Ногоон барилга төлөвлөхөд анхаарах хүчин зүйлс

  • 2022-09-07 21:09:36

 “Ногоон барилга” гэж төслийн байршил сонголт, төлөвлөлт, угсралт, ашиглалт, засвар үйлчилгээ, сэргээн босголт, нураах гэсэн барилгын амьдралын мөчлөгийн бүхий л үе шатанд хүрээлэн буй орчиндоо хариуцлагатай, байгалийн нөөцийн хэмнэлттэй барилга байгууламжууд юм. Зарим тохиолдолд Тогтвортой барилга ч гэж нэрлэдэг.

Энэ шаардлагуудыг бүрэн хэмжээнд бүрдүүлэхийн тулд архитектор, инженер, захиалагч, гүйцэтгэгч гэх мэт бүх оролцогч талууд барилгын төлөвлөлтийн шатнаас хоорондоо нягт харилцаатай ажиллаж, тус бүрийн төлөвлөлтийн болон хэрэглээний шийдлүүдээр дамжуулан хүрээлэн буй, байгаль орчинд хөнөөл багатай барилга бүтээх шаардлага үүснэ. Хүрээлэн буй орчны өөрчлөлт, байгалийн нөөцийн хомсдолд барилгын салбарын үзүүлэх нөлөөг өргөн цар хүрээнд бууруулах зорилгоор «Ногоон барилгын хөдөлгөөн» нэртэй цогц үйл ажиллагааг АНУ-аас санаачлан хэрэгжүүлж эхэлжээ. Өнөөгийн нийгэмд дараах үндсэн гурван шаардлагын улмаас «Ногоон барилга»-ын хэрэглээ зайлшгүй чухлаар тавигдах болсон. Үүнд: Хүрээлэн буй орчны өөрчлөлт, байгалийн нөөцийн хомсдол Ногоон барилга төлөвлөж, барьж байгуулан хэрэглэх нь хүрээлэн буй орчны өөрчлөлт, байгалийн нөөцийн хомсдолын асуудлуудыг ёс зүйн болон хэрэглээний үүднээс зохистойгоор шийдвэрлэж буй явдал юм. Маш сайн ажиллагаатай «Ногоон барилгууд» нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр хэрэглэдэг, ус болон барилгын материалуудыг дахин хэрэглэх боломжтой, байгалийн болон хүний гараар бүтсэн ногоон байгууламж бүхий, бие даасан халаалт, агаар сэлгэлтийн системтэй байна.

Эдийн засгийн үр ашигтай байдал

Ногоон барилгын төлөвлөлт, барилга угсралтын ажлын анхны санхүүжилт өндөр байх нь элбэг тохиолдох хэдий ч барилгын урт хугацааны ашиглалтын зардал харьцангуй бага байх давуу талтай. Жишээ нь ундны хэрэглээнээс бусад ахуйн болон усалгааны хэрэгцээнд зориулсан борооны ус цуглуулах систем нь нэмэлт хоолой, ус нөөцлөх сан, шүүлтүүр, тунгаагуур зэрэг технологи, эдлэхүүнүүд шаарддаг боловч барилгын ашиглалтын явцад тэдгээр хэрэглээнүүдэд зориулж цэвэр ус боловсруулах зардлыг тодорхой хувиар бууруулдаг. Хамгийн оновчтой шийдлүүдийг тусгасан ногоон барилга нь анхны санхүүжилт, зардлаа харьцангуй богино хугацаанд ч нөхөх боломжтой.

Барилгын эрүүл ахуй, хэрэглэгчийн эрүүл мэнд

Оновчтой төлөвлөлттэй ногоон барилга (тогтвортой барилга) нь барилгын үр ашигтай ажиллагаагаар дамжуулан орон зайн хэрэглэгч болох хүний эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлдэг. 1984 оны Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (World Health Organization) -ын судалгааны тайланд дэлхий дахины хэмжээнд шинээр баригдсан болон дахин сэргээн засварласан нийт барилгын 30 хувь л эрүүл ахуйн шаардлага хангасан дотор агаарын орчин бүрдүүлж буйг тогтоосон байдаг. Үлдсэн хувь буюу эрүүл ахуйн шаардлага хангаагүй дотор агаарын орчин бүрдүүлсэн барилгуудад ажиллаж, амьдардаг хэрэглэгчдийн биеийн дархлаа буурах, хууч өвчлөл сэдрэх, хөдөлмөрийн бүтээмж буурах зэрэг барилгаас үүдэлтэй өвчлөл нэмэгдэх, улмаар жил бүр эмчилгээний зардалд 150 тэрбум ам доллар зарцуулж байгааг тогтоосон байдаг. 

Ногоон барилгад тавигдах шаардлага:

• Барилгын амьдралын мөчлөгийн тооцоо ба үнэлгээтэй /байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө бага

• Үр ашигтай төлөвлөлт

• Ашиглалтын үед ус болон эрчим хүчний хэмнэлттэй

• Тогтвортой материал ашигласан

• Дотор агаарын чанарын шаардлага хангасан

• Барилга угсралтын үеийн хог хаягдал бага,

• Буулгасны дараа гарсан материалыг дахин ашиглах боломжтой гэх мэт. 

Ногоон барилга төлөвлөхөд дараах үндсэн зарчмуудыг баримтална.

Үүнд: • Барилгын талбайг оновчтой сонгох: Тогтвортой барилга төлөвлөхдөө орон нутгийн экосистемд үзүүлэх нөлөө, зорчил, хөдөлгөөн хийх боломж, эрчим хүчээр хангах нөхцөл зэргийг тооцож, барилгын талбайг зөв сонгохоос эхлэх ба улмаар барилга байршуулах, зүг чигийг зөв тогтоох нь чухал юм.

• Барилгын эрчим хүчний хэмнэлтийн зарчим: Тогтвортой барилга нь сэргээгдэх эрчим хүчээр хангагдах боломжтой, эрчим хүчний хэрэглээ стандартад заасан хэмжээнд, түүнээс илүү хэмнэлттэй байх.

• Усны хэрэглээ: Дэлхий нийтээрээ ундны усны нөөцийн хомсдолд орж буй өнөө үед тогтвортой барилга төлөвлөхдөө ус хэмнэх, үр ашигтай зарцуулах, дахин ашиглах буюу саарал ус ашиглах боломжтой байдлаар төлөвлөдөг.

• Зөв төлөвлөлт: Барилгын хаших бүтээцийг зөв төлөвлөх, дулаан хамгаалалтын тооцооны программыг ашиглах, барилгын масс ба дулааны алдагдлын гүүрийг зөв тооцох, ногоон барилгын материал ашиглах, барилгын норм ба дүрэм, стандартуудыг баримтлах нь чухал юм.

• Дотор агаарын чанар: Барилгын дотор агаарын чанар нь хүний эрүүл мэнд, тав тухтай байдал, хөдөлмөрийн бүтээмжид хамгийн чухал хүчин зүйл байдаг. Дотор агаарын чанарт тавигдах нийтлэг шаардлагаас гадна чийгийн хяналт, агаар сэлгэлтийн зохистой ажиллагаа, байгалийн гэрэлтүүлэг зэргийг мөн авч үзэх хэрэгтэй.

• Одоо байгаа барилгуудад судалгаа хийх: Ихэнх тохиолдолд хуучин барилгуудыг судалж, одоогийн нөхцөлийг үнэлсний үндсэн дээр талбайг дахин сэргээх, барилга байгууламжийг сэргээн засварлах эсвэл шинээр барих нь оновчтой юм. • Хэрэглээ ба ашиглалтын менежментийг зөв хийх гэх мэт

Эх сурвалж: Ногоон барилгын төлөвлөлт ном

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: