Амины орон сууцны аюулгүй байдал цахилгааны төлөвлөлтөөс хамааралтай

  • 2022-06-20 16:22:16

Монголын Амины орон сууцны инновац хөгжлийн төвийн зөвлөх, Микросүлжээ Сервис ХХК-ын Захирал Д. Ганхуягийг танилцуулж байна.

БОЛОВСРОЛ: 1979-1984 ЗХУ-ЫН УЛЬЯНОВЕК –ХОТЫН ЦЭРГИЙН ХОЛБООНЫ ДЭЭД СУРГУУЛИЙГ РАДИО ХОЛБООНЫ ИНЖЕНЕР МЭРГЭЖИЛ ЭЗЭМШСЭН.
1990 ОНД ИТАЛИЙН ИМОЛА ХОТОД “АВТОМАТ ХААЛГАНЫ АШИГЛАЛТЫН” ЧИГЛЭЛЭЭР МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛСЭН.
1991 ОНД ШВЕЙЦАР УЛСАД “ ГАЛ ХУЛГАЙН ДОХИОЛЛЫН СИСТЕМИЙН УГСРАЛТ ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ” МЭРГЭЖИЛЭЭР МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛСЭН.
ШВЕЙЦАР УЛСЫН БАЗЕЛ ХОТОД “БАРИЛГЫН АВТОМАТ УДИРДЛАГЫН НЭГДСЭН СИСТЕМ МЭРГЭЖИЛЭЭР МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛСЭН.

Зуслангийн бүс, гэр хороололд амины орон сууцны цахилгаанаас үүдэлтэй гал түймрийн осол аваар ихээр гардаг. Иргэдийн зүгээс байшингийхаа цахилгааны монтажны ачаалал, хүчин чадлын тооцоололгүй, чанаргүй цахилгааны материал ашиглах, технологийн дагуу хамгаалалт хийгдээгүйгээс болж, байшингийн модон материал галд өртөж, иргэд үнэ цэнэтэй эд хөрөнгөөрөө хохирдог.
Мөн шинээр амины орон сууц барьж буй иргэд галын дохиоллын хамгаалалтын системээ тогтмол ажиллуулдаггүй орхидог, гал гарсны дараа дохиоллын систем мэдээлэхгүй, хугацаа алдаж, шатсаных нь дараа л арга хэмжээ авдаг.
Гадны улс орнуудад хувь айлууд, албан байгууллагууд бүгд нэгдсэн галын дохиоллын сүлжээтэй, тэрийг нь хянадаг хяналтын газар 24 цагт ажиллаж байдаг. Урьдчилж галын эрсдэлээс хамгаалах үйлчилгээ бүрэн дүүрэн хөгжсөн байдаг.

 

Манайд болохоор зуслангийн бүсэд хулгайн дохиолол тал дээр түлхүү анхаардаг. Галын дохиолол, хамгаалалт нь орхигддог. Ууг нь хамгийн чухал нь галын дохиоллын системээ орхигдуулж болохгүй юм. Сүүлийн жилүүдэд ухаалаг утаснаасаа гэрийнхээ цахилгаан хэрэгслүүдийг хянадаг дэвшилтэт технологиуд олноор гарч байна. Иргэд гар утаснаасаа галын дохиолол эд хөрөнгөө хянадаг хяналтын тогтолцоог өөрсдөө бас хэрэглэж занших хэрэгтэй.

 

Мөн шинээр байшин бариулж байгаа иргэд нэн ялангуяа цахилгааны холболтын ажлаа мэргэжлийн хүмүүсээр батлагдсан зураг төслийн дагуу хийлгэх хэрэгтэй. Амины орон сууцны зураг төсөл дээр цахилгааны хүчин чадлыг тооцоолсон төлөвлөлт зэргийг нь нарийн тооцоолдог. Иймд мэргэжлийн байгууллагаар зураг төсөл, гүйцэтгэлээ хийлгэх нь чухал. Ялангуяа цахилгааны материал дээр онцгой анхаарах хэрэгтэй. Мөн тогны хүчин чадалдаа тохирсон халаалтын систем сонгох, тухайн байршлынхаа цахилгааны хүчин чадлыг тогтоох нь чухал.

Баригдаад олон жил болж байгаа амины сууцнуудын техникийн засвар үйлчилгээ нь хаягдсан байдаг. Барилгын аливаа материал чанарын баталгааны хугацаатай байдаг тул элэгдэл хорогдлыг тооцоолж бодох хэрэгтэй. Ядаж жилдээ нэг удаа хаврын улиралд цахилгаандаа үзлэг оношилгоо хийчих хэрэгтэй. Асуудал гарч байж мэдэх биш, иргэд өөрсдөө тогтмол байнгийн хяналттай байх нь таны эд хөрөнгийг учирч болох эрсдэлээс хамгаална. Амины орон сууцны инновац хөгжлийн төвөөс санаачилж байгаа Хаус-Оношилгоо сервис үйлчилгээг бид нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Орон сууцанд амьдарч байгаа иргэдэд бол контор сөх нь ашиглалтын засвар үйлчилгээг хариуцаж, аливаа эрсдэлээс хамгаалж байдаг бол амины орон сууцны томоохон хаус хотхон, хувийн сууцнуудад засвар үйлчилгээ , эрсдэлээс хамгаалах үйлчилгээ нь хаягдаад удаж байна. Олон улсад бол энэ төрлийн сервис үйлчилгээ бүрэн утгаараа хэрэгждэг.

Хаус ч гэсэн хүн шиг жилдээ дор хаяж нэг удаа оношилгоонд ордог, 3-5 жилдээ сэргээн засварлах үйлчилгээ хийгдэж, амины орон сууцаа орчин үеийн хэв маягаар сайжруулж, шинэ мэт болгож, үл хөдлөх хөрөнгийхөө үнэ цэнийг улам нэмэгдүүлж, арчилж тордож сайжруулсаар байдаг. Иймд насан туршийн үл хөдлөхийхөө боол нь биш эзэн нь байж хайрлаж хамгаалж байх хэрэгтэй.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Үнэлгээ: