлөвлөлтийн хэрэгцээгээ тодорхойлохын тулд гэр бүлийн гишүүдийн тоо, хэдэн өрөөтэй байх, хүүхдийн болон ажлын өрөөг төлөвлөх эсэх, агуулах, граж, мужааны ажил хийх өрөө шаардлагатай юу, танай гэр бүлд нэг 00-ийн өрөө багадах уу, уг сууцанд тогтвортой амьдрахаар төлөвлөж байна уу зэрэг асуултуудад “гэр бүл”-ийн хамт үнэн зөв нухацтай хариулснаар шаардлагагүй хөрөнгө оруулалтаас зайлсхийж зөвхөн өөрсдийн хэрэгцээг тодорхойлж авна.

Хэрэв танд амины сууц зайлшгүй хэрэгтэй, санхүү, газраа шийдчихсэн ба түүн дээр байшин барих бүхий л нөхцөл бүрдсэн гэж үзээд зөвхөн зундаа ч биш өвөлдөө оччихдог 1 давхар 3-4 өрөөтэй байшинг 80м2-аас ихгүй 80 сая төгрөгт багтаан блокон ханатай, модон хучилттай барилга барихаар “шийдсэн” гэж үзье. Тэгвэл төлөвлөлтөө яаж хийх вэ?

Хамгийн түрүүнд санах зүйл бол эхлээд газартаа тохируулж төлөвлөлтөө хийгээд дараа нь барилгын хийцэд нь тааруулж өрөөнийхөө хуваалт хийнэ. Гэхдээ барилгын хийцэд тааруулж төлөвлөлт хийхийн өмнө өрөөний хуваалтыг хэрхэн хийдэг талаар ойлголттой болсон нь зөв байх.

Гадна төлөвлөлт: Ингээд дараах зургийг (зураг 1.1) танай хашаа гэж төсөөлөөд хамтдаа төлөвлөлт хийе.

Зураг 1.1-т үзүүлснээр хашаа нь урдаасаа хойшоо сунаж тогтсон боловч зам баруун талд нь байна. Харин нар зүүнээс мандаад газрын баруун талд жаргаж байна. Салхи манай нөхцөлд ихэнхдээ баруун хойноос салхилдаг тул чиглэлийг нь баруун хойноос гэж авлаа. Газар тэгшхэн, жалга судаг таараагүй мөн ямарваа нэгэн дэд бүтцийн инженерийн хангамжийн хамгаалалтын зурваст ороогүй болно.

Энэхүү өгөгдөл дээр буюу шинээр хийсэн төлөвлөлт дээр (Зураг 1.2) 8х10 хэмжээтэй байшинг хашааны хойд булангаас 3,0 метр, баруун булангаас 5,0 метр зайд тус тус зай авч зочны өрөө, гал тогоо, террасны хэсэг нар бүтэн үзэхээр урагш нь харуулж хашааны хойд хэсэгтэй параллель байрлууллаа. Энэхүү зай нь галын аюулгүй байдал болон хашааны сүүдэрлэлтэд өртөхгүй зай ба ашиглалтын явцад үйлчилгээ хийх зориулалтаар машин оруулах эсвэл галын машин бүтэн тойроход саадгүй зай талбай юм.

Энэ хэсэгт нэмж сануулахад байшин нь хөрш сууцаас дор хаяж 6,0 метрийн зайтай байх шаардлагатай ба энэ галын аюулгүй байдлыг бодолцсон хэмжээ юм.

Гараашийг барилгын баруун талд төлөвлөсөн бөгөөд энэ нь хашааны орц баруун талаасаа тул тус хэсэгт байрлуулсан болно. Зөв хувилбар нь гарааш барилгын нар бага үзэх талд буюу зүүн талд байвал зохистой эсвэл баруун талдаа боловч үл ялиг хойш нь барилгатай доголдуулж хойд талын хашаанаас 3,0 метр зайг тооцож аван байршуулж болно. / зураг 2.0 үз/ Эсвэл гараашийг барилгаас холдуулж байрлуулж болох ч 10,0 болон түүнээс дээш метр зайд байрлуулах нь хүнд хол байгаа мэт мэдрэмж төрүүлдэг аж.

Энэхүү нэг айлын төлөвлөлтөд цэвэр усны худгийг байшинтай ойр боловч хашааны зүүн буланд байршууллаа. Цэвэр усны худгийг газар руу нэвчүүлэх зориулалттай инженерийн хийц буюу септик танк, бохирын цэвэрлэх байгууламж, ил задгай 00 зэргээс дор хаяж 30,0 м-ээс дээш зай аван байршуулна. Бусад төрлийн хөрсний гүн рүү ямар нэгэн нэвчилт, хөдөлгөөн хийхгүй бүх төрлийн барилга байгууламжаас 5,0 болон түүнээс дээш хэмжээтэй зай авч байршуулна. Энэхүү зай нь засвар үйлчилгээ хийх, хамгаалалтын зурвас тогтооход ашиглагдана.

Гэхдээ амьдрал дээрх 30,0+ хэмжээг ашиглахад хүндрэлтэй бол худгийг хашааны баруун хойд буланд (энэ тохиолдолд хөршийн 00, ариун цэврийн байгууламжийг тооцох хэрэгтэй) цэвэрлэх байгууламжийг аль болох зүүн урд булан руу шахасхийж аль боломжоор нь хол зайд төлөвлөхийг эрмэлзэх хэрэгтэй.

Мөн дээрх шаардлагыг хангаж байгаа нөхцөлд гараашид байрлуулж болно. Гэхдээ энэ тохиолдолд худгийн өрөөг тусад нь төлөвлөж машины тос тосол, санаандгүй алдсан бохир, халаалтын системийн шингэн алдаж худгийн ус руу орох магадлалыг бүрэн үгүй хийх хэрэгтэй. Мөн худгийн насосыг эгц дээшээ татах боломжтойгоор таазыг өндөр, мөн хажуу тийш татахаар бол гадагш чөлөөтэй гаргах боломжтой өргөн хаалга эсвэл зурвас зайлшгүй байх ёстой гэдгийг мартаж болохгүй.

Ахуйн бохирыг ямархуу технологиор шийдвэрлэснээс үл шалтгаалж анхны худаг байшингаас 3,0 метрээс дээш зайд байхыг шаардана. Энэхүү худгаас цааш бохирын танк, цэвэрлэх байгууламж, шүүрүүлэх байгууламжууд байх бөгөөд дээрх байгууламжуудын эргэн тойронд периметрийн дагуу 3-5 метр хүртэл хамгаалалтын зурвас байгуулж дээр нь зүлэгжүүлэх, цэцэг тарихаас өөрөөр ашиглахгүй байх нь зүйтэй. Иймэрхүү төрлийн байгууламж засвар үйлчилгээнд орох, ашиглалтын үйлчилгээ авах шаардлага байн байн гарах магадлалтай тул дээрх арга хэмжээнүүдийг авч байгаа болно.

Сүүдрэвч, хүүхдийн тоглоомын талбай нь байшингийн урд зүгт байгаа тул 8,0 метр болон түүнээс дээш хэмжээтэй зайд байршууллаа. Энэхүү зай нь дуу чимээний бохирдол, шорлог хийх үеийн утаа униарыг тооцоолсон зай бөгөөд барилгын цонхгүй хажуу болон арын хана түүний ойролцоо бол дор хаяж 2,0 метрийн зайд дээрх байгууламжуудыг төлөвлөж болно.

Зурагт үзүүлсэнээр машины орц гарц хүүхдийн тоглоомын талбайтай огтлолцох тохиолдолд 0,6-0,8 метрийн өндөр бүхий үзэгдэх орчинг үл хязгаарласан явган хашааг барьж уг хоёр орчинг тусгаарлаж өгөх нь хүүхдийн аюулгүй орчинд тоглох, зорчих боломжийг эрс дээшлүүлдэг “сайн” туршлага юм. Та Европын орнуудад ийм жижиг хашааг хашаандаа байрлуулсан байхыг их харж болно.

Цахилгааны шит буюу самбарыг эргэн тойронд 1,0-1,5 метр зайд хамгаалалтын зурвас тогтоож байршуулах бөгөөд заавал газардуулагчтай байхыг анхаарна уу.

Ногоон байгууламжийн тухайд хэрэв том мод бол хашаа болон байшин, төрөл бүрийн агуулахаас багадаа 4,0 м зайд, Жимсны мод дундаж өндөртэй бут сөөг бол 2,0 м, жижиг бутлаг ургамал 1.0 м зайд тус тус бодож тариарай. Энэ нь тухайн модлог ургамал галын аюулд өртөж шатах, хүчтэй салхинд унах, үндэс нь суурь луу хавж гэмтээх зэргийг тооцсон зай хэмжээ юм.
Эх сурвалж: МЭРГЭШСЭН ИНЖЕНЕР Б.МӨНХБААТАР //www.barilga.mn/

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: