Ногоон барилгын төслийн байршил сонголт ба ерөнхий төлөвлөгөөнд анхаарах зүйлс

  • 2022-09-20 13:33:41

Барилгын байршлыг сонгохдоо тухайн төслийн архитектурын хөтөлбөр, судалгааны үр дүнд үндэслэн байршлыг нарийвчлан судлах шаардлагатай. “Архитектурын программ” буюу “Архитектурын хөтөлбөр” гэдэг нь төлөвлөлт хийх ажлын цар хүрээг тодорхойлох, шийдвэр гаргах үйл ажиллагаа болон судалгааны үйл ажиллагааны нийлбэр юм.

Үүнийг манай орны хот байгуулалт, барилгын салбарт “Зургийн даалгавар” боловсруулах, “Төслийн судалгаа гүйцэтгэх” нэр томьёогоор авч үздэг. Дэлхий дахинд зарим тохиолдолд доорх нэр томьёонуудаар нэрлэдэг:

• Технологийн/тоног төхөөрөмжийн хөтөлбөр (программ)

• Барилгад явагдах үйл ажиллагааны (функцийн ажиллагааны) шаардлага

• Төслийн ажлын цар хүрээ Архитектурын хөтөлбөр боловсруулснаар шийдвэр гаргахад дэмжлэг болохуйц мэдээллээр хангаж илүү үр ашигтай, тогтвортой барилга бүтээн байгуулахад дэмжлэг үзүүлдэг чухал ач холбогдолтой. Архитектурын хөтөлбөр боловсруулахын давуу тал:

• Төлөвлөлт эхлэхээс өмнө ажлын цар хүрээг тодруулж, төсөлд оролцогч талууд оролцох

• Ажлын эхний шатанд тухайн төсөлд холбогдох материал цуглуулах, дүн шинжилгээ хийснээр төлөвлөлт зөв шийдэл дээр үндэслэх

• Архитектур төлөвлөлтийн үе шатуудад үүсдэг зураг төслийг дахин шинээр эхлэх ажил үгүй болж үр ашиг нэмэгдэх 

Олон улсын жишгээр архитектурын хөтөлбөр боловсруулах нь захиалагчийн үүрэг байдаг. Хөтөлбөр боловсруулах үйл ажиллагаанд захиалагчийн зүгээс өгөх чиглэлүүд нь харилцан адилгүй байна. Зарим тохиолдолд захиалагч нь хөтөлбөр нягтлан боловсруулахаас илүүтэй зөвлөх үйлчилгээ авдаг бөгөөд хөтөлбөр боловсруулагч нь чадварлаг архитектор, эсвэл олон жил туршлагажсан хүмүүс байдаг. Архитекторууд хөтөлбөр боловсруулахдаа зураг төслийн ажлын гэрээнээс тусдаа нэмэлт жишиг гэрээгээр гүйцэтгэдэг. Архитектурын хөтөлбөрийг хот төлөвлөлтийн төслүүдээс эхлээд хувийн, жижиг барилга, байгууламжуудын төсөл хүртэл авч үзэх боломжтой.

Тогтвортой барилгын төлөвлөлтөд зориулж архитектурын хөтөлбөр боловсруулах үйл ажиллагааг доорх 6 шатанд хувааж үзнэ. Үүнд:

1. Тухайн төсөл ямар төрөлд багтахыг тодорхойлох

2. Зорилго, зорилтуудыг тодорхойлох

3. Шаардлагатай мэдээлэл цуглуулах

4. Стратеги боловсруулах

5. Тоон мэдээллийн шаардлагыг тодорхойлох

6. Хөтөлбөрийг нэгтгэн дүгнэх

Тухайн төсөл ямар төрөлд багтахыг тодорхойлох. Архитектур төлөвлөлтийн төслийг анх удаа гүйцэтгэж байгаа бол энэ үе шат зайлшгүй шаардлагатай. Үүнд дараах шаардлагатай мэдээллүүдийг цуглуулсан байх хэрэгтэй.

• Тухайн барилгад шаардлагатай орон зайн судалгаа

• Тэдгээр орон зайд шаардлагатай талбай (нэг хүнд шаардагдах ам метр)

• Барилгад явагдах үйл ажиллагаанд шаардлагатай орон зайн нийтлэг харилцаа, хамаарал (функц)

• Барилгын шалны талбай ба эдэлбэр газрын талбайн харьцаа • Ижил төрлийн барилгын нэгж талбайн үнэ

• Ижил төрлийн барилгын ерөнхий төлөвлөгөөний шаардлага

• Бүс нутгийн асуудалд нөлөөлөх нөхцөл

• Техник, технологи, цахилгаан, агаар сэлгэлт, халаалтын болон бусад онцгой шаардлага зэрэг байна.

Дээрх судалгааг ном хэвлэл, баригдсан барилгын зураг төслийг шинжлэх, зөвлөх экспертүүд болон барилгын томсгосон төсвөөс бүрдүүлж авна.

Зорилго, зорилтуудыг тодорхойлох. Үүнд дараах зорилгуудыг анхаарна. 

• Зохион байгуулалтын үүднээс тавигдах зорилт: Захиалагчийн зорилго, ямар дүр зургийг төслийн үр дүнгээс хүлээж байгааг тодорхойлох

• Барилгын хэлбэр, дүрс ба харагдах байдлын үүднээс тавигдах зорилт: Дизайны гоо зүй болон сэтгэл зүйн нөлөө ямар байх ёстой вэ? Харагдах байдал нь орчноосоо ангид эсвэл ижил байх. Түүх, соёлын дам агуулга, утгыг тодорхойлох?

• Функц, явагдах үйл ажиллагааны үүднээс тавигдах зорилт: Барилгад явагдах үндсэн үйл НОГООН БАРИЛГА 27 ажиллагаа (функц) нь юу байх? Хүчин чадал? Үйлчлүүлэгчийн үйл ажиллагаанаас хамаарч барилгын дизайн сайжрах эсвэл муудах?

• Эдийн засгийн үүднээс тавигдах зорилт: Төслийн нийт төсөв хэд байх? Ирээдүйд эхэлж гаргасан хөрөнгө болон урт хугацааны турш төлөх засвар, урсгал засварын зардал ямар байх? Чанарын ямар түвшин хүсэж байна? (Хийгдсэн төсөлтэй жишиж үзэх) Цаашид байгалийн баялгийг хэмнэх, тогтвортой хөгжлийн чиглэлийг тусгах (эрчим хүч, ус гэх мэт).

• Цаг хугацааны зорилт: Барилга хэзээ ашиглалтад орох. 5, 10, 15, 20 жилийн хугацаанд ямар өөрчлөлт гарч болохыг тодорхойлох.

• Зохион байгуулалтын (менежментийн) зорилт: Энэ нь архитектур төлөвлөлтийн зорилт гэхээс илүүтэй эзэмшигч, захиалагч, хөтөлбөр боловсруулагч, архитектор хоорондын харилцаа, үйл ажиллагааны оновчтой арга зам тодорхойлоход чиглэнэ. Жишээ нь эскиз боловсруулах хугацаа дуусахад төслийг батлуулах, зөвшөөрөл авах хугацаа зэргийг уялдуулах гэх мэт.

Шаардлагатай мэдээлэл цуглуулах. Хэрэгцээт, чухал мэдээлэл цуглуулах нь архитектурын хөтөлбөр сайн боловсруулах үндэс юм. Дээрх зорилтууд дээр үндэслэн архитектур төлөвлөлтөд шаардлагатай материалуудыг багцлан тодорхойлж судална.

Үүнд: • Барилга байгууламжийн ашиглагч, барилгад явагдах үйл ажиллагаа, хуваарийг тодорхойлох. Хэн юу хийх? Хэдэн хүн тухайн үйл ажиллагаанд оролцох, ямар хугацаанд оролцох зэргийг мөн тодруулах шаардлагатай

. • Тухайн функц, үйл ажиллагаанд ямар тоног төхөөрөмж хэрэгтэй болох? Төхөөрөмжийн хэмжээг тодорхойлох шаардлагатай.

• Ирээдүйд нэмэхээр төлөвлөж буй үйл ажиллагааг тодорхойлох

• Тухайн функцэд шаардлагатай орон зайн ямар шалгуур байх (нэг хүн эсвэл нэгжид оногдох талбай)

• Бусад шалгуурууд, жишээ нь байгалийн гэрэлтүүлэг, акустик, хөдөлгөөний холболт, түүхэн дурсгалт хамгаалалт гэх мэт.

• Төрөл бүрийн функцэд шаардагдах хамгийн бага талбайн стандарт, норм байгаа эсэх?

• Эрчим хүчний хэрэглээ, шаардлага ямар байх вэ?

• Хөтөлбөр боловсруулахад нөлөөлөх хууль, эрх зүйн баримт бичиг байгаа эсэх,

• Ерөнхий төлөвлөгөөний судалгаа. Барилга байрших газар нь төлөвлөлтийн үндсэн нөхцөл болох тул хөтөлбөр боловсруулахад зайлшгүй харгалзаж үзэх шаардлагатай. Шаардлагатай бүхий л мэдээллүүдээс хэрэгцээтэй өгөгдлийг ангилан салгаж авах нь том сорилт байдаг. Барилга төлөвлөх үндсэн нөхцөл нь тухайн барилга дахин давтагдашгүй онцгой байх явдал учраас мэдээлэл цуглуулах арга нь төсөл тус бүрд тухайлсан захиалагчийн шаардлагаар хэрэгжинэ. Хөтөлбөр боловсруулах архитекторын үндсэн даалгавар нь цуглуулах мэдээллийн агуулгыг ухамсарлах явдал юм. Судалгааны заавар, гарын авлагын дагуу ажиллах нь шаардлагатай мэдээллийг өргөн хүрээнд харах, үнэлэхэд тусалдаг. Төслийн мэдээлэлд үнэлгээ хийх хоёр үндсэн баримтын хамаарлыг доорх зурагт үзүүлэв. 

Эх сурвалж: Штефан Фаатц, 2009

Ерөнхий төлөвлөгөөний судалгаа. Үүнд:

• Хууль ёсны газрын баримт бичиг

• Хот, дүүргийн ерөнхий төлөвлөгөөний бүсчлэл, төлөвлөлтийн заавар, хориглосон болон зайлшгүй тусгах шаардлагууд

• Барилга төлөвлөх талбайн ойр орчмын хөдөлгөөн (автобус, тээврийн хэрэгсэл, явган зорчигч) -ийг сайтар шинжилж үзэх

• Инженерийн шугам сүлжээ

• Байр зүйн зураг (дэвсгэр зураг)

• Барилга баригдах талбайн ойр орчмын цэгүүдээс харагдах байдал

• Барилга баригдах талбайн зэргэлдээ баригдсан барилга, байгууламж

• Байгаль, цаг уурын үзүүлэлтүүд

• Ургамал ба амьтад Барилгын байршил сонгохоос эхлээд барилгын орон зайн төлөвлөлтийн зураг төсөлд цаг уурын үзүүлэлтүүд, загварчлал программуудыг ашиглана. Барилгын төлөвлөлтөд хэрэглэх уур амьсгал, геофизикийн үзүүлэлтүүдийг БНбД 23-01-09 «Барилгад хэрэглэх уур амьсгал ба геофизикийн үзүүлэлт» норм ба дүрмийн дагуу тооцно. 

Барилгын талбайг сонгосон тохиолдолд тухайн талбайн тохижилтын зураг төсөл, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, барилгажилтын төсөл болон ерөнхий төлөвлөгөө зэрэг дээд шатны төлөвлөлтийн зарчмуудыг нарийвчлан судалж хамгийн оновчтой хувилбарыг тодорхойлох замаар барилгын ерөнхий төлөвлөгөө боловсруулж ажиллана.

Барилгын байршлыг нарийвчилсан байдлаар сонгож, тодорхойлоход доорх судалгааны үзүүлэлтүүдийг тодруулж дүн шинжилгээ хийнэ.

Үүнд: Байршил

• Дүүргийн орчны тойм

• Барилга баригдах талбайн орчны тойм

• Барилга баригдах талбайгаас гол зам хүртэл явган зорчих хугацаа

• Барилга баригдах талбайгаас үйлчилгээний төвүүд хүртэл зорчих хугацаа (энд хотын чанартай, хорооллын чанартай болон дүүргийн чанартай үйлчилгээний төвүүдийг авч үзнэ)

Орчин

• Одоо байгаа болон Ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан үүргийн бүсчлэл

• Одоо байгаа болон Ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан барилгажилт

• Одоо байгаа болон Ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан задгай талбай

• Одоо байгаа зэргэлдээх барилгуудын нас

• Авто болон явган зорчих хөдөлгөөн үүсгэгч барилга байгууламжууд

• Одоо байгаа болон Ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан авто замын хөдөлгөөн, замын ангилал, автобусны хөдөлгөөн, автобусны зогсоол

• Биет болон задгай орон зайн хамаарал

• Одоо байгаа гудамж замын гэрэлтүүлэг

• Одоо байгаа зэргэлдээх архитектурын хэв шинж

• Барилга баригдах талбайд онцгой анхаарах зүйлс

• Ирээдүйд авч үлдэх шаардлагатай нөхцөл байдал эсвэл харагдац

• Нарны гэрэлтүүлэг болон сүүдэрлэлт (улирал тус бүрээр)

Талбайн хэмжээ, бүсчлэл

• Барилга барих талбайн урьдчилсан тойм хэмжээ

• Ерөнхий төлөвлөгөөний зураг төсөлд тусгагдсан барилгын өндрийн хязгаар

• Барилгын ашигтай талбайгаас хамаарсан задгай авто зогсоолын хэмжээ

• Нэмэлт үйл ажиллагаа төлөвлөснөөс үүдэлтэй Ерөнхий төлөвлөгөөний бүсчлэлд зөрчигдөх нөхцөлүүд Байгалийн болон биет эд зүйлс

• Талбайн өндөржилт

• Барилга баригдах талбайн хамгийн өндөр цэг, хамгийн нам дор цэг

• Барилга баригдах талбайн газрын гадаргын налуу, налуу хэсэг

• Барилга баригдах талбайн тэгш хэсэг

• Борооны ус урсах чиглэл (хаялбарт перпендикуляр чиглэлд)

• Цаашид авч үлдэх боломжтой байгалийн тогтоц

• Хөрсний тогтоц (шороон, хайрган, хадархаг гм.)

Хөдөлгөөн

• Авто болон явган зорчих хөдөлгөөн (тухайн талбайгаар нэвт болон талбайн ойр орчмоор нэвтэрч өнгөрөх тээврийн хэрэгслийн тоо, явган зорчигчийн тоо)

• Барилга баригдах талбай руу хүрч очих боломжтой авто хөдөлгөөний чиглэл

• Барилга баригдах талбай руу хүрч очих боломжтой явган хөдөлгөөний чиглэл

• Тухайн байршлаас хот, суурины бусад бүсүүд хүртэл авто болон явган зорчих хугацаа

Инженерийн шугам сүлжээ

• Инженерийн төвлөрсөн шугам сүлжээний хангамж, төрлүүд

• Инженерийн төвлөрсөн шугам сүлжээний шугамуудын байршил

Харагдац, дуу чимээ, утаа

• Зэргэлдээх гудамжнуудаас харагдах харагдац

• Барилга баригдах талбайн хамгийн зохимжтой харагдах өнцөг

• Барилга баригдах талбайн хамгийн зохимжгүй харагдах өнцөг

• Ерөнхий төлөвлөгөөний зураг төсөлд тусгагдсанаар харагдах боломжгүй харагдцууд

• Барилга баригдах талбайгаар нэвт харагдах онцлог элементүүд

• Дуу чимээ үүсгэгч эх үүсвэрүүд (өдөр болон шөнийн урт хугацааны туршид)

• Тоос, утаа үүсгэгч элементүүд (урт хугацааны туршид)

Иргэд, соёл

• Зэргэлдээх орчинд амьдарч, ажиллаж байгаа хүн амын насны бүлэг, хүн амын нягтшил, өрхийн тоо, угсаа, ажил эрхлэлтийн байдал, онцгойлсон амралт зугаалгын үйл ажиллагаанууд

• Орчны сөрөг нөлөө, гэмт хэрэг гм.

• Түүх дурсгалын онцлог нөхцөл

Цаг уур

• Сар бүрийн агаарын дундаж хэм

• Сар бүрийн агаарын чийгшил

• Цасны хэмжээ, хунгар тогтох боломжтой газар

• Салхины зонхилох чиглэл, хурд (улирал тус бүрээр)

• Нарны тусгал

• Нар мандах, жаргах цаг (өвөл болон зун)

• Газар хөдлөлтийн бүс, газар хөдлөлтийн зэрэглэ

Эх сурвалж: Ногоон барилгын төлөвлөлт ном

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: