Барилгын дулаан алдагдал ба дулааны стандарт шаардлага гэж юу вэ?

  • 2022-11-14 10:46:32

Барилгын дулааны алдагдал нь хаших хийцийн дулаан шилжүүлэлт буюу дамжуулалтаар алдах алдагдал, агаар нэвтрэлт, агаар сэлгэлтийн буюу конвекцийн алдагдал гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрддэг. Барилгын гадна хана, дээвэр, цонх, хаалга зэрэг хашлага хийцээр буюу цуллаг хэсгээр дулааны зонхилох хэсэг алдагдах бөгөөд үүнийг шилжүүлэлтийн алдагдал гэдэг.

Тухайн барилгын байршил, хийц, гадаргуун талбайн хэмжээ, геометрийн хэлбэр зэрэг нь дулаан алдагдалд ихээр нөлөөлнө. Барилгын дотор болон гадна агаарын температурын зөрүү нь дулааны солилцоо явагдах үндсэн шалтгаан болдог ба энэ зөрүү болон барилгын хашлага хийцийн дулаан шилжүүлэх үзүүлэлт их байх тусам дулааны алдагдал тэр хэмжээгээр их байна. Энэ үзүүлэлт нь тухайн материалын дулаан дамжуулалтын илтгэлцүүр λ[Вт/м0С]-ээр тодорхойлогдоно. Агаар нэвтрүүлэлтийн алдагдал нь барилгын цонх, хаалганы завсар зай, хашлага хийцэд үүссэн ан цав, нүх сүвээр болон салхижуулалт хийх үеэр гардаг. Салхижуулалт хийх үед өрөөний доторх дулаан агаар хүйтэн гадна агаараар солигдон дулааны алдагдалд хүргэдэг.

Хана: Барилгын дулааны алдагдлын ихэнх хувийг /35%/ гадна орчинтой хамгийн их харьцдаг учраас "хана" эзэлдэг байна. Ерөнхийдөө дулааны алдагдалд 2 хүчин зүйл нөлөөлдөг. Үүнд: 1) Гадна орчин болон дотор температурын зөрүү энэ зөрүү их байх тусам дулааны алдагдал их байдаг.

2) Дулаан тусгаарлалтын чанар буюу дулаалгын материалын дулаан дамжуулах коэффицентээс шалтгаална / Коэффицент гэдэг нь тодорхой хэмжээний агаарын температурын бууралтын үед 1м2 ханаар хичнээн хэмжээний дулаан дамжих вэ гэдгийг харуулдаг үзүүлэлт юм/
Мөн гүйцэтгэлийн алдаа буюу хананы өрлөг, цутгалтыг хангалтгүй, дутуу хийх, нүх сүв, зай завсар гарах, залгаасаар шавар дутуу хийх зэргээс болж хүйтэн агаарын урсгал дотогш орж цан, хөгц, мөөгөнцөр үүсэх, дулаан алдагдах нөхцөл бүрэлддэг байна. Иймээс анхнаас нь ийм "дефекттэй" хэсгийг илрүүлж засах, зай завсрыг чигжээс хийх замаар битүүлэх, нэмэлт дулаалга хийвэл дулааны алдагдлыг бууруулах боломжтой юм.
Дээвэр: Халсан агаар дээш хөөрдөг учраас дээврээр дулаан алдах нь зайлшгүй асуудал юм. Барилгын бусад хийц, хэсэгтэй харьцуулахад дээвэр нь нэг талаас цаг агаарын, нөгөө талаас дотор агаарын нөлөөлөлд хамгийн их өртдөг хийц тул түүнд тавигдах шаардлагуудыг мэдэж, анхнаас нь хийц төлөвлөлтийг зөв сонгох нь чухал. Дээврийн дулаан тусгаарлагч нь хир муу байна дулааны алдагдал тэр хэмжээгээрээ мэдэгдэхүйц байдаг. Дотор талын дулаан агаар дээврийн хүйтэн гадаргууд хүрсэнээр конденсаци үүсч ингэснээр үүссэн ус чийг нь дээврийн бүтээцийг гэмтээдэг байна. Тиймээс адрын хөндий  дээврийн өрөөний агаарын хэмийн дулаан, таатай нөхцлийг бүрдүүлэхэд дулаалга чухал үүрэг гүйцэтгэдэг. Өвлийн цагт зарим барилга, байшингийн дээврийн хормой хэсгээр мөсөн унжлага тогтсон байдагдаа. Учир нь дээврийн дулаалга хангалттай хийгдээгүйгээс болж доторхи дулаан агаар дээш хөөрч дээврийн цасыг хайлуулахад тодорхой хэмжээгээр нөлөөлдөг байна.
Цонх ба хаалга: Тэвнийн чинээ нүхээр тэмээн чинээ жавар ордог гэж үг байдаг . Цонх болон хаалгыг суулгах үед битүүмжлэл сайн хийгээгүйгээс болж дулаан ихээр алдагддаг байна. Мөн хаалганы хүрээ модыг муу суулгаснаас болж ганхаж хөдлөх, гажилт өгснөөс болж жийргэвч, резин хийгээгүй зэргээр угсралтын горимыг алдагдуулах нь нөлөөлдөг. Хаалга, цонх нь ямар ч саадгүй хаагдаж, нээгддэг байх ёстой. Түүнээс гадна антен, утас оруулах нүх гаргах, нямбай бус харьцах зэрэг бидний өөрсдийн буруу ашиглалтаас шалтгаалж дулаан алдагдах нөхцөл бүрэлддэг байна.
Суурь буюу фундамент: Ашиглалтын явцад байр, сууцны суурь хөлдөх магадлалтай байдаг бөгөөд энэ нь нийт бүтээцийн дулаан алдагдлын үндэс болдог тул суурийг гаднаас нь дулаалах нь зүйтэй юм. Иймээс суурийн дулаалгын асуудлыг зөв шийдэж чадвал яг "Дулааны аккумлятор" л гэсэн үг. Подволь буюу цоклийн дулааныг хадгалах суурь хийхдээ хөрстэй харьцаж байгаа хэсгүүдийн дулаалгыг маш сайн хийж өгснөөр тухайн байшингийн дотор агаарын хэмийн таатай нөхцөлийг хангана. Ингэснээр хананд конденсаци үүсч, хөгц мөөгөнцөр үүсэхээс хамгаалдаг.


Барилгын дулааны алдагдал нь хаших хийцийн дулаан шилжүүлэлт буюу дамжуулалтаар алдах алдагдал, агаар нэвтрэлт, агаар сэлгэлтийн буюу конвекцийн алдагдал гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрддэг. Барилгын гадна хана, дээвэр, цонх, хаалга зэрэг хашлага хийцээр буюу цуллаг хэсгээр дулааны зонхилох хэсэг алдагдах бөгөөд үүнийг шилжүүлэлтийн алдагдал гэдэг. Тухайн барилгын байршил, хийц, гадаргуун талбайн хэмжээ, геометрийн хэлбэр зэрэг нь дулаан алдагдалд ихээр нөлөөлнө. Барилгын дотор болон гадна агаарын температурын зөрүү нь дулааны солилцоо явагдах үндсэн шалтгаан болдог ба энэ зөрүү болон барилгын хашлага хийцийн дулаан шилжүүлэх үзүүлэлт их байх тусам дулааны алдагдал тэр хэмжээгээр их байна. Энэ үзүүлэлт нь тухайн материалын дулаан дамжуулалтын илтгэлцүүр λ[Вт/м0С]-ээр тодорхойлогдоно. Агаар нэвтрүүлэлтийн алдагдал нь барилгын цонх, хаалганы завсар зай, хашлага хийцэд үүссэн ан цав, нүх сүвээр болон салхижуулалт хийх үеэр гардаг. Салхижуулалт хийх үед өрөөний доторх дулаан агаар хүйтэн гадна агаараар солигдон дулааны алдагдалд хүргэдэг.

Барилгын завсар зай, ан цаваар гадагшаа алдагдаж буй дулаан нь ихэнх тохиолдолд хаших хийцийн дулаан дамжуулалтын алдагдлаас их байдаг. Тиймээс барилгын битүүмжлэлд онцгой анхаарах хэрэгтэй. Үүнд, юуны түрүүн цонх, хаалгыг сайн битүүмжлэх нь чухал. Энэ хоёр төрлийн алдагдлыг бууруулах нь олон талын ашигтай бөгөөд ингэснээр дулааны алдагдлаас болж гардаг барилгын гэмтлээс (хөлрөлт, цанталтаас үүсэх гэмтэл г.м) урьдчилан сэргийлэх боломжтой. Жишээ нь өвлийн улиралд дулаалга сайн хийсэн барилгын ханын дотор гадаргуугийн температур нэмэгддэг ба энэ нь хөлрөлт үүсэх, норох, улмаар мөөгөнцөр ургах аюулыг багасгадаг сайн талтай.

Аль ч орны барилгын норм стандартад хаших бүтээцийн дулаан дамжуулалтыг хязгаарласан заалт байдаг. Сэрүүн бүсийн орнуудад дулаан дамжуулалтын үзүүлэлт нь маш бага байх бөгөөд дулаан тусгаарлалтын материалыг хаших бүтээцэд ашиглах замаар дээрх заалтыг хэрэгжүүлдэг. Манай орны хувьд дулаан дамжуулалтыг хаших хийц тус бүрээр дулаан дамжуулалтын эсэргүүцэл R буюу дулаан шилжүүлэлтийн илтгэлцүүрийн шаардлагатай хэмжээг тодорхойлох аргачлалыг “БНбД 23-02-09 Барилгын дулаан хамгаалалт” нормд зааж өгсөн байдаг. Энэ эсэргүүцлийн доод хэмжээг шаардлагат эсэргүүцлийн болон хөрвүүлсэн эсэргүүцлийн аргаар тодорхойлдог. Эсэргүүцлийн утга нь бүс нутаг бүрд халаалтын улирал үргэлжлэх хугацаанаас хамааран ялгаатай бөгөөд шаардлагатай эсэргүүцлийн урвуу хэмжигдэхүүнийг дулаан шилжүүлэлтийн илтгэлцүүр гэнэ. Энэ илтгэлцүүрийг манай орон, ОХУ, баруун европын орнуудад К үсгээр, Их британи, Америк, Канадад U үсгээр тэмдэглэнэ. R илтгэлцүүр их байх тусам дулаан тусгаарлах чадвар өндөр байна.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: