Эрчим хүчний хэмнэлттэй цонхны чанар стандартыг хэрхэн таних вэ?

  • 2022-09-23 16:10:41

       Эрчим хүчний хэмнэлттэй цонх, шилэн хийц үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооны Ерөнхийлөгч, Ачит Үйлс ХХК-ийн зөвлөх, МУ-ын Зөвлөх инженер, Барилгын эрчим хүчний аудитор Л.Гантөмөрийн зөвлөгөөг хүргэж байна. 

Барилгын хашлагат бүтээц дотроосоо цонх нь хувьсах үзүүлэлттэй байдаг. Хувьсах үзүүлэлт гэдэг нь хананд эзлэх цонхны хэмжээнээсээ шалтгаалаад үзүүлэлт нь ямар байх вэ гэдгийг нь заачихсан. Харин хана, дээвэр бол барилга нь том, өндөр байхаас үл хамааран нэг л үзүүлэлттэй. Харин орон сууцны барилгад хананд эзлэх цонхны хэмжээ 18 хувиас хэтрэхгүй байх нөхцөлд 0.65 метр квадрат градус байна гээд хэмжээ, үзүүлэлтийг нь заагаад өгчихсөн. Харин үүнээс их байх нөхцөлд ерөнхий үзүүлэлтээ хангаж, дулаан нь 0.65-аас их байна. Энэ үзүүлэлт бол ханатай харьцуулахад тав дахин, дээврийн хучилтаас 8-9 дахин бага үзүүлэлт юм. Тэгэхээр бол зөвшөөрөгдсөн дулаан алдагдалтай ажиллах бүтээц болчихоод байгаа юм. Үүнээс бага байх юм бол болохгүй. Болохгүй гэдэг нь хэт дулаан алдагдалтай болж, тухайн барилгад ажил- лаж, амьдрах хэрэглэгчиддээ сөрөг үр дагавартай гэсэн тооцооллоор гаргаж ирсэн.

Сүүлийн үед бид ногоон барилга, эрчим хүчний хэмнэлттэй хийц, бүтээц гээд ярьдаг болсон. Энэ бүхэн чинь дулааны алдагдалгүй, тэр тусмаа эрчим хүчний хэмнэлттэй гэхээр барилгын норм дүрмээр тавьж байгаа шаардлагыг дор хаяж 20 хувиар хангасан хийц, бүтээцийг хэлнэ. Өнөөдөр хийж бүтээц бүрийг дулааны алдагдалгүй гэж бодож, төлөвлөж байгаа. Гэтэл цонх нь дулааны алдагдалтай байгаад байна. Энэ талаар судалгааны ажил их бага хийсэн. Германы материалаар гурван давхар шилтэй цонх хийчихээр л хамгийн дээд чанартай гэж хүмүүс маань ойлгодог. Цонхны талбайн хэмжээгээр нь авч үзэхэд дундаж цонхны 80-90 хувийг шиллэгээ эзэлчихэж байгаа юм.

Тэгэхээр шиллэгээний дулаан техникийн үзүүлэлт цонхны дулаан техникийн гол үзүүлэлт болчихдог. Зах зээл дөнгөж эхэлж байхад бид чинь хүрээ нь өргөн л байвал цонх дулаан байна гэж ойлгодог байсан. Түүн шиг гурван давхар шил гэдэг бол зүгээр тоймлосон яриа л даа. Харин гурван давхар шилтэй цонхны үзүүлэлт гэхэд хамгийн бага цонхонд тавьсан шаардлага үзүүлэлтийн 70 хувийг хангасан үзүүлэлттэй цонхны шилэн багцыг ярьж байна. Гэтэл өнөөдөр цонхны хэмжээ томорчихсон. Хананд эзлэх талбайн хэмжээ нь юун 18 хувь, доод тал нь 30, 50 хувьд хүрсэн. Сүүлдээ бүхэл бүтэн шилэн багцаар барилгыг бүрж байна. Тэгэхээр энэ үзүүлэлтийг хангахын тулд шилэн багцынхаа үзүүлэлтээр хангана. Дэлхий дээр дулаан техник үзүүлэлтийг нэмэгдүүлдэг шинэ бүтээгдэхүүнүүд нэвтэрсэн. Харин бид ердийн шилний талаарх ойлголтоос цааш хэтрэхгүй байна. Тэрийгээ хоёр давхар, гурван давхар гэж яриад байгаа юм.

Ер нь шилэн багцны үзүүлэлтээр дулаан техникийн үзүүлэлтийг нэмэгдүүлдэг гурван арга бий. Нэгдүгээрт, шилэн багцандаа эрчим хүчний хэмнэлттэй түрхэцтэй шил хэрэглэх. Энэ нь хөгжөөд бүр нэг, хоёр, гурван үе түрхлэгтэй болсон. манайд одоогоор нэг түрхэлттэй нь орж ирсэн, хэрэглэгдээд явж байна. Нөгөөх нь, шил хоорондын зайнд агаар биш хүнд хий дүүргэж, шил хоорондын хөдөлгөөнийг сааруулдаг. Аргон гэх мэтийн хийг хэрэглэдэг. Гуравдугаарт, шил хоорондын зайнд зай баригч буюу гуурс ч гэдэг зүйлийг ашигладаг. Голдуу хөнгөн цагаан гуурс ашигладаг байсан ч дараагийн үе нь хуванцар гуурс гарч ирсэн. Мөн уян буюу супер гуурс гэж гарч ирсэн. Энэ бүхэн рүү бид бүхэн явах хэрэгтэй. Ямар их шийдэл байгааг эдгээрээс харж болно.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: