Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны 2023 оны чиг хандлага

  • 2023-02-27 15:04:32

Монголын амины орон сууцны инновац хөгжлийн төв: Сүүлийн жилүүдэд барилгын салбарт тэр дундаа амины орон сууцны бүтээн байгуулалтанд ногоон эко, эрчим хүчний хэмнэлттэй байх зэрэг шалгуур үзүүлэлтүүд тавигддаг болсон. Иргэд төсөл хэрэгжүүлэгчдийн зүгээс ч хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрөө зураг төслийн шатнаас нь төлөвлөхдөө барилгын эрчим хүчний гэрчилгээжүүлэлт, дулаан алдагдал багатай, ашиглалтын зардлыг бууруулсан байгаль экологид ээлтэй байх технологийн шийдлүүдийг ашигладаг болсон.

Эрчим хүчний хэмнэлт ярихаасаа илүүтэйгээр эрчим хүчийг яагаад хэмнэх шаардлагатай байгааг таниулах нь хамгийн чухал. Дэлхийн дулаарал уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор дэлхийн дундаж температур 1880 оноос хойш дунджаар 1.2 температураар нэмэгдсэн нь мөстлөгийн үеэс хойших хамгийн өндөр хэм юм. Парисын хэлэлцээрээр 192 улс дэлхийн дулаарлыг 1.5 градуст барих амлалт өгсөн. Харамсалтай нь, бидний дэлхий хэдийнээ 2.7 градус нэмэгдсэн байна. Энэ хэмжээний дулаарал нь олон орны хувьд гаймшгийн дохио юм. Иймд хүлэмжийн хийг хамгийн ихээр ялгаруулагч Монгол улсын барилгын салбар олон улсын дүрмээр бүтээн байгуулалтаа ногооруулах цаг болсон. 

Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцыг хөгжүүлэх шаардлагатай: Өнөө үед барилгын салбар гэлтгүй бүхий л салбарт инновацийн тодотголыг ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТТЭЙ гэдгээр тодорхойлдог болжээ. Эрчим хүчний хэмнэлттэй ХҮЛЭМЖИЙН ХИЙГ бууруулсан ногоон амины орон сууцыг хөгжүүлэхийн тулд төр хувийн хэвшил, салбарын мэргэжлийн холбоод нягт хамтарч ажиллах шаардлагатай. Олон улсад эрчим хүчний хэмнэлттэй бие даасан ногоон амины сууцнууд хөгжсөөр байгаа нь төр засгийн бодитой дэмжлэг, урт хугацааны бага хувийн хүүтэй ногоон зээлийн урамшууллын системүүд хөгжсөн байдаг. Монголын амины орон сууцны инновац хөгжлийн төв Монголд анх удаа салбарын мэргэжлийн төрийн бус байгууллагууд, ШУТИС-ийн Барилга архитектурын сургуультай хамтран эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны гэрчилгээ, батламжтай мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулж, барилгын салбарт ногоон амины сууц барьдаг компаниудыг бүртгэлжүүлж байгаа нь Монгол улсад хүлэмжийн хийг бууруулахад бодитой хувь нэмэр оруулж байгаа юм.

Эрчим хүчний хэмнэлттэй ногоон барилга гэдэг нь хүний эрүүл мэнд хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй барилгын материал ашигласан, дулаан алдагдал хамгийн бага байх хийцтэй, сэргээгдэх эрчим хүчний шийдэлтэй, хур тунадас болон саарал   усыг ашиглах зэрэг цогц ойлголтыг хэлнэ.

 

Монголын амины орон сууцны инновац хөгжлийн төвийн зөвлөх, Эрчим хүчний олон улсын аудитор С. Түвшинхүү:  Эрчим хүчний хэмнэлттэй барилгын эдийн засгийн шалгуур үзүүлэлтийг хүснэгтээр харуулав. Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцыг шаардлагын дагуу зөв төлөвлөснөөр эрчим хүчийг хэмнэж, ашиглалтын зардалыг бууруулна. Ердийн барилгатай харьцуулахад өрхийн хэрэглээндээ цахилгаан болон бусад эрчим хүч бага зарцуулдаг, халаалтад шаардагдах дулааны хэмжээ 70кВт.цаг/м2  жилээс бага байдаг. “Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны мэргэшүүлэх сургалтын” хэсгээс хүргэж байна. 

Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны дулаалгын материалын хашлага бүтээц болон дулаан тусгаарлалтыг схемээр үзүүлэв.

Барилгын дулааны алдагдал нь хаших хийцийн дулаан шилжүүлэлт буюу дамжуулалтаар алдах алдагдал, агаар нэвтрэлт, агаар сэлгэлтийн буюу конвекцийн алдагдал гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрддэг. Барилгын гадна хана, дээвэр, цонх, хаалга зэрэг хашлага хийцээр буюу цуллаг хэсгээр дулааны зонхилох хэсэг алдагдах бөгөөд үүнийг шилжүүлэлтийн алдагдал гэдэг. Барилгын аливаа хашлага бүтээцийн дулаан тусгаарлах шинж чанарыг илтгэх утгыг дулаан нэвтрүүлэлтийн илгэлцүүр гэх ба U- (хуучин к ) үсгээр тэмдэглэнэ. U - хэдий их байна: тухайн хашлага бүтээц дулаан их дамжуулж байна гэсэн үг Хэмжих нэгж: Вт/(м2* К) Аливаа хашлага бүтээцэд төрөл бүрийн дулаан дамжуулах шинж чанар бүхий материалууд дурын зузаантайгаар зэрэгцээ, дараалсан буюу холимтог хэлбэрийн байрлалд хэрэглэгддэг. Иймд барилгын хашлага бүтээцийн дулаан тусгаарлалтыг стандартын дагуу хийх шаардлагатай. Тэгж байж эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц болно.

 

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: